Монгол Улс зэс, алт, нүүрс, газрын тос, төмрийн хүдэр гээд ашигт малтмалын нөөцөө эрчимтэй ашиглаж эхэлсэнээр эдийн засгийн өөрчлөлтийн огтлолцол дээр зогсч байна. Ашигт малтмалын үнэ өндөр байх үед эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд орсон. Өнөөдөр хэдийгээр эрдэс баялгийн үнэ ханш буурсан ч энэ өсөлтөө хадгалж үлдэнэ хэмээн судлаачид тодорхойлж буй. Дэлхийн банкнаас гаргасан төсөөллөөр энэ оны эцэст манай улсын эдийн засгийн өсөлт 12.3 хувьтай байх таамаг дэвшүүлсэн. Эхний ээлжинд 50 жил ашиглах Оюу толгойн зэс, алт, 100 жилийн нөөцтэй Таван толгойн нүүрсний уурхай нээгдэж бүтээгдэхүүн нь зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн нь ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтийг ирэх жилүүдэд хоёр оронтой тооноос буулгахгүй гэсэн дүгнэлт хийхэд хүргэж буй. Энэ хоёр уурхайн нөөцийг ойролцоогоор гурван их наяд ам.долларт хүрнэ хэмээдэг. Тэгэхээр энэ их баялгийг зөв ашиглаж чадвал Монголын өнөөгийн хүм ам болон ирээдүй хойч үеийн амьжиргааг хангалттай дэмжих хөрөнгө юм.
Гэхдээ энэ нь хөгжил дэвшилд шууд хүрнэ гэсэн үг биш. Өрөөсгөл ойлголт бөгөөд хөгжилд хүрэх боломж байгааг л илэрхийлж буй хэрэг. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын үйлдвэрлэл эдийн засгийн бусад салбартай төдийлөн уялддаггүй, хөгжил дэвшлийг нь дэмждэггүй, ажлын байр олноор бий болгодоггүй. Нэг ёсондоо уул уурхайгаас угшилтай ДНБ-ий өсөлт нь ард иргэдийн амьдралд наалдацгүй, үйлдвэрлэлийн бусад салбараас хол хөндий зүйл. Ийм учраас эрдэс баялаг ихтэй улс бүр ашигт малтмалгүй орны хэмжээнд хүрч хөгжсөн түүх үгүй. Энэ нь эдийн засгийн онолд “Баялгийн хараал”, “Голланд өвчин” гэсэн сөрөг үр дагаварын нэр томъёо гарч ирэхэд хүргэсэн билээ.
Өнөөдөр дээрх хоёр сөрөг үр дагавар манай улсын эдийн засагт илэрч буй юм. Манай улсад явагдаж буй нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн цар хүрээ, хурд экспортын орлого үүний нэг илэрхийлэл. Өнөөдөр манай улсын эдийн засгийн 20, экспортын бүтээгдэхүүний 85 хувийг уул уурхай бүрдүүлж байгаа. Хоёр жилийн дараа гэхэд экспортын 95, ДНБ-ий тэн хагас нь тус салбарт ногдох тооцоо бий. Иймд Монгол Улс Ази номхон далайн орнууд дундаа уул уурхайн салбараас хамгийн их хамааралтай орон болжээ. Үүнийг ашигт малтмал ялангуяа нүүрсний үнэ хэт хямдарсан явдал тодорхой илтгэнэ. Тухайлбал өнгөрсөн оны хагас жилээс хойш нүүрсний үнэ доод цэгтээ тултал хямдарч нүүрс экспортлогч төрийн өмчийн болон хувийн хэвшлийн компаниуд үйл ажиллагаагаа зогсоход хүрсэн. Үүний нөлөөгөөр энэ он гарснаас хойш улсын төсвийн орлого тасарч, гадаад валютын нөөц доошлов.
Энэ эрсдэлээс зайлсхийх гарц нь эдийн засгаа өргөжүүлэх хэмээж буй. Эдийн засгийн тогтвортой өсөлтөө хангахын тулд дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх учиртай аж.
Монгол Улс 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай тул дэлхийд 19-т ордог. Үүнийг 2.8 сая хүн амд хувааж үзвэл нэг хавтгай дөрвөлжин км газарт 1.8 хүн ногдоно. Нийслэл Улаанбаатар 1.2 сая хүн амтай. Тэгэхээр нутгийн бусад хэсэгт нэг хавтгай дөрвөлжин км газарт нэг хүн ногддог гэсэн судалгаа байдаг. Иймд дэлхийд хамгийн сийрэг суурьшилтай орны тоонд зүй ёсоор орно. Энэ байдал нь зам, ус, цахилгаан болон бусад үйлчилгээний дэд бүтцийг хүргэхэд харьцангуй өндөр өртөг, зардал шаарддаг байна.
Авто зам гэхэд л 49 мянган км. Уг замын 6500 гаруй нь хатуу хучилттай гэсэн судалгаа бий. Манай улс цөөн хүн амтай, сийрэг суурьшилтай тул тээврийн зардал өндөр гарах шалтгаан болдог аж. Эрчим хүч ч бэрхшээлтэй. Одоо ажиллаж буй эрчим хүчний системийн 92 хувийг олон жил болсон дулааны цахилгаан станцууд хангадаг. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ өсч буй учир эдгээр цахилгаан станцууд хүчин чадлынхаа дээд хэмжээнд тулж ажиллах болсон. Эрчим хүчний хэрэглээ ирэх онд 1.009 MW болж өснө гэдэг. Энэ нь цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр ойрын хугацаанд зайлшгүй шаардлагатай байгааг харуулж буй хэрэг. Гэтэл нийслэлийн эрчим хүч, дулааны хэрэглээг хангах шинэ цахилгаан станц барина гээд ярихаас хэтрэхгүй өнөөг хүрлээ. Засгийн газар дэд бүтцийн бэрхшээлтэй асуудлаа ойрын хугацаанд шийдэх төлөвлөгөө гаргасан. Уг төлөвлөгөө ёсоор 2011-2016 онд дэд бүтцэд ойролцоогоор 45 тэрбум ам.доллар зарцуулах юм. Эдийн засагч, судлаачдын үзэж буйгаар энэ дэд бүтцийн бэрхшээлээ шийдэж чадвал уул уурхайн хамаарлаас ангижирч эдийн засгийн тогтвортой байдлаа хангах, бусад салбарын хөгжлөө тэтгэх боломж бүрдэх нь.