Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АЖ БАЙДАЛ

Монголын банкны зах зээл өнөөдөр ямар байгааг уншигч танд товч танилцуулъя. Тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байсан 14 банкны нэг нь энэ долоо хоногийн эхээр Төрийн банктай нэгдлээ. Өнөөдөр Монголбанкны удирдаж буй санхүүгийн зах зээлд 13 арилжааны банк өөр өөрийн хүрээлэлд үйл ажиллагаагаа эрхэлж байна. Түүнчлэн 195 банк бус санхүүгийн байгууллага, 162 хадгаламж зээлийн хоршоо, 17 даатгалын компани дээрх зах зээлийн зах зухаас хуваалцдаг. Гэвч санхүүгийн тогтолцоонд банк илүү гэдгээ харуулж 78 хувийг арилжааны банкинд эргэлдэж буй их наядаар тоологдох хөрөнгө эзэлж байна. Эдийн засгийн чөлөөт зах зээлд орж ирсэнээс хойш монголчууд долоон ч банкны үүдийг хааж, нэрийг хуулжээ. Тухайлбал, ХОТШ /Хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн/ банк, Ард, Анод, Монгол шуудан, Зоос, Тээвэр хөгжлийн банк. Хамгийн сүүлд Хадгаламж банк өөрийн хөрөнгөний хүрэлцээгүйн улмаас Төрийн банктай нэгдэв. Тэгвэл үлдсэн 13 банкны эрүүл мэнд ямар байгааг элдэв нэмэлт, тайлбаргүйгээр хүргэе. Дүгнэх эрх уншигч танд бий.

ХААН /Хөдөө аж ахуйн/ банк

Товчхон:
1990-ээд онд Монголд үлэмж хэмжээний чанаргүй зээл хуримтлагджээ. Үүнийг төлүүлэх, зээлийн өрөнд хураасан үндсэн хөрөнгөө борлуулах, үйл ажиллагааны зардал хэмнэх төдийд ажиллаж байсан Монголын хөдөө аж ахуйн банкыг 2000 оны наймдугаар сарын 11-нд хувьчилсан. АНУ-ын иргэн Ж.Питер Морроу тус банкыг Засгийн газар, Монголбанк, Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн банкны агентлаг хоорондын гэрээний дагуу хүлээн авсан түүхтэй.
Салбар: Монгол орны аймаг, сум бүрт нийт 512 салбартай. Харин 260 АТМ /Автомат теллер машин/-аар үйлчилж байна.
Ажилтан: 4321 ажилтны дотор 400 орчим нь төв банкинд ажилладаг.
Харилцагчийн тоо: 2 569 574 харилцагчтай хэмээн сүүлийн тайландаа дурджээ.
Нийт актив: Өнгөрсөн онд тус банк 2 796 470 346 000 /2,7 их наяд/ төгрөгийн активтай жилээ хаажээ. Харин 2013 оны эхний улирлын дүнгээр актив нь 3.03 их наяд хүрч өслөө.
Өөрийн хөрөнгө: Дээрх актив дунд өөрийн хөрөнгийн хэмжээ нь 355 579 149 000 /355.5 тэрбум/ төгрөгт байгаа юм.
Зарим орлого: ХААН банк 2012 онд хүүгийн төлбөрөөс 149.9 тэрбум төгрөгийн цэвэр орлого хуримтлуулжээ. Харин хураамж, шимтгэлээс 16 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол үйл ажиллагааны орлогоо 183.5 тэрбум төгрөг хэмээн тооцсон байна.

ХАС /Хөгжлийн алтан сан/ банк

Товчхон: Хөгжлийн алтан сан буюу ХАС компанийн үндэс суурь 1998 оноос эхлэлтэй. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байсан “Микро Старт” төслийн нөлөөгөөр ХАС компани үүссэн. Удалгүй зургаан ТББ нэгдэж Монголын анхны Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ байгуулжээ. Анхны ББСБ 2001 онд “Говийн эхлэл” ББСБ-тай нэгдэж ХАС банк болсон аж. Тус банкны онцлог нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангах замаар нэмүү өртөг үүсгэж, баялаг бүтээгч үйлдвэрийн тоог нэмэхийг эрмэлздэг.
Салбар: 100 гаруй салбар тооцооны төвтэй. 120 гаруй АТМ-тай.
Ажилтан: 1669 ажилтантай.
Харилцагчийн тоо: 520 мянга гаруй.
Нийт актив: 1 418 826 184 505 /1.4 их наяд/ төгрөг.
Өөрийн хөрөнгө: 157 814 921 836 буюу 157.8 тэрбум төгрөгт хүрээд байна.
Зарим орлого: Хүү болон түүнтэй адилтгах орлого 2012 онд 127 996 992 000 төгрөг байв. Үйл ажиллагааны цэвэр орлогоо 63 тэрбум төгрөг хэмээн жилийн эцсийн тайландаа дурдсан байна.

