Төрийн банкны харьяанд орсон Хадгаламж банк өнөөдрийн нөхцөл байдалд хүрэх замаа эртнээс тавьсан хэмээн хөрөнгө оруулагч асан Ш.Батхүү ярьж байна. Төрийн эзэмшлийн ууган банкуудаас хамгийн сүүлд хувьчлагдсан Хадгаламжийг анх оросууд авчээ. Удсан ч үгүй ажилтнууд нь дотроосоо 14 тэрбум төгрөг хулгайлж, асуудал үүсгэн хүндрүүлсэн гэнэ. Улмаар нөхцөл байдал үргэлжилсээр 2008 онд “Жаст” группт өгөх санал иржээ. 1991 оноос хойш бизнес эрхэлж эхэлсэн Ш.Батхүү тухайн үед банкны салбарт хүч үзэхээр сонирхож байсан тул тавилангаараа болж буй мэт санагдсан биз. 2009 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гэрээ үзэглэн “ногоон” банкаа хүлээн авах нь тэр. Маргааш, нөгөөдөр нь төв банкнаас шалгалт оруулж үзвэл орон байр, цахилгаан дулааны мөнгө авахаас хэтэрдэггүй 40 салбартай, 200 ажилтантай байсан гэнэ. Оны төгсгөлд Хадгаламж 200 тэрбум төгрөгийн активтай идэвхтэй байгууллага болсон тул “Жаст”-ынхан баяртай байсан нь мэдээж. Жилийн хойно хүндрэлд орсон Монгол шуудан банкыг худалдан авчээ. Өмнөх амжилтдаа урамшиж, орон нутагт олон салбартайг нь бодолцсон нь талаар болсонгүй. Тун удалгүй Монголын хамгийн том банкны хоёрдугаарт тооцогдов. Гэвч нийт 300 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх активын 60 хувь буюу 160-аад тэрбум нь чанаргүй, найдваргүй байсныг мартаж болохгүй. Ийм л нөхцөл байдлаас “Жаст”-ынхан Хадгаламж банкаа босгож, өргөжүүлэхээр сэтгэл, зүтгэлээ зориулжээ. Төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэггүйгээр хоёр банкаа босгож чадсан хамт олондоо Ш.Батхүү талархал илэрхийлэв.
Хэрэв тухайн үед Хадгаламжийг “Жаст” аваагүй бол 300 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх харилцагчдын хөрөнгө хүнд байдалд орж, төрийн нуруунд ачаа болох байсан аж. Гэвч тэрхүү ачааг багасгахын хажуугаар үйл ажиллагаагаа өргөтгөхөөр “Жаст” гарч ирэв. Харамсалтай нь, дөрвөн жил өнгөрөхөд банкаа Төрийн банк руу шургуулахаас өөр сонголт үлдсэнгүй. Яагаад гэвэл тухайн банк цаашид зээлээ өргөтгөх боломжгүй буюу өөрийн хөрөнгөгүй болжээ. Банк өргөжихийн тулд дүрмийн сангаа тэлэх, зээлээ нэмэх шаардлагатай. Гэтэл “Жаст”-ын Ш.Батхүүгийн төлөвлөж, хүлээсэн зүйл нуран уналаа.
Өнгөрсөн хавар олон улсын мэргэжилтнүүдээр Хадгаламж банкийг шинжлүүлэхэд 200 сая ам.доллараар үнэлжээ. Түүнчлэн цаашид үйл ажиллагаа тогтвортой үргэлжилбэл 2-3 жилийн дотор 500 сая ам.долларын ханштай болно гэсэн аж. Гэвч төлөвлөгөө нурж, Төрийн банкинд очив. Ш.Батхүү үүнийг дампуурал биш харин харилцагчдаа хамгаалж буй хэрэг гэдгийг онцолсон. Түүний хэлснээр банкинд мөнгөө хадгалуулдаг хүмүүс хүүхдийнхээ, өөрийнхөө, эрүүл мэндийнхээ ирээдүйг банкинд даалгадаг аж. Найдвартай ажиллана, миний мөнгийг баталгаатай хадгална гэж итгэсэн хүмүүсийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан учраас Төрийн банк руу шилжүүлсэн гэв. Цаашид хөгжих боломжгүй болоод өөр банктай нэгдсэн. Хүмүүсийн ярьж байгаа шиг төлбөрийн чадваргүй болж хүмүүсийн мөнгө гаргаж өгөхгүй дампуурсан хэрэг биш гэлээ.
Ш.Батхүүгийн төлөвлөгөө нурах хүртэл хийсэн, хичээсэн зүйлсийг нь товч өгүүлье.
Монголын банкны тогтолцоонд өөрийн хөрөнгө оруулах хэмжээгээр Хадгаламжтай дүйцэх нь бараг үгүй гэнэ. Тэрээр хувьдаа авсан хоёр банкныхаа үйл ажиллагаанд 480 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдгээ хэллээ. Түүнчлэн жил бүр 40-өөд тэрбум төгрөгийн алдагдал хааж байсан аж. Үүнийг илтгэх ганцхан үзүүлэлт нь 2009 онд 85 тэрбум төгрөгийн активтай байсан Хадгаламж банк 2013 онд 1.5 их наяд төгрөгт хүртэл өссөн байдал. Үүнийг задалж үзвэл зээлийн хэмжээг 11 дахин, депозитын хэмжээг 10 дахин нэмж, чанаргүй зээлийн хэмжээг 0.12 хувьд хүргэн бууруулжээ.
Тэрээр 2008 онд Хадгаламжийг эзэмшигч болохдоо Өмнөд Африкийн “Стандарт” банкаас зээл авч эхэлжээ. Тухайн үед 20 сая ам.долларын зээл авсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулсанаа хүлээн зөвшөөрөв. Гэвч түүнийг хугацаанд нь, найдвартай төлж барагдуулсан учир ямар нэгэн асуудалгүй гэдгийг хэллээ. Монголын талаас Д.Сугар, Ч.Ганзориг нарт, ОХУ-ын удирдлагуудад баталгаа гаргуулах хүсэлтээ дуулгахад хуулийн дагуу байвал зөвшөөрч болох юм гэж хариулсан аж. Тиймээс ч баталгаа гарч, зээл ирж, эргүүлэн төлж дуусгажээ. 1997 оноос хойш “Эрдэнэт”-ийн шатахуун, цахилгаан үйлчилгээнд хамтран ажиллаж ирсэн бизнесийн түншүүд учраас баталгаа гаргуулах нь ямар нэг асуудал үүсгээгүй гэв. Харин “Стандарт” банкаас хоёр дахь удаагаа зээл авахдаа “Жаст” компани өөрөө батлан даагч болж, бүх зүйлээ барьцаанд тавьж 100 гаруй сая ам.долларын зээл авчээ. Тус компани зэсийн баяжмалын худалдаанд уг зээлээ зарцуулахаар гэрээ байгуулж, 2015 он хүртэл хугацаа товлосон байна.
Энэ үеэр Хадгаламж банкны байдал хүндэрч, дүрмийн санг нэмэх шаардлага үүсч байсан тул хоёр дахь зээлийнхээ 97 сая ам.долларыг банк руу чиглүүлжээ. Гэрээнд тусгасан зориулалтаас өөрөөр ашигласан гэх маргаан үүсэх нь мэдээж. Нөгөөтэйгүүр “Жаст” компанийн төлөвлөгөө бүтэлгүйтэж, төсөөлсөн орлого нь гацсан тул зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Ингээд мөнгөгүй болсон Ш.Батхүү цаашид Хадгаламж банкаа өргөтгөх мөнгөгүй болж, банкны өөрийн хөрөнгө хомсдолд оржээ.
