Урин дулааны улирал ирсэн болохоор нийслэлд зам засвар, барилга, орон сууц гээд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Барилгын улиралтай зэрэгцэн Засгийн газраас орон сууцны 8+-1 хувийн хүүтэй урт хугацааны зээлийн боломж иргэдэд олгосон орон сууцны эрэлт хэрэгцээг нэмэгдүүлсэн нь ойлгомжтой. Тиймээс энэ үеэр орон сууцны үнэ ханш болон эрэлт, нийлүүлэлт хэр байгааг сонирхлоо. Шинээр баригдаж байгаа, захиалга авах орон сууцны ам.метрийн үнэ ашиглалтад орсныгоо бодвол арай хямд. Тухайлбал, 100-200 мянган төгрөгийн зөрүүтэйгээс гадна ипотекийн зээлд хамрагдаж буй орон сууцны ам.метрийн үнэ илүү өндөр байгаа нь зараас тод харагдана. Орон сууц сонирхож байгаа иргэд хамгийн түрүүнд жилийн найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг сонирхдог болж. Зээлийн урьдчилгаа 30 хувь гэдэг нь иргэдийн нуруунд арай хүнд тусч байгааг шүүмжилсээр байна.
Тэгвэл импотекийн зээлээс бусад арилжааны банкуудын өөрийнх нь нэрийн зээлийн урьдчилгаа 20 хувь байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа Цагдаа хотхоны орон сууц урьдчилгаа 10 хувийг төлөөд гэрээгээ хийж болох юм билээ. Мөн урьдчилгаа төлбөрөөсөө хамаараад ам.метр нь 1.580.000-1.900.000 төгрөг бөгөөд дунджаар 1.8 сая төгрөгөөр тооцож байгаа гэдгийг борлуулагч хэлж байв. Харин Номноо-3 хотхоны хувьд Нарны замын Миний хапер маркетын баруун талд байрлах бөгөөд ам.метр нь 1.950.000 төгрөг гэсэн. Ингээд ипотекийн зээлийг сонирхож буй иргэд хэр байгаа талаар сурвалжлахаар баасан гарагийн 15:00 цагийн үед Голомт банкны салбараар орлоо. Орон сууцны зээлийн хэсэгт бараг хүн алга. Хааяа ганц нэг хүн ирж зээлийн талаар сонирхоод л өнгөрөх аж. Орон сууц сонирхож байгаа өөрийгөө С.Бүрэн хэмээн танилцуулсан иргэн “ Байр худалдаж авъя гээд явахаар тэнгэрт хадсан үнэ хэлэх юм. Захын хорооллын орон сууцны ам.метрийн үнэ арай бага ч дэлгүүр үйлчилгээний төв, хүүхдийн тоглоомын газаргүй тохижилт байхгүй. Иргэд орон сууцны үнэд яг үнэндээ дарлуулж байна. Төрөөс ямар нэг зохицуулалт хийгээсэй. Тэгэхгүй бол шинэ хуучин байрыг мөнгөнд шунасан хэдэн ченж аваад л аманд орсон үнээ хэлж зарах боллоо. Орон сууц олноор нь бариад байна л гэдэг. Гэтэл үнэ буурч байгаа юм алга” гэв.
Харин Худалдаа хөгжлийн банкаар орвол орон сууцны зээл хөөцөлдөж байгаа хүн цөөнгүй харагдлаа. Ипотекийн зээлийн нээлтийг тус банк хийсэн болоод ч тэр үү хөл хөдөлгөөн ихтэй байв. Иргэн Батмөнхтэй уулзахад “ Зээл хөөцөлдөнө гэдэг ч баргийн хүн хийх ажил биш юм. Ийм бичиг баримт бүрдүүлээд ир гээд явуулна. Бүрдүүлээд ирэхээр тэрийгээ авч ир гэх юм. Бүртгэлийн газраас авдаг лавлагаанууд их төвөгтэй. Азаар орон сууцны зээл авахад шаардлагатай бүртгэлийн газраас авдаг лавлагааг банкууд онлайнаар авдаг болж байгаа юм гэнэ” гэв. Орон сууцны үнэ ханшийн талаар тэрээр “ Би хоёр өрөө байр 75 саяар авч байгаа. Хоёр жилийн өмнө 55 сая төгрөгт авч болохоор байсан. Гэвч зээлийн шалгуур давж чадахгүй байсаар өнөөг хүрсэн. Үл хөдлөхийн зуучлагч нар намайг орон сууцны үнэ хамгийн өндөр байдаг үеэр байр авчих юм хэмээж байна билээ” гэлээ. Харин орон сууцны үнийн өсөлтийн талаар “Тэнхлэг зууч” компанийн захирал Б.Мөнхнарангаас тодруулахад “Орон сууцны зээлийн нийлүүлэлтэд үнэ шууд хамааралтай байдаг. Өмнөх жилүүдэд орон сууцны зээлийн нийлүүлэлт нэмэгдэхэд үнэ нь дагаад өсч байсан. Энэ оны хувьд ажиллах хүчний зардал нэмэгдэж байгаатай орон сууцны үнэ холбоотой. Тухайлбал, барилгын туслах ажилчдын өдрийн цалин өмнө нь 15 мянган байсан бол 25 мянган төгрөг болж өссөн. Энэ мэт олон зүйл бий. Шинэ орон сууцны ас.метр нь дундаж үнэ одоогоор сая 918 мянган төгрөгийн үнэтэй байна. Өмнөх онуудын хувьд, орон сууцны үнийн өсөлтийг ажиглахад, орон сууцны зээл 2007 онд хамгийн ихээр олгогдож байсан. Үүн дотор хуучин орон сууцны үнэ маш их өссөн байсан. Ерөнхийдөө энэ нь байнга ажиглагддаг үнийн өөрчлөлт юм. Харин энэ улирлын хувьд орон сууцны үнэ өснө. Учир нь жил бүрийн гуравдугаар улиралд орон сууцны үнийн өсөлт хамгийн дээд цэгтээ хүрдэг” хэмээн ярьсан юм.
Ер нь нийслэлд дахин төлөвлөлтийн ажил явагдаж, жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр барилгын компаниуд энэ зуныг толгой өндийх завгүй үдэж байна. Энэ онд өмнөх жилүүдээс хамгийн их буюу 19-25 мянган айлын орон сууц ашиглалтад орно гэсэн тооцоо бий. Харин иргэд энэ олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа хойно орон сууцны ам.метрийн үнэ буурна гэсэн хүлээлт тээсээр. Орон сууцны үнэ буурахгүй байгаа ч ипотекийн зээл авсан иргэний тоо нэмэгдсээр байна. Хөтөлбөр хэрэгжсэн эхний 20 хоногт өмнө олгосон ипотекийн зээлээс 773.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 12 мянга 677 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 362.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлжээ. Тэгвэл иргэд 183.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 1925 иргэнд 97.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгосон байна.