Монголбанкны Валют эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайхантай гадаад эдийн засгийн орчин, ханшийн талаар ярилцлаа.
-2013 он гарсаар төгрөгийн ханш сулрах хандлагатай байна. Өнөөдрийн /өчигдрийн/ 15.00 цагийн байдлаар "Найман шарга" валютын бэлэн захад нэгж ам.долларыг 1511 төгрөгөөр авч, 1515 төгрөгөөр зарж байна. Төгрөгийн ханш сулрахад юу нөлөөлж байна вэ?
-Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 1495.70 төгрөг буюу оны эхнээс 6.9 хувиар сулраад байна. Үүнд нэг талаас манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ унаж, БНХАУ-ын дотоод эрэлт буурснаас шалтгаалан экспортын орлого өмнөх оны мөн үеэс 10 хувиар буурсан, нөгөө талаас дэлхийн хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал нөлөөлсөн.
Манай улсын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт 30 гаруй хувиар буурсан нь ч нөлөөлсөн. Энэ нөхцөл байдал өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэсэн хэдий ч Монголбанкнаас зохих бодлогын арга хэмжээг ээлж, дараатайгаар авсны үр дүнд ханшийн огцом хэлбэлзэл үүсээгүй.
Харин сүүлийн хэд хоногийн ханшийн сулралт нь Хадгаламж банкийг Төрийн банктай нэгтгэж байгаа үйл явц валютын захын оролцогчдын хүлээлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөнтэй холбоотой. Гэхдээ Монголбанкнаас цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн учраас энэ үйл явц нь цаашид валютын захын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүй.
-Монголбанкнаас валютын ханшийг тогтвортой байлгах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ? Цаашид валютын зах дээрх ханшийн хэлбэлзэл нэмэгдсэн тохиолдолд Монголбанкнаас зохицуулалт хийх үү?
-Валютын захын нөхцөл байдлыг Монголбанк бүрэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд ханшийн огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зорилгоор валютын дуудлага худалдаа зохион байгуулж, дотоодын захад байнга оролцож байна. Ялангуяа жилийн эхний хагаст валютын эрэлт нь нийлүүлэлтээсээ давамгайлах байдал ажиглагддаг. Тухайн нөхцөл байдал бүрт Монголбанкнаас захад валют нийлүүлж ханшийн огцом хэлбэлзэл үүсгэхээс сэргийлж ажилладаг. Түүнчлэн Монголбанкнаас Төв банкны болон Засгийн газрын үнэт цаасны арилжааг тогтмол хийж төгрөгийн нийлүүлэлтийг зохицуулж байна. Цаашид ч Монголбанк шаардлагатай тохиолдолд эдгээр арга хэрэгслүүдээр дамжуулан захад оролцох учраас ханшийн огцом хэлбэлзэл үүсэхгүй.
-Ам.долларын ханш цаашид чангарах уу, сулрах уу? 2013 оны сүүлийн хагаст ханшийн чиг хандлагыг хэрхэн харж байна вэ?
-Дээр хэлсэнчлэн, валютын ханш нь макро эдийн засгийн нөхцөл байдал тухайлбал, манай улсын гадаад худалдааны нөхцөл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад зээл зэрэг гадаад нөхцөл байдлаас гадна Засгийн газрын бүтээн байгуулалт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, иргэдийн хэрэглээ, хуримтлал зэрэг валютын захын эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлогч олон хүчин зүйлсээс хамаардаг. Оны сүүлийн хагасыг харахад нэгдүгээр улиралд долоон хувь хүртэл саараад байсан эдийн засгийн өсөлт хоёрдугаар улирлаас эрчимжиж 12 хувьд хүрсэн, энэ өсөлт оны сүүлийн хагаст үргэлжилж, эдийн засгийн дотоод нөхцөл байдлаас шалтгаалан буураад байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх бөгөөд Оюутолгой төслийн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт хийгдэх хүлээлттэй байна. Түүнчлэн энэ сараас Оюутолгойн экспорт эхэлсэн, Монгол Улсын нүүрсний экспорт сэргэх хандлагатай байгаа, 1200 ам.доллар хүртэл унаад байсан алтны дэлхийн зах зээлийн үнэ буцаад өсч 1300 ам.долларыг давсан зэрэг олон эерэг үзүүлэлтүүд эдийн засагт ажиглагдаж байна. Энэ бүгдээс дүгнэхэд цаашид гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалсан ханшийн сулрах дарамт буурахаар байна.