Голомт банк

Товчхон: 1995.03.06. Монголбанкны ерөнхийлөгчийн 59 тоот тушаал гарч Голомт банк 4 ажилтан, 436 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэв. Байгуулагдсан цагаасаа банкны үйлчилгээнд Монголдоо анхдагч болсон. Тухайлбал, төлбөрийн чек, дуудлагын буюу “хөдөлгөөнт” банк, 24 цагийн банк, Мастер, ВИЗА карт, “Western Union” үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн түүхтэй.
Салбар: 91 салбар нэгжтэй. 1800 гаруй КҮБ, 170 АТМ-тай. Мөн өөртөө үйлчлэх таван банк ажиллуулдаг.
Ажилтан: 1650 орчим ажилтантайгаас 61 хувь нь харилцагчидтай тулж ажилладаг тэргүүн фронтынхон.
Нийт актив: Өнгөрсөн оны зургадугаар сарын байдлаар 2 310 684 000 000 /2.3 их наяд/ төгрөг хүрчээ.
Өөрийн хөрөнгө: 227.9 тэрбум төгрөг.
Зарим орлого: 2012 оны байдлаар хүүгийн орлого нь 99.5 тэрбум төгрөг.

Худалдаа хөгжлийн банк

Товчхон: Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн 1990 БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 10-р сарын 19-ний өдрийн 71 тоот тогтоолоор хувь нийлүүлсэн, аж ахуйн тооцоотой Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) байгуулах шийдвэр гарчээ.
Салбар: Улаанбаатарт 35, орон нутагт 10 салбар тооцооны төвтэй. 160 АТМ, 1950 гаруй пос терминалаар үйлчилдэг.
Харилцагчийн хүрээ: Дотоодын тэргүүлэх 400 гаруй байгууллагад үйлчилдэг. Монголын байгууллагуудын бизнесийн 28.5 хувийг дангаараа санхүүжүүлж, худалдааны санхүүжилтийн 50 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг.  
Үйл ажиллагааны онцлог: Олон улсын 150 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай корреспондент харилцаатай ажиллаж, 34 гадаадын томоохон банк, санхүүгийн байгууллагатай хамтран худалдааны санхүүжилтийн зээл олгож, Монголын гадаад төлбөр тооцооны 50 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг.
Нийт актив: 3.07 их наяд төгрөг.
Өөрийн хөрөнгө: 312.7 тэрбум төгрөг.
Зарим орлого: Татварын дараахь ашиг 2012 онд 64.8 тэрбум төгрөг байжээ. 2012 онд хүүний орлого 213.3 тэрбум хүрсэн бол шимтгэл хураамжийн цэвэр орлого 16.4 тэрбум төгрөг хүрчээ. Жилийн эцсийн тайланд үйл ажиллагааны цэвэр орлогоо 104.3 тэрбум хэмээн мэдүүлсэн аж.

Төрийн банк

Товчхон: 2009 оны 11 дүгээр сарын 19-нд Засгийн газрын хуралдааны тогтоолоор 100 хувь төрийн өмчит банк болж байгуулагдсан. Зоос банкны сууринд байгуулагдаж сүүлийн гурван жилд Монголбанкнаас тавьдаг зохистой хэм хэмжээг давуулан хангасан сайн үзүүлэлттэй компани болов.
Салбар: 35 тооцооны төв, касстай. Хадгаламж банктай нийлснээр 538 салбартай болоод байна.
Ажилтан: 2012 оны байдлаар ажилтнуудын тоо 330 байв. Энэ сард Хадгаламжтай нэгдэж бүх ажилтныг хэвээр авч үлдсэнээр 3600 орчим ажилтантай боллоо.
Харилцагч: Монгол Улсын иргэн бүрт Хүний хөгжлийн мөнгө олгосон гэдэг утгаараа Хадгаламж банк 2.7 сая харилцагчтай юм. Тэгвэл Төрийн банкны өнөөгийн харилцагчийн тоо төдий хэмжээнд хүрч байна.
Нийт актив: 364 052 022 000 /364 тэрбум/ төгрөг. Хадгаламжийн 1.1 их наяд төгрөгтэй нийлээд 1.4 их наядын активтай болж буй юм.
Өөрийн хөрөнгө: 2013 оны эхний улирлын байдлаар 32 198 888 000 /32.1 тэрбум/ төгрөг.
Үйл ажиллагааны онцлог: Засгийн газраас хэрэгжүүлсэн “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т 109, 115 дугаар салбараар оролцсон. 2012 оны эцсийн байдлаар нийт 4078 зээлдэгчийн нэрсийг ОССК-аас хүлээн авч 3892 зээл хүсэгч банкинд хандсны дагуу 1195 зээлийн материалыг судлаад 1136 зээлдэгчийн 49.63 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлэжээ.
Зарим орлого: 2012 онд хүүгийн төлбөрөөс 8.6 тэрбум төгрөг, үйл ажиллагаанаас  нэг тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Татварын дараахь ашиг нь нэг тэрбум төгрөг байсан аж.

Улаанбаатар хотын банк

Товчхон: 1998 оны зургадугаар сарын 12-нд Улаанбаатар банк нэртэйгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн ч 1999 оны сүүлчээр өнөөгийн нэрээр үйл ажиллагаа явуулах болжээ. Улаанбаатар сан улсын үйлчилгээний газрын хөрөнгө оруулалтаар банк байгуулах шийдвэр НИТХ-аас гарсан аж. Уг банкаар нийслэлийн болон харьяа дүүргийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилго тээжээ.
Салбар: Нийслэлийн зургаан дүүрэгт 25 салбартай.
Ажилтан: 160 гаруй ажилтны 80-аад хувь нь 35-аас доош насны залуу боловсон хүчин.
Нийт актив: 824 756 916 000 буюу 824.7 тэрбум төгрөг.
Өөрийн хөрөнгө: 53 135 538 000 буюу 53.1 тэрбум төгрөг.
Үйл ажиллагааны онцлог: Монголд анх удаа “Даатгагдсан хадгаламж”-ийн үйлчилгээ нэвтрүүлсэн.
Зарим орлого: Энэ оны эхний хагасын байдлаар хүүгийн төлбөрөөс 25.4 тэрбум төгрөг, үйлчилгээний шимтгэл, хураамжаас тэрбум төгрөг, үйл ажиллагааны цэвэр орлогод 13.1 сая төгрөг тус тус олжээ.

Үндэсний хөрөнгө оруулалтын банк

Товчхон: Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь 2006 онд гадаадын хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн, хязгаарлагдмал хариуцлагатай компани болж байгуулагдсан.
Салбар: Үндсэн гурван салбар, нэг тооцооны төвтэй.
Ажилтан: 100 гаруй.
Нийт актив: 58.9 тэрбум төгрөг.
Үйл ажиллагааны онцлог: Өөрийн хөрөнгийг эрсдлээр жигнэсэн активын зохистой харьцаа 12.21 хувь буюу Монголбанкнаас тогтоосон шалгуурыг 0.21 хувиар давж байна. Харин төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 25.4 хувь буюу зохистой хэмжээнээс 0.4 хувиар давуулжээ. Энэ нь шалгуур үзүүлэлтийг дөнгөж хангаж буйг илтгэнэ.
Өөрийн хөрөнгө: 6.01 тэрбум төгрөг.
Зарим орлого: Өнгөрсөн онд хүүгээс 4.2 тэрбум, бусад орлогоос нэг тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ.

Капитал банк


Товчхон:
1990 онд “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” нэртэйгээр байгуулагдсан. 1998 онд банкыг “Шинэчлэл” хэмээн нэрлэх болсон. Харин 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс “Капитал” банк болгон өөрчилсөн.
Салбар: 60 орчим.
Ажилтан: 400 орчим ажилтантай.
Нийт актив: 255 814 441 010 /255.8 тэрбум/ төгрөг
Өөрийн хөрөнгө: 23 865 864 570 /23.8 тэрбум/ төгрөг

Капитрон банк


Товчхон: “Таны түших санхүүгийн ноён нуруу” уриатай банк нь 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагджээ. Анх 3,0 тэрбум төгрөгийн дүрмийн сан, 17 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлжээ. 100 хувь монголчуудын хөрөнгө оруулалттай банкны нэг.
Салбар: Нийслэл болон орон нутагт 22 салбар, тооцооны төвтэй.
Ажилтан:   220 ажилтантай.
Нийт актив: 2013 оны эхний хагасын байдлаар 167 833 238 000 буюу 167.8 тэрбум төгрөг. Банкны актив 2007 онд 100 тэрбум төгрөгт хүрч байжээ.
Өөрийн хөрөнгө: 20 229 918 000 буюу 20.2 тэрбум төгрөг.
Үйл ажиллагааны онцлог: “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих” төслийг дэмжин ажиллаж нийт 240 зээлдэгчид 16.7 тэрбум төгрөгийн зээл олгож, улсын хэмжээнд 914 шинэ ажлын байр бий болгожээ.
Зарим орлого: Энэ оны эхний хагасын байдлаар хүүгийн төлбөрт 6.1 тэрбум төгрөг, арилжааны цэвэр олз нь 199.9 сая төгрөг хүрээд байна. Шимтгэл хураамжаас өнгөрсөн онд 2.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бол энэ оны зургаан сарын байдлаар 410.3 сая төгрөг болсон аж.

Эрэл банк

Товчхон: 1997 онд байгуулагдсан.
Салбар:  Долоон салбар нэгжтэй.
Ажилтан: 120 гаруй ажилтантай.
Нийт актив: 44 398 747 720 буюу 44.3 тэрбум төгрөг.
Өөрийн хөрөнгө: 12 303 218 170 буюу 12.3 тэрбум төгрөг.
Үйл ажиллагааны онцлог: Монголбанкнаас тогтоосон зохистой хэм хэмжэнд өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувиар босго заасан бол Эрэлийн хувьд уг үзүүлэлт 42.16 хувь хүрчээ. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг 25 хувиар заасан бол 31.9 хувь буюу мөн л давуулан биелүүлжээ.
Зарим орлого: Өнгөрсөн онд хүүгийн орлогоос 7.6 тэрбум, хүүгийн бус орлогоос 1.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Татвар төлсний дараахь цэвэр ашиг 1 378 093 400 төгрөг болсон байна.

Кредит банк

Товчхон: 1997 онд байгуулагдсан, 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай банк. Монголбанкны ерөнхийлөгчийн 1998 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авчээ.
Харилцагч: 1400 орчим.
Нийт актив: 2012 оны байдлаар 12 283 553 000 буюу 12.2 тэрбум төгрөг.
Өөрийн хөрөнгө: 9 692 129 000 буюу 9.6 тэрбум төгрөг.
Хувь нийлүүлэгч: Кипр улсын “Харшал Холдингс Лимитед” компани.
Үйл ажиллагааны онцлог: Монголбанкнаас тогтоосон хэм хэмжээг хамгийн өндөр хэмжээнд гүйцэтгэсэн банк. Өөрийн хөрөнгөө эрсдэлээр жигнэсэн харьцаа 12 хувь байх ёстойг 186 хувь хүргэжээ. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 25 хувь байх ёстойг 387 хувь болгосон байна. Энэ нь нийт активт эзлэх өөрийн хөрөнгө өндөр үзүүлэлттэй байгаагаас шууд хамааралтай.
Зарим орлого: 2012 оны байдлаар хүүний орлого 1.5 тэрбум. Үйл ажиллагааны цэвэр ашиг 43 сая төгрөг гарчээ.

Чингис хаан банк

Товчхон: 2001 оны тавдугаар сарын 18-нд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттаар байгуулагдав.
Салбар: Төв оффис, нэг салбартай
Ажилтан: 150 гаруй ажилтантай.
Харилцагч: 1000 гаруй.
Нийт актив: 110 808 000 000 буюу 110.8 тэрбум төгрөг.
Өөрийн хөрөнгө: 29 109 000 000 буюу 29.1 тэрбум төгрөг.
Хувь нийлүүлэгч: “Миллениум Секьюритис Менежмент”, “Корал Си Холдинг” хувьцааг тэнцүү хуваан эзэмшдэг.

Хөгжлийн банк

Товчхон:
2011 оны тавдугаар сарын 12-нд байгуулагдсан отгон банк. Монгол Улсын стратегийн чухал бөгөөд тэргүүлэх салбаруудын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой.
Салбар: Төв салбартаа үйлчилдэг.
Нийт актив: 924 588 748 000 буюу 924.5 тэрбум төгрөг.
Өөрийн хөрөнгө: 71.2 тэрбум төгрөг.
Үйл ажиллагааны онцлог: Засгийн газрын тогтоолын дагуу УИХ-ын шийдвэрт заасан “Шинэ бүтээн байгуулалт”, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг томоохон хөтөлбөрийн санхүүжилт хийж буй.
Зарим орлого: Хүү болон түүнтэй адилтгах орлого 16.6 тэрбум төгрөг. Шимтгэл хураамжийн орлого 67.5 сая төгрөг.

Б.Ганбилэг

1 Сэтгэгдэл
Mash ih hereg bollo bayrlala tand
Хамгийн их уншсан