Төрийн өмчит дөрвөн их сургуулийн захирлын сонгон шалгаруулалт дуусаад долоо хонолоо. Сүүлийн шатанд 32 хүн үлдсэн ч Төрийн албаны зөвлөлөөр 23 нь л орох эрх өвөртлөөд байгаа талаар мэдээлж байсан. Гэсэн ч Төрийн албаны зөвлөлөөс ч тэр, БШУЯ-наас ч ам нээх шинжгүй. Төрийн албаны зөвлөл “Хариу нь гарсан. Гэхдээ БШУЯ зарлана” гэх. Харин яам нь “Мэдээж, захирлаар сонгогдсон хүний нэрийг зарлана. Гэхдээ сайддаа танилцуулна” гэх. Харин сайд нь ОХУ-д томилолтоор явж байгаа гэв. Сайд нарын амралт ирэх сараас нааш дуусахгүй учраас дахиад л долоо хоног хүлээх нь. Гэхдээ сайд нь ирээд асуудлыг тэр дор нь шийдвэл шүү дээ.
Захирлын шалгаруулалт удааширсаар байвал сургуулиуд Удирдах зөвлөлийн хурлынхаа товыг хойшлуулсаар сургалтын төлбөр, бүтцийн зохион байгуулалт зэрэг шинэ хичээлийн жилээс өмнө амжуулах ёстой ажлаа хийж чадахгүйд хүрэх нь.
Гэхдээ өнгөрсөн даваа гарагт МУИС Удирдах зөвлөлийн хурлаа хийсэн ч байгалийн ухаан, хэл шинжлэлийн, мэргэжлийн сургуулийн бүтцийг томсгох, судалгаа, сургалтыг матриц бүтэцтэй болгох, захиргаа, зохион байгуулалтын бүтцээ шинээр харах, салбар дундын судалгааны төв бий болгох, инженерийн сургууль байгуулах гэсэн асуудал хэлэлцэж баталсан юм. Өмнө нь МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн тухай асуудлыг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцээд гаргасан шийдвэрээ удирдах зөвлөлийн хурлаар батлуулдаг байж. Харин энэ удаа бүтэц өөрчлөх асуудлыг шууд Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд санал хурааж шийджээ. Үүнд нь сургуулийн Удирдах зөвлөлд багтдаггүй ажилчид тун ч дургүй байгаагаа эхнээсээ илэрхийлсэн. Харин ШУТИС, ЭМШУИС, ХААИС салбар яамнаас хариу хүлээж, сайдын амыг харсаар л...
Манайхан ч таамаглаж сурсан улс. Бүхэл бүтэн долоо хоногийн дотор таамгаараа юу эсийг ярихав. Ингэж удааширсаар байгааг нь улс төрийн томилгоо болох нь уу гэх хүмүүс ч байна. ХААИС-ийн захирлын суудалд долоон хүн өрсөлдсөнөөс зургаа нь тус сургуульд ажиллаж байсан хүн. Б.Баасансүх албаны дарга, Т.Хэрүга захирлын үүрэг гүйцэтгэж байсан, Ч.Тунгалаг мал эмнэлгийн сургуулийн багш, Я.Ганболд, И.Энхболд, Б.Амаржаргал нар тус сургуулийн дэргэдэх хүрээлэнгийн ажилтан. Гэтэл тоон дунд үсэг цохиж явна гэдэг шиг тус сургуультай огт хамааралгүй нэг хүн захирлын шалгаруулалтад өрсөлдсөн нь Ж.Батчулуун.
МҮЭ-ийн дэргэдэх “Хөдөлмөр” дээд сургуулийн захирал байсан тэрээр төрийн өмчийн их сургуулийн захирлын албанд зүтгэсэн нь төрсөн дүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийнхаа чадалд найдсан хэрэг биз гэх хүмүүс ч байна. Мөн ХААИС-ийн шалгаруулалтыг будлиантай хутгах хүн түүнийг хэмээн үзэж байгаа учраас Ж.Батчулуунтай холбогдлоо. Тэрээр “Сонгон шалгаруулалтын талаар надад дуулсан зүйл алга аа. Хариу нь гарах болоогүй л гэсэн. Уяж байгаа хүмүүс нь мэднэ үү гэхээс уралдаж байгаа би юугаа мэдэх вэ” гэхээс онцын зүйл ярьсангүй. Гэхдээ ХААИС-ийнхны зүгээс захирлын үүрэг гүйцэтгэж байсан Т.Хэрүгад найдлага тавьж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Анх ХААИС-ийн захирлын төлөө өрсөлдөхөөр 10 хүн материалаа өгсөн ч гурав нь эхний шатанд хасагдаж, дээрхи долоон хүн тунаж үлдээд байсан юм.
МУИС-ийн захирлын сүүлийн шалгаруулалтад таван хүн тунасан. ХААИС болон ЭМШУИС-ийн хувьд захирлын үүрэг гүйцэтгэж байсан хүндээ сургуулийн зүгээс нааштай хандаж, дэмжиж байгаа ч МУИС-ийн хувьд тэгсэнгүй. Учир нь нөхөр А.Галтбаяр нь захирлын үүрэг гүйцэтгэх хугацаандаа чамлалттай ажилласан бололтой. Тэрээр өмнөх захирлуудаа шүүмжилсэн агуулгатай нийтлэл бичиж байсан нь үүрэг гүйцэтгэгчээр сонгогдох эрх авсан ч байж мэдэх юм. Гэхдээ өөрт оногдсон давуу эрхийн хугацааг ашиглаж, санаснаараа сургуулийнхныхаа анхаарлыг татаж чадаагүй бололтой. Тэрээр үүрэг гүйцэтгэгчийнхээ эрхийг ашиглан өөрийн ойр дотны хүмүүсээ ч салбар сургуулийн удирдах ажилтны суудалд залсан талаар шуугиан нэг хэсэгтээ олныг талцуулж байсан нь хамт олноосоо дэмжлэг аваагүйн шалтгаан болоо биз ээ.
Улсын маань номер нэг гэгддэг сургуулийн захирлын албан тушаал дурын хүний мөрөөдөх ажил биш. Тиймдээ ч сүүлийн шатанд өрсөлдсөн таван хүн бол “хатуу самар”. Үүний нэг нь Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор профессор Ш.Чоймаа багшийн хүү Ч.Лодойравсал. Тэрээр Германд докторын зэрэг хамгаалсан чадварлаг залуу. Энэ чадвараараа одоо МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийн захирлын албатай. Тийм ч учраас шалгаруулалтад дээгүүр давхиж байгаа сурагтай. Тэрээр чанартай боловсролыг өндөр өртгөөр эзэмшүүлэх ёстой хэмээн үзэж, одоогийн боловсролын тогтолцоог үнэгүйдсэн гэж шүүмжилдэг. Тиймээс түүнийг захирал болоод сургалтын төлбөрийг нэмэх вий гэсэн болгоомжлол дагасаар. Мөн МАН-ын гишүүн учраас МУИС-ийн захирлаар сонгогдвол шалгаруулалт шудрага болсны баталгаа болно биз гэх хүмүүс ч байгаа юм. Өөр нэг өрсөлдөгч нь тус сургуулийн салбар Хууль зүйн сургуулийн багш Х.Оюунбат болон Монгол судлалын сургуулийн багш Г.Нарангэрэл. Тэд ч хамт олноосоо өндөр үнэлгээ авсан гэнэ. Гэхдээ эцсийн дүн хэн бүхний анхаарлыг татсаар...
Хамгийн олон өрсөлдөгчтэй нь ЭМШУИС байлаа. Эцсийн шатандаа 10 хүн өрсөлдүүлсэн ч тус сургуулийнхан ам чангатай байна. Захирлаа хэн болох талаар ярих нь байтугай таамаглах ч үгүй байгаа аж. Ямар ч байсан захирлын үүрэг гүйцэтгэж байсан Н.Сүмбэрэлзул олны дундаас цойлох магадлалтай гэсэн. Түүнд сургуулийнхан нь ч ам сайтайгаас гадна салбараа сайн мэддэг учраас сургууль хөгжүүлэх хөтөлбөр нь шалгаруулалтын комиссынхноос сайн үнэлгээ авсан аж. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай ах дүүсийн холбоотой учраас тал талын дэмжлэг нөлөөлж, улаан гэрлээр сонгогдох магадлалтай байгаа аж.
ШУТИС-ийн ректорын үүрэг гүйцэтгэгч Т.Батбаяр захирлаар сонгогдох магадлалтай нэгэн. Мөн ШУТИС-ийн ректорт Эрчим хүч инженерийн сургуулийн захирал, доктор Ч.Мангалжалавыг мөрийн хөтөлбөр сайтай, завсраар нь түлхээс орчихгүй бол томилогдох магадлал өндөр гэж байгаа. Гэхдээ тус сургуулийн зарим багшийн амнаас “Манай сургуулийн захирал аль хэдийнэ сонгогдсон шүү дээ. Сургуулийн Эрдмийн зөвлөлийн дэд дарга байсан ЭШТ-ийн проректор Б.Очирбат гэж хүн сонгогдсон” гэх үг унав.
Ямартаа ч эцсийн шийд сонсох хүртэл иймэрхүү таамгууд ниссээр л байх бололтой. Гэхдээ дээрх дөрвөн сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын журамд тусгасан хамгийн наад захын шаадлагад доод тал нь таван жил удирдах алба хашсан, гадаад хэлтэй, доктор профессорын зэрэг цолтой хүн байхаар тусгасан учраас хэн нь ч сонгогдсон харамсч, халаглах зүйлгүй л баймаар.
Захирлын шалгаруулалт гэх улс төрийн сонгуулиас ч нүсэр яриа дэгдээж, хүлээлт үүсгэж буй энэ сүрхий үйл явц хурдан дуусах нь сургуулийн ажилтан, багш, оюутнуудад тустайсан.