Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

299 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ЭХЭЛЛЭЭ

Цахилгаан болон дулааны эрчим хүчний салбарын үйл ажиллагааг тогтворжуулах, өргөтгөл болон шинэчлэл хийх их ажил гараанаас гарлаа. Монгол Улсын Засгийн газрын 118 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр баталсан. Тэгвэл 2013 онд хэрэгжих ажлын гүйцэтгэгч 10 байгууллагын төлөөлөл Эрчим хүчний яам, Хөгжлийн банкны захиралтай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. 2014 он хүртэл хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд 410 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж буй юм. Харин энэ жилдээ 299 тэрбумыг 10 компанийн үйл ажиллагаанд нийлүүлж байгаа. Улсын төсвөөс гадуур зарцуулж буй дээрх хөрөнгийн санхүүжүүлэгчээр Хөгжлийн банк сонгогджээ.
Ж.Түмэн-Аюуш захиралтай “Хасу Мегаватт” компани дөрөвдүгээр дулааны цахилгаан станцад ажил авсан байна. Монголдоо хамгийн том буюу 1.2 метрийн диаметртэй шугам хоолойг 2.5 км урт газар дор байршуулах аж. 60-70 жилийн хугацаанд эргэн ухаж, засвар хийхгүй гээд бодохоор хэдий хэр чансаа шаардсан ажил болох нь ойлгогдох биз ээ. Г.Болд захиралтай “Цагаан хорол” компани “Шинэ Яармаг” хорооллын цахилгааны дэд станц барих угсралтын ажилд томилогдсон. Харин “Хасу Эрчим”, “Герман стандарт” компанийн нэгдэл “Эрчим стандарт” консерциум гуравдугаар ДЦС-ын хуучин зуухыг ашиглалтад оруулах үүрэг авлаа. Тус станцын есдүгээр зуух олон жилийн хугацаанд ажиллагаагүй зогссон гэнэ. “Эрчим стандарт” нь зуухны тоног төхөөрөмж, хуучин эд ангийг шинэчилж ажиллуулна.
“Есөнталст оргил констракшн” компанид СХД-ийн Ханын материалд ажил хуваарилагджээ. Хуучин шугам шинэчлэх, өргөн хоолойгоор солих гээд нийт 9392 метр шугам сүлжээний ажил авсан юм. Харин “БСД-Од” компани 2000 метр шугам шинэчлэхээр боллоо. “Алтай трест” компанийнхан 14 дүгээр хороололд дэд станцын зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх ажээ. Баянголын аманд “Гандирс” хорооллоос “Бортолгой” хүртэл 5383 метр дулааны гол шугам байгуулах гэнэ. Уг барилгын угсралтын ажлыг А.Батбаяр захиралтай “Тэргүүн инвест” компани хийх юм. Харин өргөх насос барих, зураг төслийн ажлыг нь “Монинжбар” компани гүйцэтгэхээр шалгарчээ. Үүнээс гадна “Ирээдүй цогцолбор” хороолол руу цахилгаан болон дулааны эрчим хүч холбох аж. “Илч хангай” компани 10 килоВольтын цахилгааныг хариуцаж 2200 метр кабель татах, зургаан өртөө байгуулах юм. Дулаан хангамжийн дэд бүтцийг “Мегаватт” компани дааж авсан бөгөөд 4100 метр гол шугам, зургаан дамжуулах төвийн барилга босгохоор боллоо.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан