ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл өнгөрсөн тавдугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Холливудын “Марвел Энтертайнмент” ХХК-ийн ерөнхийлөгч Кевин Фейжэд хандан албан бичиг илгээсэн юм. Энэ бичигт “Төмөр хүн-3” кинонд монгол бичиг, үндэсний уран бичлэгийг маань Террорист бүлгэмийн бэлгэ тэмдэг болгон өвийг тээгчдийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэсэн байгааг дурьдаад, биднээс нөхөрсгөөр уучлал хүсэхийг хүссэн. Тэгвэл уг албан бичгийн хариу иржээ.
“Уг кинонд Монгол уран бичлэгийг гол сүлдээ болгосон нэгэн эсрэг талын зохиомол дүрийн талаар үзүүлсэн байдаг. Киноны эхний хэсэгт тэрээр өөрийгөө алан хядагчдын бүлгэмийн тэргүүлэгчээр зарлаж, ард иргэдийн дунд төөрөгдөл үүсгэдэг. Гэвч тэрхүү зохиомол алан хядагчдын тэргүүлэгчид Их Британийн жүжигчин Тревор Слатеррийн /жүжигчин Бэн Кингслей тоглосон/ ард өөрийн жинхэнэ дүр төрхийг нууцалсан Алдрих Киллиан /Гай Пийрс тоглосон/ гэх жинхэнэ муу талын дүрийн тухай гардаг юм. Зохиомол дүрийг бүтээхдээ Киллиан нь маш олон орноос хэд хэдэн бэлгэдэл түүвэрлэн хэрэглэсэн. Киноны зохиолын дүр болох хорон муу санаатай этгээд нь Монгол Улстай ямар ч холбоогүй бөгөөд Монгол Улсын иргэдийг буруу талаас нь харуулаагүй болохыг илэрхийлнэ” гээд Монголчуудад буруу ташаа сэтгэгдэл төрүүлсэндээ хүлцэл өчиж, ийм үр дагавар гарна гэж төсөөлсөнгүй гэдгээ хэлж, үнэхээр харамсч байгаагаа мэдэгджээ.