Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлыг долоо хоног бүрийн даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлдэг уламжлалтай болсон. Өнгөрсөн долоо хоногт хойшлогдсон “Бүтээн байгуулалтын цаг” өчигдөр хоёр долоо хоногийн ажлын явцын талаар танилцуулснаар эхэллээ. Ерөнхий сайд болон салбарын сайдууд амарч байгаа учраас уг мэдээллийг Шадар сайд Д.Тэрбишдагва удирдан явуулав. Эхний мэдээллийг Зам тээврийн дэд сайд өглөө. Гашуунсухайт-Ухаахудаг чиглэлд тавьж байгаа төмөр замын ажил өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд өмнөхөөсөө нэг хувиар ахисан гэнэ. Төмөр зам барих ажилд туслан гүйцэтгэгчээр есөн компани ажиллаж буй. Энэ онд зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохоор болсон. Эл ажлын хүрээнд Баянхонгорыг Улаанбаатартай холбосон замын ажил 97.8 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын эхээр улсын комисст хүлээлгэж өгөх юм байна. Харин Дорнодын чиглэлийн замын ажил 33.3 хувьтай байгаа гэсэн. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд тус чиглэлийн замын ажилтай танилцаж, 143 км зам тавих ажилд санхүүгийн асуудал хүндрэлтэй байсныг шийдвэрлэж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас мөнгийг нь шилжүүлэхээр болсон ч өнөөг хүртэл мөнгийг нь шийдээгүй байгаад Шадар сайд багагүй бухимдан “Ерөнхий сайд газар дээр нь очиж асуудлыг шийдээд байхад та нар хойрго хандаж байна. Нэн даруй хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөөрэй. Нэг компаниас болж, ажил гацах ёсгүй” гэв. Түүнчлэн Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажил графикийн дагуу явагдаж байгаа гэсэн.
Харин Барилга, хот байгуулалтын яамныхан орон сууцны өвлийн бэлтгэлийг хангуулах чиглэлээр ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 29.6 хувьтай буй гэсэн. Энэ онд инженерийн шугам сүлжээний 56 ажил хийхээс 12-ыг нь гүйцэтгэж байгаа бол 16 ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахаар тендер зарлаад байна. Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр иргэдэд орон сууц олгох ажил хэвийн явагдаж байгаа аж. Харин байрны ам.метрийн үнэтэй холбоотой гомдол санал багагүй ирж буй гэсэн.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт ямар ажил өрнөж буй талаархи мэдээллийг салбарын дэд сайд Ц.Туваан өглөө. Манай улс энэ жил 278 мянган га талбайд улаан буудай тариалжээ. Мөн 13.8 мянган га-д төмс, 7.8 мянган га-д хүнсний ногоо, 9.0 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан байна. Уринш хийсэн газарт хогийн ургамал ургасан учраас одоогоор нэгдүгээр шатны уринш хийгээд байгаа гэсэн. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Төв аймгийн Угтаалцайдам суманд үр тариа хадгалах элеватор барьсаныг ирэх сард хүлээж авах аж. Ингэснээр манай улс 146 мянган тонн үр тариа нөөцлөх байр савтай болж буй юм байна. Үүнээс гадна орон нутагт хүнсний ногоо хадгалах зоорийг улсын төсвийн дэмжлэгтэйгээр барьж байгаа гэнэ. Түүнчлэн Ховд аймгийн Буянт сумын Буянт гол болон Баянхонгор, Төв аймагт услалтын систем барьж байгаа тухай мэдээллийг ҮХАА-н дэд сайд Ц.Туваан өгөв. Энэ жил улсын хэмжээнд 14.6 сая толгой төл хүлээж авсан нь сүүлийн таван жилд гараагүй тоо гэнэ. Тиймээс мал сүрэг өсч байгааг хэлж байсан юм. 18 аймагт 6.5 тэрбум төгрөгөөр 407 худаг гаргахаар тендер зарлаж, одоогоор 120 гаруй худаг ашиглалтад оруулаад байгаа аж. Үүнээс гадна тус яаманд “Чингис” бондоос 253 тэрбум төгрөг өгчээ. Тэд ноос, ноолуур, оёдол, өвлийн хүлэмж, сүү сүүн бүтээгдэхүүний салбарт ашиглах юм байна. Дээрх салбаруудад тоног төхөөрөмж худалдаж авах чиглэлээр захирамж гарсан учраас төслийн нэгжүүд байгуулагдан ажиллаж байгаа аж.
Харин Эрчим хүчний яамныхан өвөлжилтийн бэлтгэлээ хангаад тун завгүй байгаа гэнэ. Засгийн газрын 118 дугаар тогтоолын дагуу нэлээд ажлыг хийж буй гэсэн. Амгалан дулааны цахилгаан станцын газрыг бүрэн чөлөөлж дуусаагүй байгаа. Уг ажилд энэ жил 5.1, ирэх онд 20 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгахаар болжээ. Тэнд томоохон гурван аж ахуйн нэгж байгаа учир газар чөлөөлөх үнэлгээг Сангийн яамнаас хийсэн байна. Гэрээ ёсоор ирэх арванхоёрдугаар сард уг станцын эхний блокыг ашиглалтад оруулах ёстой байсан ч зарим асуудлаас болж хойшлогдсон гэнэ. Станцын зураг төслийг Харбин хотод хийлгэж байгаа бөгөөд үүний дараа Монголын тал баталгаажуулах юм байна. Гүйцэтгэгчээр шалгарсан компани ч нарийвчилсан ТЭЗҮ-гээ батлуулаагүй байгаа аж. Үүнээс гадна ТЭЦ-IV-ийг 100 МгВ-аар өргөтгөх ажил явагдаж байгаа бөгөөд ОХУ-ын тал тогтоолд багтсан үнэ өртгөөр нийлүүлэхээ мэдэгджээ. Харин ТЭЦ-III-ыг 50 МгВ-аар өргөтгөх ажил 65 хувьтай байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын эхээр тоног төхөөрөмжөө хил дээр авчрахаар гүйцэтгэгч компанийнхан тохиролцсон байна.
Үүний дараа Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат улсын төсвийн болон бондын хөрөнгөөр санхүүжиж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Улсын хэмжээнд 1.5 их наяд төгрөгийн төсөлд санхүүжилт олгох ёстой ч эхний хагас жилийн байдлаар 880 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ. Гэтэл одоогийн байдлаар компаниуд 204 тэрбум төгрөгийн санхүүжилт аваад байгаа аж. III, IV улиралд багтаан төслүүдээ яаравчлахгүй бол бондын мөнгийг тэврээд хэвтээд байгаагаас өөрцгүй болон хэмээн О.Чулуунбат дэд сайд онцолж байв. Сайдуудын мэдээллийн дараа Шадар сайд Д.Тэрбишдагва “Гацаад байгаа ажлаа яаравчил. Урин дулаан цаг дуусах нь. Хугацаа богинохон учраас цаг нартай уралдан ажлаа хийх ёстой. Дараагийн бүтээн байгуулалтын цагаар тодорхойгүй байгаа бүхий л асуудлуудаа тодорхой болго” хэмээн үүрэг болголоо.