Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах ажлын хүрээнд 4.5 тэрбум төгрөг төсөвлөн багагүй ажлууд хийгдсэний нэг нь хотын цэцгэн чимэглэл билээ. Төв талбайгаас аваад есөн дүүрэг, нийтийн эзэмшлийн 64 гудамж талбайд хийгдэж буй цэцэгжүүлэх ажилд дээр дурдсан хөрөнгө мөнгийг бүхэлд нь зарцуулж байгаа гэх ташаа мэдээлэл гарсны дагуу Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан мэдээлэл хийсэн. Тэрээр “Нийслэлийн ногоон байгууламжид бүхэлд нь 4.5 тэрбум төгрөг төсөвлөснөөс цэцэрлэгжүүлэх ажилд 315 сая төгрөгийг нь зарцуулж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм. Нээлттэй тендерт “Фармаци Гарант” ХХК шалгарч хот тохижилтын газарт нэг наст цэцгийн үрсэлгээ нийлүүлэх болсон гэнэ.
Уг нэг наст цэцгүүд болон зүлэгжүүлсэн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэнгүүд хотын бүүдгэр саарал байдалд өнгө нэмж байгаа хэдий ч иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандах нь их байна. Нэг наст цэцэг зун, намартаа ургаад дараа жил нь ургадаггүй. Тиймээс ирэх хавар дахин шинэ суулгац, үрсэлгээ тарьж ургуулдаг ба арчилгаа тордолгоог ч мөн л дахин хийнэ. Яахав, гандуу бүүдгэр өнгө ноёлсон нийслэл маань ганцхан зуны гангараандаа 315 саяыг цацаж болох ч Монголын маргааш дуусдаггүй гэдгийг мартаж болохгүй.
Бид өвөл нь утаа униарт хордон, угаартаж үхлээ гэж ярьж ярьчихаад дулаарахын цагт мартчихдаг шиг энэ зун тарьсан цэцгээ ирэх зун дахиад л хэдэн зуун сая төгрөгөөр тарих уу. Нэгэнт хийчихсэн цэцгийн мандлын хайс, хөрс шороо, усалгааны систем гээд багагүй хөрөнгө мөнгөөр хийсэн нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлуудыг дараа жил нь ашиглалгүй үлдээхгүйн тулд дахиад л цэцэг тарих нь мэдээж. Энэ талаар Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Хот тохижилтын газар болоод дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтсүүдийн холбогдох мэргэжилтнүүдтэй уулзахад ирэх жил талбайг нь ихэсгэн дахин тарина хэмээсэн. Өнгө өнгөөр алаглах цэцгийн мандлуудаар хот орчноо чимэглэх нь буруу биш л дээ. Наандаж л жуулчдын өмнө нүүр улайхааргүй болж дагаад хот орчны үзэмж сайжирна.
Хавар болохоор л гэр хороолол байтугай хотын төвд ч хүчтэй салхинд шороо тоос босч байдаг. Хог, шороо тоосноосоо ангижирсан хойно хэд л бол хэдэн зуун саяар нь ямар ч зүлэг ногоо тарьсан байлаа эсэргүүцэх хүн гарахгүй л болов уу. Ядаж л хэдэн жил цэцэг тарих мөнгөөрөө олон наст бут сөөг зэргийг тарьж ургуулбал багагүй хөрөнгө хэмнэж болмоор. Манай орны уур амьсгалд дасан зохицож ургах боломжтой өчнөөн төрлийн бут сөөг, цэцэгт ургамлууд байгаа нь мэдээж. Мөнөөх 4.5 тэрбумаараа нэг зун нийслэлийн ногоон байгууламжыг тэр чигт нь олон наст ургамлаар арвижуулан, эхний нэг жил арчилгаа тордолгоог нь сайн хийгээд байвал хойшид биеэ даан ургах боломжтой зуун наст, согоовор, өлөнгө зэрэг олон ч ургамлыг нэрлэж болно. Гэтэл цэцгэн мандал хийх талбайгаа нэмэгдүүлэх тухай ярьж суугаа хот тохижилтынхон хогоо ч бүрэн цэвэрлэчихэж чадахгүй байна. Ажлаа хийж чадахгүй байсан дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниудтай менежментийн гэрээгээ цуцалж, нийслэл буцаан авсан ч хот хогноосоо салсангүй. Ногоон байгууламжаа сайжруулж, хэдэн зуун сая төгрөгөөр нь цэцэг ногоо тарьлаа ч хогтой хотод амьдарсаар л байх уу. Зун намартаа цэцгэн дунд хөлбөрлөө ч өвөл нь өнгө алдан гунддаг нийслэлд ганцхан зуны гангараа болсон нэг наст цэцэгнээс илүүтэй олон наст ургамал ихээр тарих нь ирээдүй хойчдоо цэвэр агаар бэлэглэх томоохон хөрөнгө оруулалт болно. Ганц зуны гангарааны цэцэг гандаж гундаж намартай золгоход өнгө алдсан цэцгийн дэлбээтэй өнөөх 315 сая салхинд хийснэ гэхээр харамсалтай.
Хотын төвдөө зүлэг ногоо, цэцэг ургамлаа тарьж ногоон байгууламжуудыг ихэсгээд байдаг. Гэтэл гэр хороолол хэмээх нийслэл хотын нэгээхэн хэсэг болсон газрыг мартчихаж. Яахав, төсвийн мөнгөөр ганцхан зун гангарч буй нийслэлийн удирдлагууд, сайд дарга нар хотын “А” бүсэд мөнөөх цэцгэн дундаа амьдардаг болохоор хог шороондоо дарагдсан гэр хорооллыг мартчихдаг биз. Цэцэг байтугай тохижилт үйлчилгээний компаниуд нь хогоо ачихгүй, авто зам, гэрэлтүүлэг ч үгүй гэр хорооллыг нийслэлийн нэгээхэн хэсэг “нөгөө ертөнц” гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Хөдөө орон нутгаас шилжих хөдөлгөөн ихсэхийн хэрээр гэр хороолол улам бүр тэлнэ. Өргөжихийн хэрээр тэнд эмх замбараагүй байдал ноёлсоор л. Мартагдсан “нөгөө ертөнц”-д цэцэг тарьдаггүй юм гэхэд маргааш нөгөөдөр гэж хойш тавилгүй яаралтай шийдэх асуудал цөөнгүй байна.
Гадаадын өндөр хөгжилтэй улс орнууд аливаа бүтээн байгуулалт хийхдээ тухайн хот суурингийнхаа ерөнхий төлөвлөлттэй нарийн уялдуулан холбож хийдэг. Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн ажлуудыг ч гэсэн нэлээдгүй хэдэн жил төлөвлөж байж сая эхлүүлдэг. Лондонгийн “Хайт” паркийг таван жил, Арабын нэгдсэн Эмиратийн алдарт Дубай хотын 7200 ам.метр “Миракл” цэцэрлэгт хүрээлэнг 2003 оноос хойш төлөвлөж байж бүтээн байгуулсан гэхчлэн олон жишээг дурьдаж болно. 45 сая амьд цэцэгс, 300 гаруй мянган бут сөөг, олон наст ургамлуудаас бүрдэх “Миракл” цэцэрлэгт хүрээлэн нь дэлхийн хамгийн том цэцэрлэг хүрээлэн гэх тодотголоор Геннисийн номонд бүртгүүлэх гэж байгаа аж. Уг цэцэрлэгт хүрээлэнг зөвхөн ард иргэдийн амралт зугаалгын төв болгон ашиглахаас гадна жуулчдыг татах хэрэгсэл болгож байгаа нь багагүй ашиг өгдөг ажээ. Том хүн 5.50 ам.доллар төлж ордог бол хүүхэд үнэгүй гэнэ. Одоогийн Улаанбаатар хот буюу анх Их хүрээ нэрээр байгуулагдаж байсан нийслэлийн шавийг тавьсан тухайн үеийн хүмүүс хөгжил дэвшлийн хурд, хот төлөвлөлтийн тухай зүүдлээч үгүй явсан биз. Зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй, зай завсаргүй баригдах эмх цэгцгүй барилга байшин, явган хүний замгүй гудамж талбай, ачааллаа даахгүй авто замууд бол буруу хот төлөвлөлтийн балаг юм.
Ж.Гэрэлчулуун