Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнэ нэмэх шийдвэр гаргалаа. Энэ талаар тус хорооны дарга С.Отгонбаяр “Эрчим хүч, дулааны хэрэглээнээс хамаарсан үнийн зохицуулалт хийлээ. Ахуйн хэрэглэгч нар ганц тариф мөрдөнө. Тухайлбал сард 150 киловатт хүртэл цахилгаан ашигладаг айл өрх нэг киловаттад нь 79 төгрөг төлж байх юм. Хэрэглээ нь 151 киловаттаас давбал 96 төгрөг байна. Харин ард иргэдийн нуруунд ямар нэг ачаалал өгөхгүйн үүднээс аж ахуйн нэгжийн хэрэглэж буй цахилгааны үнийг 20 хувиар нэмсэн. Энэ нь тэднийг цахилгааны хэрэглээгээ зохистой байлга л гэсэн үг. Мөн уул уурхайн компаниуд Монголын эрдэс баялгийг ашиглаад татвар бага төлдөг, хямд үнэтэй цахилгаан хэрэглэдэг. Тэдний хэрэглээ нь эрчим хүчний нийт хэрэглээний 40 гаруй хувийг эзэлж байна. Иймд уул уурхайн компаниудын ашиглах эрчим хүчний үнийг 30 хувиар нэмсэн” гэж мэдэгдэв. Харин дулааны үнийг хэрэглэгчид амьдран суугаа орон сууц, байшингийн ам метр талбайн хэмжээнээс хамаарч 3-10 мянган төгрөгийн суурь хураамж сар бүр төлж байхаар болсон аж. Тухайлбал, 40 ам метр талбайтай орон сууцтай өрх сард 3000, 41-80 ам метр талбайтай бол 5000, 81 ам метрээс дээш талбайтай бол 10 мянган төгрөгийн суурь хураамж сар бүр төлнө гэсэн үг. Үнийн энэ нэмэгдэл ирэх сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм.
Эрчим хүчний зохицуулах хорооныхон үнэ нэмсэн шалтгаанаа “Эрчим хүчний үйлдвэрүүдийн техник, санхүү-эдийн засгийн нөхцөл байдал, импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ өсч байгаа зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгч, хэрэглэгчийн хэрэглээнд зохих судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “ухаалаг хэрэглээг дэмжсэн” тарифын зохицуулалт хийх шийдвэр гаргасан” хэмээн тайлбарлаж буй юм. Үнэ нэмэгдэхээс өмнө манай улсад мөрдөж буй нэг киловатт цахилгааны үнэ дунджаар зургаан цент байж. Хэрэв алдагдалгүй ажиллана гэвэл цахилгааны үнийг найман цент буюу 115 төгрөг байх ёстой гэсэн судалгааг Монголын менежментийн холбоо хийсэн байдаг.
Эрчим хүчний салбар өнгөрсөн онд 66 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ алдагдал нь жилээс жилд нэмэгдэж буй бөгөөд 2011 оныхоос бараг хоёр дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл хоёр жилийн өмнө 39 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан аж. Монголын менежментийн холбооны тэргүүн Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжуур “Эрчим хүчний салбар сүүлийн 12 жилийн турш алдагдалтай ажиллаж ирсэн.Тэгэхээр эрчим хүчний найдвартай ажиллагааг 100 хувь хангах боломжгүй болсон. Өнгөрсөн өвөл улсын нийт хэрэглээний цахилгааныхаа 20 хувийг ОХУ-аас импортолсон. Хоёр жилийн өмнө буюу 2011 онд 200 сая кВт цахилгаан импортолсон. Харин өнгөрсөн онд 400 сая кВт болж нэмэгдсэн. Гэтэл сүүлийн дөрвөн жилд импортын цахилгааны үнэ байнга өсч ирлээ.
Өнгөрсөн онд л гэхэд 40 тэрбум төгрөгийг импортолсон цахилгааны үнэд төлсөн байна” гэж зургадугаар сард сэтгүүлчидтэй уулзахдаа хэлж байв. Алдагдлаас гадна эрчим хүчний салбарт тулгамдсан нэг асуудал бол Цахилгаан станцуудын насжилт. Хамгийн залуу “ТЭЦ-4” гэхэд л ашиглалтад ороод 30 жил өнгөрчээ. Хөгшин нь “ТЭЦ-2” бөгөөд 52 жилийг үдсэн аж. Иймд хэчнээн өргөтгөл, их засвар хийгээд ч жил ирэх тусам нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны хэрэглээг гүйцэхгүй юм. Тэгэхээр цахилгаан, дулаан үйлдвэрлэх шинэ цахилгаан станцыг яаралтай барих нь нэн чухал болжээ.