Өөртөө 12 аж ахуйн нэгжийг нэгтгэсэн томоохон группын эзэн Ш.Батхүү өнөөдөр өр төлбөрт бүхнээ тараалаа. Тэрээр “Бизнесмэн Батхүү бусдын л адил энгийн иргэн болсон” хэмээн ярьж сууна. “Жаст ойл” шатахууны компаниа “Магнай трейд”-д банкны зээл төлүүлэх нөхцөлтэйгөөр өгчээ. Махан бүтээгдэхүүн боловсруулалтын “Жаст Агро” компаниа татан буулгаад 11 үйлдвэрийг Хадгаламж банкны гүйцэтгэл хангуулахаар өгсөн аж. Түүнчлэн “Олон овоот гоулд” компаниа хамтран эзэмшигч Г.Алтанд 100 хувь эзэмшүүлэхээр болсон байна. Хамгийн их анхаарал татсан нь Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэн, харилцагчдаа хамгаалж буй явдал. Тэрээр энэ бүхний ард асар их өр төлбөртэй хоцорч байгаа юм. Хадгаламж банкны 1.5 их наяд төгрөгийн актив, Монголбанкин дахь нөөцийн дансанд байршсан 200 тэрбум төгрөг шилжүүлсэн. Мөн салбаруудад бэлнээр хадгалагдаж буй 150 гаруй тэрбум төгрөг, Засгийн газрын болон бусад төрлийн 50 гаруй тэрбум төгрөгийн ханштай үнэт цаас хүлээлгэн өгчээ. Харин Ш.Батхүү бизнес, ашиг орлого, ажилгүй үлдсэн хэрнээ 120 сая ам.доллар/ойролцоогоор 160 тэрбум төгрөгийн/ зээл төлөхөөр болж байгаа юм. Энэ их мөнгийг хэрхэн төлөх тухай тодруулахад “Амьд хүн аргаа олно доо” хэмээн хариулсан.
Хадгаламж дампуурах нь гэх буруу ойлголттой зуузай холбон яваа бас нэгэн ташаа ойлголт бол Ш.Батхүү хамаг хохирлоо төрөөр төлүүлэх нь гэсэн хардлага юм. “Юм ойлгодоггүй, мэддэггүй хүний үг эсвэл санаатай гүтгэх мэдээлэл” хэмээн түүний тодорхойлсон зүйлийг дор сийрүүлье. Дээр өгүүлсэнчлэн маш их актив, депозит, зээл болон хадгаламжтай банкныхаа хамаг хүндийг Ш.Батхүү өөрийн толгой дээр авч хоцорчээ. Харин Төрийн банкинд очиж буй Хадгаламж банк арилгасан сонгино шиг цэвэрхэн. Тодруулбал, 600 тэрбум төгрөгийн эрүүл зээлтэй байгууллага хүлээн авч байгаа учраас Төрийн банк тодорхой хэмжээний хөрөнгө гаргах, эрсдэл хүлээх үүрэгтэй. Үүний цаана Төрийн банкны хувь нийлүүлэгч нь Сангийн яам, Засгийн газар учраас төрөөс мөнгө гарна гэсэн үг. Гэвч өөрсдийн шийдвэрт тодорхой хариуцлага хүлээж байгаагаас Ш.Батхүүгийн хохирлыг барагдуулсан хэрэг биш юм. Нөгөөтэйгүүр, дээрх хоёр банк нэгдэж буй нь ямар нэг бизнесийн аргачлал биш гэлээ. Хэрэв бизнес байсан бол олон улсын шинжээчдийн дүгнэсэн 200 сая ам.доллар “Жаст” компанид очсоны дараа Хадгаламж банк Төрийн банкинд очих учиртай аж. Гэхдээ харилцагчдын эрх ашгийг хамгаалах, албадлагын үйл ажиллагаа учраас Ш.Батхүү халаас хоосон хоцорч, банк бүхэлдээ бусдад шилжиж буй хэрэг.
Ц.Мянганбаяр хэмээх эрхэм Монголын толгой 10 баяны нэг. Зоос, Анод банкны дампууралд голлох нөлөөтэй оролцсон түүний гар Хадгаламжийг ч ялгаагүй хүчтэй цохив. Яаж гэдгийг ярихын тулд “Гоулдман Сакс”-тай холбоотой бяцхан дурсамжийг өгүүлэхээс өөр аргагүй.
“Монгол газар” компанийн салбар, охин компаниуд “Жаст”-аас шатахуун болон бусад бүтээгдэхүүн зээлээр авч байсан гэнэ. “Иточу” корпорацийн баталгаагаар авч байсан ч нэг мэдэхэд авлага нь 10 тэрбум хүрчээ. Уулзаад мөнгөө нэхсэн ч өгдөггүй байсан гэнэ. Энэ үед Зоос, Анод банкныхан ч ялгаагүй “Монгол газар”-аас мөнгөө авч чадахгүй байгаагаа хэлж, барьцаагүй гэдгийг дуулгасан аж. Зоос банкнаас 60 тэрбум төгрөгийн зээл авахдаа хэд хэдэн “А” лиценз барьцаалжээ. Гэтэл тэрхүү барьцаагаа “Гоулдман сакс”-д худалдчихсан аж. Хоёр ч банк дампуурахад тулсан, нийт 184 тэрбум төгрөгийн өр төлбөртэйгөөс 10-аад нь “Гоулдман сакс”-аас авсан байжээ. “Гоулдман сакс”-ын зээлээ хүү болон төлбөрөө хугацаанд нь хийж байгаа тул Ш.Батхүү дараахь санал тавьсан гэнэ. Барьцаа хөрөнгийг нь хүнд байдалд орсон банкуудын дунд байршуулаач гэтэл татгалзаж. Судлаад үзвэл хууль бус аргаар барьцаалсан нь илэрч, Анод, Зоос, Капитрон, Хадгаламж зэрэг хүнд банкуудын дундын барьцаа болгож чаджээ. Одоог хүртэл лицензүүд нь барьцаанд байгаа аж.
Үүний дараа 25 тонн алтны нөөцтэй “Олон Овоот” төслийг Ш.Батхүү “Монгол газар”-аас худалдан авчээ. Гэрээ байгуулж, мөнгөө шилжүүлж дууссаны дараа Ц.Мянганбаяраас аминчлан асуусан байна. “Олон Овоотод үнэхээр алт бий юү” гэхэд “Үгүй ээ, Батхүү бид хоёр жил ухлаа. Үсрээд л гурван тонн алт бий” гэж хэлсэн. Тэгэхээр энэ тухай маш том асуудал үүсэх байх гэж бодож байна. Улсын фондод бүртгэчихсэн, 20 шахам тонн нөөцтэй орд өнөөдөр гуравхан тонн болчихов гэдгийг хууль, хяналтын байгууллага асуух байх. 2012 оны тайланд “Олон Овоот” төсөл 97 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Одоо би хадны завсарт хавчуулагдчихлаа. Нэг талаас улсад бүртгэлтэй 20-иод тонн алт хааччихав гээд нөгөө талаас хурдан алтаа ухаж, зээлээ төлөөч гээд байгаа гэлээ.
Тэрээр сэтгүүлчидтэй уулзаад хамаг учрыг хэлж ийнхүү дэлгэлээ. Одоогоор түүнийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, мэдүүлэг авсан зүйлгүй гэнэ. Харин өчигдөр Стандарт банкныхан Монголд ирж төв банкны удирдлагуудтай уулзалт хийжээ. Юу ярьсан нь мэдэгдээгүй ч Ш.Батхүү “Бидний зээлийг төлөх хүний банкыг хураачихлаа, та нар цаашид яах гэж байна вэ гэж асуухаар л ирсэн болов уу” хэмээсэн юм. Хийх ажилгүй хоцорсон түүнийг цаашид яах бол гэж санаа тавих хүн олон байна. Ц.Мянганбаяраас авсан “Олон Овоот гоулд” алттай байгаад, ашгаа өгөөд эхэлсэн бол Хадгаламжаа хамгийн том банк болгох боломж түүнд харагдсан ч буруу тооцоо, анзааргагүй байдал, бүтэл муутай төлөвлөгөөнөөс бүхнээ өгсөн нь энэ. Хэдий тийм ч бусдаас зээлсэн мөнгөө бүгдийг нь төлнө, бүх хохирлоо өөрөө хариуцна гэж олон нийтэд мэдэгдлээ. Төрийг хохироож, төсвийн мөнгөнөөс ганц төгрөг гаргуулахгүй гэдгээ зоригтойгоор хэлэв. 1991 оноос хойш бизнес эрхэлж, өдөрт 12-14 цаг ажиллаж ирсэн түүний “Жаст” компанид 5000 хүн ажиллаж байжээ. “Өнөөдөр есөн цаг хүртэл унтсан, ерөнхийдөө ачаалал багассаныг мэдэрч байна” хэмээсэн юм.