Эрчимжсэн мал ахуй хөгжүүлэхэд төр, засгаас бодлогоор дэмжиж байгаа. Одоогоор эрчимжсэн мал аж ахуйн хөгжил ямар төвшинд яваа болон цаашид хэрхэн хөгжүүлэх талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэлтэй ярилцсан юм.
-Эрчимжсэн мал аж ахуйн хөгжүүлье, ферм байгуулъя гэж сүүлийн жилүүдэд их ярих боллоо. Төр засгаас ч тодорхой бодлого хэрэгжүүлж, дэмжиж байгаа. Манайд одоогоор хэчнээн ферм үйл ажиллагаа явуулж байна?
-Эрчимжсэн мал ахуй манай улсад өмнө нь ч байсан юм. Социализмын үед нэлээд эрчимтэй, далайцтай хөгжиж байсан. Харамсалтай нь 1990-ээд онд мал хувьчлахад тарж үгүй болсон юм. Цөөн тооны хэдхэн хүн хувьчилж авсан хэдэн үнээгээ л авч үлдсэн. Үүнд Засгийн газар дүгнэлт хийж 2003 онд мал аж ахуйг дэмжих хөтөлбөр гаргасан. Ер нь эрчимжсэн мал ахуйгүйгээр төв суурин газрыг махаар хангахад хэцүү. Энэ ажлын хүрээнд хөнгөлөлттэй зээл, тусламж их үзүүлсэн, гадаадаас сайн үүлдрийн мал оруулж ирсэн. Үр дүнд нь эрчимжсэн аж ахуй нэлээн сэргэсэн. Одоо сүүний үхрийн 970 орчим аж ахуй, 32 мянга орчим үнээтэй. Махны үхрийн аж ахуй 100 орчим Нийт 10 гаруй мянган үхэртэй байна. Шувуу 500 мянга орчим, гахай 30 мянга орчим, зөгий 240 орчим бүл бий.
-Сүүний чиглэлийн аж ахуй нэлээд байдаг юм байна. Гэвч импортын сүүний хэрэглээ ихэснэ үү гэхээс багасахгүй байгаа санагдах юм?
-Манай улс жилд 36 сая литр хуурай сүү импортоор авдаг. Үүнийг зогсоохын тулд ойрын хоёр жилд багтаж өндөр ашиг шимтэй 7500 үнээ гадаадаас авч Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы ойролцоо нийт 25 ферм байгуулвал 2014 он гэхэд импортын сүүний шаардлагагүй болно гэж тооцсон. Энэ ажлын хүрээнд Чингис бондоос 27,7 сая ам.доллар Засгийн газар баталж өгсөн байгаа.
Үүнээс 22,5 тэрбум төгрөг нь үхэр импортлоход зарцуулна. Энэ жилдээ 15 ферм, 4500 үхэр импортлохоор төлөвлөсөн. Энэ ажил нийтдээ 60,8 тэрбум төгрөг хэрэгтэй. Засгийн Газраас 33 хувийг нь санхүүжүүлж, Аж ахуйн нэгж 33 хувийг гаргаж, үлдсэн хувийг банкны зээлээр санхүүжүүлэх шийдвэр гарсан. Мөн говийн таван аймгийг сүүний өндөр гарцтай ямаагаар хангана. Эхний ээлжинд Францаас 202 ямаа оруулж ирсэн. Өвөрхангайд нутагшуулж байна. Өдөртөө дөрвөн литр, жилдээ тонн гаруй сүү өгдөг өндөр ашиг шимтэй. Өдөртөө дөрвөн кг өвс, нэг кг нэмэгдэл тэжээл иддэг. Маш бага зардал гаргадаг.
Махны хувьд бэлчээрийн мал аж ахуй жилдээ нэг л удаа нядалгаа хийгддэг. Хомсдол үүсдэг, үнийн савлагаа үүсдэг. Үүний эсрэг Монгол Банк, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаал гарч зоорь агуулах барихаар болсон. Төв суурин, бололцоотой газруудад нь махны аж ахуйг хөгжүүлье гээд 100 тэрбум төгрөг баталсан. Сонгон шалгаруулалт хийгдчихсэн байгаа. Удахгүй ажил хэрэг болно. Тиймээс ирэх дөрвөн жилд махны чиглэлийн аж ахуй хөгжиж үнийг барих боломжтой болно.
-Хүссэн хүн бүхэн ферм байгуулах боломж хомс. Аж ахуйн нэгжүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Тийм л дээ. Нэг хэсэг эрчимжсэн мал ахуйг өөрөөр нь хөгжүүлэх гэж их оролдсон. Гэтэл дулаан байр, цахилгаан, ус, бэлэн тэжээл гээд бэлчээрийн мал ахуйгаас зардал өндөртэй. Энэ салбарт орсон хүмүүс дампуурахад хүрсэн. 300 үнээтэй ферм байгуулъя гэхэд нэг үнээ найман сая төгрөгөөр орж ирж байгаа. Тэгээд дээр нь дулаан байраа бэлдчихсэн, тэжээлээ тарих чадамжтай аж ахуй цөөхөн. Цөөхөн ч гэсэн өөрсдөө фермээ байгуулаад ажиллая гэсэн том компаниуд манайд төслөө ирүүлсэн. Үүнийг нь бид хойшлуулчихсан байгаа. Учир нь зах зээл дээр монополь тогтоох эрсдэлтэй. Тиймээс жижиг боловч олон жил ажилласан туршлагатай фермүүдээ дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
-Тэдгээр фермүүдэд үзүүлэх хөнгөлөлт, зээл тусламж юу байна?
-Эрчимт мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд жил бүр сүүний, махны, гахай, тахиа гээд чиглэл бүрт сонгон шалгаруулалт зарлаж нийт дүнгээрээ 2-3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгодог. Энэ жил гэхэд л сүүний үхрийн аж ахуйн 160 төсөл ирснээс 73 нь тэнцсэн. Энэ бол зөвхөн фермийнхээ үйл ажиллагааг сайжруул гэж өгч байгаа дэмжлэг. 5-10 сая төгрөгийн зээлийг таван жилийн хугацаатай, жилийн 2,4 хувийн хүүтэйгээр Мал хамгаалах сангийн эргэлтийн хөрөнгөөс олгодог. Энэ бол Монголд хамгийн бага хүүтэй зээл. Мөн махны чиглэлийн үхрийн аж ахуйг хөгжүүлэхээр 2011, 2012 онд улсын төсвөөс хөнгөлөлттэй зээл олгож Францаас лемузин, ангус үүлдрийн 300 үхэр Гацуурт компани оруулж ирсэн. Одоо үржиж байна.
-Гүн хөлдөөсөн үр оруулж ирж хиймэл үржүүлэг хийдэг. Тодорхой үр дүнд хүрч байна уу?
-Тийм. Фермийн үхрээ үржүүлэхээр, хиймлээр үнээнүүдээ хээлтүүлдэг. Ямар учиртай вэ гэхээр одоо манайд байгаа үхрүүд бүгд эрлийз. Угсаа сайжраад, сайжраад өнгөрсөн жил дунджаар 2700 литр сүү өгч байна. Гэтэл цэвэр үүлдрийн үнээ жилдээ 10 мянган литр сүү өгдөг. Энэ хоёр тоог харьцуулахад их зөрүү гарч байна. Их харамсалтай зүйл.
-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд тэжээлийн асуудал чухал байх?
-Хамгийн чухал зүйл. Тэжээлийн асуудлыг шийдэхийн тулд арга чарга хайж байна. Сүүлийн үед гарсан эко систем гэж жижиг контейнерт ургуулдаг үйлдвэрийг захиаллаа. 2015 онд орж ирнэ. Гаднаас мэргэжилтэн урьж, Монгол орны орчин нөхцөлд ямар ургамал, тэжээл сайн болохыг судлуулна.
-Манайд энэ чиглэлийн мэргэжилтнүүд байдаг уу. Байдаг бол хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Байгаа. Олон жил фермээ авч явсан, амьдрал дээр олон туршлага хуримтлуулсан малчин олон байна. Мэргэжилтнүүд маань өөрсдөө ферм байгуулаад ажиллаж байгаа. Ямар нэгэн сургалт зохион байгуулахдаа фермерүүдээ урьж оролцуулаад туршлага солилцуулдаг. Онолоо практикаас сурсан олон мундаг хүн бий. Нарийн мэргэжлийн, дагнасан хүмүүс бий. Гэвч жигд хүрэлцээ муу. Тийм учраас бид сургалт зохион байгуулж байна.