Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАДГАЛАМЖИЙН ЭРСДЛИЙГ ТӨРИЙН БАНК ҮҮРЛЭЭ

Монголын хамгийн өргөн хүрээтэй, томоохон банкны нэг Хадгаламжийг дампуурлаа гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд газар авсан. Гэтэл дампуурал гэдэг нь үйл ажиллагаа бүрэн зогсон, харилцагчид болон ажилчид хохирч үлддэг үзэгдэл. Харин Хадгаламжийн тухайд Монголбанк сүүлийн хоёр жилийн хугацаанд хяналт тавьж ажилласаар өчигдөр Төрийн банктай нэгтгэх шийдвэрт хүрлээ. Ингэснээр банк дампуурахгүй бөгөөд харилцагч, ажилчдад харьцангуй эрсдэл бага юм.
Монгол орны аймаг, сум, дүүрэг, хороонд нийт 503 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байсан Хадгаламж банк 1.7 сая харилцагчтай. Хэдийгээр дав­хард­сан тоо боловч мон­голчуудын дийлэнх нь халамж, тэтгэмж, тэтгэврийн мөнгөө тус банкаар авдаг учраас хамгийн энэ салбартаа аман хүзүүнд давхиж явлаа.
Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан болон Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Д.Ганбат нар хоёр банк нийлж буй талаар албан ёсны байр сууриа өчигдөр  илэрхийлэв. Тэдний ярианы хамгийн гол агуулга нь “Харилцагчдад ямар ч сөрөг нөлөөгүй” гэх үгс байсан юм.

“Харилцагчдад сөрөг нөлөөгүй”

“Харилцааг эрхэмлэнэ” уриатай ажиллаж ирсэн Хадгаламж өнөөдрөөс техник, 500 орчим АТМ төхөөрөмж, барилга байгууламж, гэрээ үйлчилгээгээ Төрийн банкинд хү­лээлгэж өгнө. Шар, но­гоон навчин бэлгэдэлтэй Хад­галамжийн харилцагч өнөөдөр соёмбын оройгоор бэлгэдсэн Төрийн банкны аль ч салбараар үйлчлүүлж болно. Д.Батсайхан захирал хэлэхдээ “Эрхээ шилжүүлж буй Хадгаламж банкны 1.7 сая харилцагчийн гүйлгээ, зээл, хадгаламжийг цаашид Төрийн банк хариуцна. Гэхдээ гэрээ автоматаар шинэчлэгдээд, анхлан тогтоосон хүү бараг хэлбэлзэхгүй, хугацаа өөрчлөг­дөхгүй хэвийн үргэлжилнэ” гэв.
Харин ч мөнгөө даатгасан санхүүгийн байгууллагынх нь зах зээлийн өрсөлдөх чадвар, баталгаа илүү сайжрах гэнэ. Тухайлбал, тун удахгүй зээл тасалдах, хуримтлалаа алдах эрсдэл нүүрлэж болзошгүй байсан бол Төрийн банк үйл ажиллагааг даан авснаар найдвар төрүүлж буй юм. Түүнчлэн 5000 гаруй ажилтны ажлын байр, цалин хөлс болон салбар нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Гагцхүү Хадгаламжийн ажилтан Төрийн банкных болон хувирч, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлага үүсч байгаа аж.

Яагаад Төрийн банк гэж...

Хүнд байдалд ороод буй Хадгаламжийн “ханиад”-ыг Монголбанк 2011 оноос оношилж эмчилгээ хийжээ. Хяналт шалгалт тавьж, зөвхөн тус банкинд зориулсан ажлын хэсэг гарч ажилласан аж. Албан ёсны вэб хуудсандаа 700 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, ууган банкны нэг, 100 хувь монголчуудын хөрөнгө оруулалттай хэмээн онцолсон  ч хамгийн гол шалгуураа орхигдуулжээ. Тодруулбал, төв банкнаас тавьсан зохистой хэм хэмжээнд хүрэхээ байсан гэнэ. Ганц том хувь нийлүүлэгчид нь үйл ажиллагаагаа шаардлагад нийцүүлэхийг сануулсан ч чадахгүй гэдгээ хэлсэн аж. Түүгээр зогсохгүй өөрөө олон тэрбум төгрөгийн өртэй байж. Нэгэнт ханиад нь үгдэрч хатгаа болсон тул Монголбанк зөвлөлдөж дөрвөн гарц олсны нэг нь Төрийн банкинд эрхийг нь шилжүүлж, харилцагчдыг аврах ажиллагаа юм. Засгийн газар ч үүнийг дэмжиж өчигдөр мэдэгдэл гаргасан билээ.
Монголбанкнаас арилжааны банкуудад тавьдаг олон хэм хэмжээг Төрийн банк сүүлийн гурван жил биелүүлж, давуулан хангаж ирсэн гэв. Тухайлбал, банкны хөрөнгийн эргэлтийн 12 хувиас багагүй хэсэг нь өөрийн хөрөнгө байхыг тусгасан байдаг. Төрийн банкны өөрийн хөрөнгийн эзлэх хэмжээ энэ оны эхний хагасын байдлаар 22 хувьд хүрчээ. Ийм сайн үзүүлэлттэй учраас хүнд нөхцөл байдалтай банктай нэгтгэх нь тийм ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж дүгнэсэн байна. Мэдээж энэ бүхэн иргэд, харилцагч, үйлчлүүлэгчдийн төлөөх үйлс. Хасах үзүүлэлттэй Хадгаламж дээр нэмэх нь эерэг үзүүлэлттэй Төрийн банкийг нэмбэл сөрөг хариу гарна. Гэвч Монголбанкнаас тавьдаг өөрийн хөрөнгө 12 хувь байх шаардлагад нийцэхийн тулд 40 тэрбум төгрөг шаардагдах аж. Харин одоо байгаа 22 хувьдаа хүрэхэд 100 орчим тэрбум төгрөг хэрэгтэй хэмээн Д.Батсайхан захирал өгүүллээ. Энэ бүхэн нь Хадгаламжийн харилцагчдад итгэл төрүүлэх баталгаа юм. Нөгөөтэйгүүр, Төрийн банкны хувь нийлүүлэгч нь Сангийн яам учраас хүндрэл гарах нь харьцангуй бага гэсэн үг.

Банкны өвчнийг “барьдаг” Төрийн банк

Хоёр банкийг нэгтгэх шийдвэр гаргахдаа өмнөх түүхийг харгалзан үзсэн нь мэдээж. Тодруулбал, гурван жилийн өмнө “Зогсолтгүй эргэх хүч” уриатай Зоос банк гэнэт зогсч, дээр дооргүй олон хүн сандаргасан. Үүнтэй зэрэгцэн Монгол шуудан банк  Анод банкны хэрэг мандаж банкны салбар нэг хэсэгтээ л ойр ойрхон найтааж байв. Энэ мэт ханиадыг нам дарсан нь Төрийн банк. Өнгөрсөн хугацаанд маш идэвхтэй ажиллаж, банкны шалгуур үзүүлэлтээрээ давуу талаа бүрдүүлж чадсан. Хадгаламж банкны асуудлыг шийдвэрлэж буй хэлбэр нь хуучин Зоос банкны нөхцөл байдлыг шийдвэрлэсэнтэй зарчмын хувьд адилхан гэнэ. Гэхдээ гол ялгаа нь төрөөс анхаарах байдал юм. Анод, Зоос банк төлбөрийн чадварын доройтолд орж, өр зээлдээ дарагдчихсан учраас тухайн үед төрөөс мөнгө гаргаж харилцагчдыг аюулгүй авч үлдсэн. Харин энэ удаад төр, Засгийн газар ямар ч мөнгөн эх үүсвэр гаргахгүй. Яагаад гэвэл илүү хүндрэхээс өмнө урьдчилсан арга хэмжээ авч сайн үзүүлэлттэй банкинд нэгтгэж байгаа гэнэ.
Дээр өгүүлсэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг банкны дүрмийн сан нэмэх байдлаар зохицуулах боломжтойг албаны хүмүүс хэллээ. Үүнийг Засгийн газарт өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх юм. Цаад утгаар нь авч үзвэл төр 1.7 сая  харилцагчийнхаа санхүүгийн үйл ажиллагааг дампуурлаас хамгаалж, сэргийлж буй хэрэг. Гэхдээ тус банкийг хүндрэхэд хүргэсэн этгээдийн хохирлыг өмнөөс нь төлж, барагдуулсан явдал биш шүү гэдгийг анхааруулж байлаа. Хууль зөрчиж, хууль бус аргаар мөнгө олсон этгээд эрхзүйн хүрээнд зохих шийтгэлээ амсах ёстой гэдгийг онцлох хүн олон.

Хадгаламжийг хүндрүүлэгч этгээд хэн бэ

Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Д.Ганбатад дээрх асуултыг тавилаа. Тэрээр “Хадгаламж банкны хувь нийлүүлэгч хэдэн төгрөгийн зээл авсан тухай асуудлыг бид мэдэхгүй. Өмнөд Африкийн банкнаас 109 сая ам.долларын зээл авсан гэж ярьж байгаа ч албан ёсны бүртгэл бидэнд ирээгүй. Өөрөөр хэлбэл, гадаадын банкнаас зээл авч буй иргэн, аж ахуйн нэгж Монголын аль нэг арилжааны банкаар дамжуулж бүртгэлд оруулах ёстой байсан. Гэтэл тийм зүйл олдохгүй байгаа” гэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгүүлж буй Ш.Батхүү нь “MCS” компанийг үүсгэн байгуулагчийн нэг. 12 салбар компани бүхий “Жаст” группийн эзэн бөгөөд нийт өр төлбөр нь 190 тэрбум төгрөгт хүрээд байгаа гэж эх сурвалж өгүүлж байгаа. 1940-өөд оноос хойш ард иргэдэд орон сууц, нийтийн аж ахуй, нийгмийн халамж, тэтгэвэр болон хадгаламжийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн Хадгаламжийн кассын тогтолцоонд суурилан банк байгуулж байсан. 2009 онд мөн л санхүүгийн хүндрэлд орсон Монгол шуудан банкийг өөртөө нэгтгэж хүрээгээ тэлсэн  банк өнөөдөр ийнхүү сөхрөхөд хүрсэн нь зөвхөн хувь нийлүүлэгчийн өр төлбөртэй холбоотой хэмээн үзэж буй.
Дээрх бүх үйл явцын хүрээлэл сүүлийн хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн ч өчигдөр л тодорхой болов. Монголын арилжааны банкууд дотор томоосоо хоёрдугаарт жагсах Хадгаламж ийнхүү “дампуурч” байхад араас нь жагссан арилжааны банк хэрхэх билээ гэж эргэлзэх хүн бий. Банкны хяналт, шалгалт хариуцсан Д.Ганбат захирал хэлэхдээ “Бусад банкууд манайхаас тавьдаг шаардлагыг бүрэн хангаж байгаа учраас айх зүйлгүй” хэмээн тайвшрууллаа. Юутай ч өчигдөр Хадгаламж банкны сүүлийн өдөр тохиож, өнөөдөр Төрийн банкныхан их ажлаа тосон авч буй юм.
Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан