Наадмын дараа намар гэж монголчууд яг онож хэлжээ. Ургац хураалт эхэлж байна. Нарийн ногооны ургац түрүүчээсээ гүйцэж худалдаанд гарч эхэлжээ. Хүлэмжинд тарьдаг өргөст хэмх, улаан лооль болон бусад амтат ногооны түрүүч Улаанбаатарын захуудад хүргэгдэн ирж. Ирэх долоо хоногоос буюу 25-наас эхлээд төмс хурааж эхэлнэ. Худалдаалах, борлуулах ажлыг ч төлөвлөчихсөн байгаа аж. Улаанбаатарт 28 цэгт борлуулахаар зэхэж байгаа аж. Бусад хүнсний ногоо ч мөн адил зэрэг, зэрэг сагсайн ургаж хүнсний зах, дэлгүүрийн лангуун дээр өнгө алаглах болно. Тариаланчид хэдэн сарын уйгагуй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх цаг иржээ. Энэ жил улсын хэмжээнд 420 мянган га газар тариалалт явуулсан. Хурааж авах ургацын нийт хэмжээ 300 мянган тонноос давах магадлалтай байна. Энэ жил улсын хэмжээнд 173,6 мянган тонны зоорь бэлджээ. Мэдээж бүх ногоог хадгалахад хаанаа ч хүрэлцэхгүй. Тийм болохоор аравдугаар сарыг гартал худалдан борлуулах ажлыг эрчимтэй зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Улаан буудайн тариалалтын хувьд болц гүйцэх хараахан болоогүй байна. Энэ зун бороо хур элбэгтэй байсан учраас энэ жилийн тариалалтын ажил 7-10 хоног хойшлогдсон. Ургац хураалт ч мөн хэмжээгээр хойшлогдох, оройтох төлөвтэй байгаа. Тиймээс тариаланчид наймдугаар сарын сүүлээр талбайгаа залхаж хадах, зурваслах зэргээр болцыг механик аргаар түргэсгэх арга хэмжээ авах шаардлагатай аж. Үр тарианы агуулахын багтаамж улсад 110 мянган тонн байгаа. Энэ жил энэ тоог 146 мянган тоннд хүргэхээр ажиллаж байна. Төв аймгийн Угтаалцайдам суманд 36 мянган тонны элеваторыг сэргээн засварлаж удахгүй ашиглалтад өгнө. Үүнээс гадна хувийн өмчийн гурилын үйлдвэрүүдэд нийт 295 мянган тоннын багтаамжтай элеватор байдаг. Аж ахуйн нэгжүүдэд мөн үрийн буудай хадгалах 100 гаруй мянган тоннын агуулах бий. Энэ нь нийт ургацаа хадгалахад хангалттай хүрэлцэнэ гэж албаныхан үзэж буй юм. Уринш боловсруулалтын ажил ид явагдаж байна. Энэ жил 300 мянган га уринш боловсруулах төлөвлөгөөтэй байгаа.
ҮХААЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболдоос зарим зүйлийг тодруулсан юм.
-Шинэ ургацын ногоо хэдэн төгрөгөөр зарагдаж байна?
-Ер нь хүнсний ногоочдоос төмсийг дунджаар кг-ийг нь 250-300 төгрөгөөр авдаг. Гэтэл лангуун дээр зарагдахаараа мянга гаруй төгрөг болчихдог. Энэ байдал шинэ ургацын ногооны борлуулалтад ажиглагдаж болзошгүй тул бусад мэргэжлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага анхаарч, оролцох ёстой. Харин одоо зарагдаж байгаа лооль, хэмхний хувьд бөөний үнэ кг нь мянга гаруй төгрөг байгаа. Шинэ ургац болохоор аргагүй.
-Төмс, буудайн хувьд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсон. Бусад хүнсний ногооны хувьд ямар байна вэ?
-Хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээнийхээ 60-70 хувийг хангахыг хичээж байна. 2016 онд бүрэн хангадаг болох зорилт тавьсан.
-Улсад тушаасан буудайд төрөөс тонн тутамд урамшуулал олгодог. Энэ жил хэд орчим төгрөг байх бол?
-Улсад болон гурилын үйдвэрт тушаасан буудайнд тонн тутамд нь урамшуулал олгодог. Хэдэн төгрөгний урамшуулал олгохыг тухайн жилдээ Засгийн газар шийддэг. Энэ жилийн хувьд хараахан тогтоогоогүй байна. Өмнөх жилийн урамшууллаа Цагаан сараас өмнө бүрэн олгож дууссан.
-Өнгөрсөн жил бороо, хуртай байснаас буудайн чанарыг дагаад гурилынх бас муудсан гэж ярьж байсан. Энэ жил цаг уурын байдал яаж нөлөөлөх бол?
-Цаг уураас шалтгаалж маш эрсдэлтэй байдал үүсч мэдэхээр байна. Саяхан гэхэд л наадмын өмнө Сэлэнгэ аймгийн Түшиг суманд хүчтэй мөндөр орлоо. Одоо борооны улирал нь эхэлж байгаа учир ийм аюул ахин давтагдахгүй гэх аргагүй. Шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө халуун байна. Дулааны хувьд тариалалтад тийм ч таатай биш байгаа. Хар чийг их унаж байгаа нь намар их хэмжээний хяруу унах магадлалтай. Гэхдээ одоохондоо орж байгаа борооны хэмжээ ургацад муугаар нөлөөлсөн зүйл байхгүй. Харин наймдугаар сарын 20-ноос хойш бороо хур их бол сөргөөр нөлөөлдөг.
-Техникийн засвар үйлчилгээний ажил ямар төвшинд явж байгаа вэ?
-Техникийн засвар одоо үргэлжилж байна. Наймдугаар сарын 15 гэхэд ургац хураалтын техникийн бэлэн байдлыг бүрэн хангасан байх ёстой. Одоо бидэнд байгаа мэдээллээр техникийн бэлэн байдал 50-60 хувьтай байна. Гэхдээ эцэслэсэн дүн гаргаагүй. Зарим аймгууд наадамтай байгаа учраас мэдээгээ ирүүлээгүй.