Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДУЛААНГҮЙ 88, ЦАХИЛГААНГҮЙ 51 БАРИЛГА СҮНДЭРЛЭЖЭЭ

Барилгын ажлын үеэр гэм­тэж бэртэх, амь насаа алдах то­хиолдол 2013 оны эхний ха­гаст буурсан дүнтэй хэмээн Нийс­лэлийн Засаг даргын ор­логч С.Очирбат хэллээ. Өнгөрсөн жилийн зургадугаар сар хүртэлх хугацаанд 34 осол гарсан гэнэ. Үүнээс 14 нь хүнд, хоёр нь хөнгөн осол байжээ. Харин 18 тохиолдолд хүн нас барсан аж. Тэгвэл энэ оны эхний хоёр улиралд барилгын хөдөлмөрийн аюул­гүй байдал хангаагүйгээс есөн осол тохиолдоод байна. Үүний гурав нь хүнд, хоёр нь хөнгөн гэмтлээр зогссон юм. Харин дөрвөн осол хүний аминд хүрсэн гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Ц.Энхсайхан хэлэв. Хөдөлмөрийн аюулгүй байдал хэмээх үг сүүлийн үед харилцан яриа, хэвлэл мэдээллийн хуудаснаа илүүтэй харагдах болж. Түүнтэй зэрэг­цээд Хөдөлмөрийн аюул­гүй ажил­лагааны инженерийн эрэлт уул уурхай болон ба­рил­гын салбарт огцом нэ­мэгд­сэн. Ажлын зарын хамгийн өндөр цалинтай нь хөдөлмөрийн аюул­гүй ажил­лагааны инженер болж таар­лаа.
Тодруулбал, сарын 1.5 мянган ам.доллараас цалин­гийн хэмжээ нь эхлэх аж. Хүний амь, хүчит техникийнхээ үнэ цэнийг тэр инженерт бүрэн даатгаж байгаа учраас өндөр цалин өгч, дорвитой ажиллуулахыг эрмэлзэх нь захын бизнесмений бо­дол. “Танилцаад” удаагүй хөдөл­мө­рийн аюулгүй бай­дал гээчийг хуульд “... хөдөл­мөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн ний­гэм, эдийн засаг, зохион бай­гуу­лалт, техник, технологи, ариун цэ­вэр, эрүүл ахуйн арга хэм­жээ авах, эмчлэх, сувилах, нө­хөн сэргээх, эдсдэлээс хам­гаа­лах үйл ажиллагаа” гэсэн байна.
Тэгэхээр 2012-2013 оны хоо­ронд гарсан барилгын олон удаагийн осол, гэмтэл нь Хөдөлмөрийн аюулгүй байд­лын тухай хуулийн 3.1.1. дүгээр заалтад дурдсан дээрх нөхцлүүдээс аль нэгийг бү­рэн гүйцэд хангаагүй байс­наас үүджээ. Мэргэжлийн хя­­нал­тын байцаагчийн хэлс­нээр барилгын ажлын үеэр то­хиолдсон нийт ослын 78 хувь нь унах, нурах аюулаас үүдэлтэй гэв. Тэгвэл барилгачид яагаад унаж, барилгын ажлын техник хэрэгсэл яагаад нураад байгаа хэрэг вэ?

Дутагдлаа засч, дундуураа дүүргэхүй

Нийслэлийн иргэдийн тө­лөөлөгчдийн хурал өнгөрсөн сарын 28-нд барилгын аж­лын хөдөлмөрийн аюулгүй байд­лын нийтлэг журам боловсруулан баталсан. Барил­гын ажилд оролцогч гурван тал буюу захиалагч, гүйцэтгэгч, зөвлөн хянах үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах нь журмын гол зорилго. Нэг нь нөгөөдөө тавьсан шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлэх, тайлан болон илтгэлдээ хавсаргаж оруулахаас өгсүүлээд нарийн ажиллагааг журамд багтаажээ. Барилгын компани ажлын талбараа зохион байгуулахдаа юуг тодорхой тусгах, ажлын явцад иргэд олон нийт ямар хүрээлэлтэй оролцож болох, ажлын талбарт зайлшгүй хадгалагдах бичиг баримт зэргийг дэлгэрэнгүй тоочсон байна. Журмын хэрэгжилтийг мэргэжлийн хяналтын бай­гууллага хариуцан ажил­лах аж. Хэрэв шаардлага хан­гаа­гүй, хяналтын байгуул­ла­гаас гаргасан дүгнэлт тодор­хойлолтод нийцээгүй, заасан хугацаанд дутагдлаа засаагүй бол үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах. Товчхондоо, барилгын салбарт үүсээд буй осол гэмтэл, хүний аминд хүрдэг явдлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар таслан зогсоох боллоо. Засаг даргын орлогч С.Очирбат шинэ журмын талаар “Жур­мын хамгийн чухал нь за­хиа­лагч барилга угсралтын ажлын үед хөдөлмөрийн аюул­гүй ажиллагаа, эрүүл ахуй, барилгын орчин дахь ний­тийн эзэмшлийн зам тал­байн аюулгүй байдлын та­лаарх аливаа арга хэм­жээ­ний санхүүжилтээ бүрэн хариу­цахаар тусгасан яв­дал” хэмээн онцолсон. Тод­руул­бал, барилгын гүйцэт­гэгч компаниас гадна за­­хиал­га өгсөн байгууллага ч хө­дөлмөрийн аюулгүй ажил­ла­­гаанд оролцох юм.
Өнгөрсөн сараас эхлэн хэрэгжсэн журмын дагуу зөвшөөрөлгүйгээр ажлаа эхлүүл­сэн барилгыг цэгцлэх ажил өрнөжээ. Уг асуудалд анхаарсан ажлын хэсэг удаа дараа хууль зөрчсөн, норм дүрэм баримталдаггүй, зөв­шөө­рөл аваагүй компаниудтай уулзаж яваа. Сүүлийн үед баяр наадам, зуны амралтын үеийг далимдуулж санаатай, санамсаргүй аль нь ч бай барилгаа зөвшөөрөлгүй барих нь олшров. Нийслэлийн мэр­гэжлийн хяналтын газ­раас ирүүлсэн мэдээлэлд зөв­шөөр­лийн зөрчилтэй 36 ба­рил­га байгааг дурджээ. Түүнчлэн Улаанбаатар дулаан түгээх сүлжээ компаниас зөвшөөрөл, дүгнэлтгүй 88 барилга сүндэрлэж буй юм. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн зүгээс 51 барилга байгууламж зөрчилтэй, цахилгааны техник үнэлгээ хийлгээгүй болохыг хэлээд байна. Дашрамд сонирхуулахад, нийслэлээс барилгын зөвшөөрөл олгох ажил түргэсч 21-30 хоногт багтаан шийдэж байхаар болжээ. 2013 оны эхний улирлуудад барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой 800 гаруй барилгын өргөдөл, санал гомдол хүлээн авч, шийдвэрлэсэн гэлээ.

Зайлшгүй мөрдөх, анхаарах зүйл

Барилгын талбайн орчимд нийтийн эзэмшлийн талбайн хамгаалалт, тэмдэглэгээг бүрэн хийгээгүй тохиолдолд барилгын ажил эхлүүлэхийг хориглох аж. Гэрэлтүүлэггүй орчинд ажиллах, 1.5 метрээс өндөрт хамгаалалтын бүсгүй байх, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй хүнийг ажилд гаргах, шөнө ажилласан хүнийг амраахгүй үргэлжүүлэн ажиллуулахыг тус тус хоригложээ. Барилгын талбайг бохирдуулах ердийн галлагаатай пийшин ашиглах, нүхэн жорлон байгуулах, гэр хэрэглэх, ажлын талбайд гүйцэтгэгч компанийн зөв­шөөрөлгүй нэвтрэх, согтуу­руулах, мансууруулах бодис хэрэглэсэн хүн ажиллуулах нь журманд харш юм.
Нөгөөтэйгүүр иргэд, олон нийт барилгын үйл ажил­лагаанд дараах эрхийн хүрээнд оролцож болох гэнэ. Нийтийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлага тавьж, гомдол, мэдээлэл, шаардлага гаргах эрхтэй. Мөн барилгын ажлын улмаас хохиролд өртсөн бол гүйцэтгэгч компаниар хохирлоо барагдуулж болно. Хэрэв ажлын талбайд зайлшгүй нэвтрэх шаардлагатай бол зохион байгуулсан маршрутын дагуу явах, аюулгүй байдлын зааварчилгаа авч, хамгаалах хэрэгсэл өмсч, зүүх ёстой. Түүгээр зогсохгүй хууль ёсны дагуу барьж буй барилгын үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр саад учруулахгүй байх үүрэгтэй юм. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нийтлэг журам нь оролцогч бүх талд хамааралтай.
Хэрэв зүйл, заалтыг зөрчсөн тохиолдолд хуу­лийн дагуу хариуцлага хү­лээл­гэнэ хэмээн журам боловс­руулагчид хэл­лээ. 
Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан