Төрийн өмчийн дөрвөн их, дээд сургуулийн ректорыг сонгох шалгаруулалт энэ оны эхээр эхэлсэн ч дуншсаар өнөөдөр л нэг хариу нь гарах гэнэ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 04-өөс зар тараагдаж, мөн сарын 28-нд 50 хүний материал БШУЯ-нд ирснээр шалгаруулалт эхэлсэн. МУИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС гэсэн Монголын толгой дөрвөн их сургууль нэг хэсэг эзэнгүйдэж, захирлын үүрэг гүйцэтгэгчээр удирдуулж, зарим үед толгойгүй мэт бужигнаан үймээн үе үехэн гараад амжсан билээ. Хэнийг захирлаар сонгочих болоо гээд л нэг нэгнээ хардаж, сэрдсэн цаг өнөөдрөөр дуусгавар болох нь.
МУИС-ийн ректор С.Төмөр-Очир оюутнуудаас мөнгө хураан тусгай дансанд хадгалж байсан нь тогтоогдож салбарын сайдын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн бол бусад сургуулийн ректоруудын гавьяандаа гарах нас нь болсон учраас ажлаасаа чөлөөлөгдөөд байсан нь залуу үеэрээ цус сэлбэх цаг ирснийг гэрчилж байлаа.
Ингээд шат дараатай шалгаруулалтын дагуу анх ирсэн 50 хүний 31 нь сүүлийн шатанд тунасан. ЭМШУИС-ийн ректорын төлөө 10, ХААИС-д долоо, МУИС-д тав, ШУТИС-д есөн хүн өрсөлдсөний дотор ректорын үүрэг гүйцэтгэгчид ч багтжээ. ЭМШУИС-ийн ректорын үүрэг гүйцэтгэгчээр тус сургуулийн Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологи хариуцсан дэд захирал М.Сүмбэрзул ажиллаж байсан бол МУИС-ийнх дэд захирал А.Галтбаяр, ХААИС-ийнх тус сургуулийн Хүний нөөц, бодлогын мониторинг, үнэлгээ хөгжлийн албаны дарга Т.Хэрүга нар ажиллаж байсан юм.
Тэдний хүндхэн шалгуур бол мөрийн хөтөлбөрөө олонд танилцуулж, санал авах байлаа. Хэрэв сургуулийн ректороор сонгогдвол сургалтын чанар, сургуулийн орчин, боловсон хүчний чадамжийг хэрхэн сайжруулах талаар тусгасан А4-ийн хэмжээтэй таван нүүр мөрийн хөтөлбөр боловсруулсан байх ёстой гэж шалгаруулалтын хамгийн анхны шаардлагад тусгасан байсан. Энэ дагуу хүн бүр өөрийн хийж чадах зүйлийн дагуу боловсруулсан мөрийн хөтөлбөрөө сургуулиудын цахим хуудсанд нэрээ нууцлан тавьж, өчигдрийн 18 цаг хүртэл санал хураасан. Шалгаруулалтын үеэр нэр дэвшигчид нэг нэгнээ дэмжиж байсан ч, яамны шалгаруулалтанд сэтгэл дундуур байгаа нь харагдаж байсан. Учир нь цахим хуудсаар явуулсан санал хураалтын үеэр нэр дэвшигчид өөрийн хөтөлбөрөө бусдад заан өгч, санал өгүүлж байсан гэнэ. Гэхдээ энэ санал хураалтын дүн шалгаруулалтанд ноцтой нөлөөлөхгүй бөгөөд зөвхөн таван хувийг нь эзлэнэ гэдгийг БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр дуулгасан.
Үүний дараагийн шатны шалгаруулалт бол БШУЯ-наас томилогдсон ажлын хэсэг сургуулиуд дээр ажиллаж, ректорт нэр дэвшигчдийн дунд ярилцлага хийж, сургуулийн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлсэн билээ. Эцсийн дүн нь өнөөдөр тодорхой болох юм.
Унасан бөх ууртай гэдгийн адилаар шалгаруулалтын эцсийн дүнгийн араас хэл ам гарах нь хууль. Гэхдээ гарсан хэл аманд хариулттай байхын тулд БШУЯ-наас томилогдсон ажлын хэсэг хянуур ажиллаж байгаа нь шалгаруулалтын үеэр илт байлаа. Өмнө нь их, дээд сургуулийн ректорыг сургуулийн удирдах зөвлөл сонгодог уламжлалтай байсан. Гэтэл энэ жилийн хувьд БШУ-ы сайд Л.Гантөмөр журмыг шинэчлэн баталж, захирлуудын үүргийг чангаруулсан нь олон хүний дургүй зэвүүцлийг зэрэг төрүүлсэн. Бүр цаашлаад төрийн өмчийн их, дээд сургуулийн ректорыг яамнаас сонгон шалгаруулах болсон нь намын томилгоо ч байж болох хэмээн сэрдэх нэгэн ч гарсан. Мөн үүнд сайд, дарга нарын танил шалгарах нь тодорхой хэмээн ярилцах хүмүүс ч байсан. Тэгвэл шалгаруулалт олон хүний нүдэн дээр, тэр тусмаа өрсөлдөгчид нэг нэгнээсээ юугаараа давуу, юугаараа дутуу гэдгийг нь ч хянах боломжтой явагдсанаараа онцлог юм. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Б.Насанбаяр “Яамнаас бол шалгаруулалтанд оролцогчдийн мэргэжлийн ур чадварыг онцгой анхаарсан. Харин сургуулийн удирдах зөвлөлөөс төлөөлөл оролцуулсан нь цаашид тус сургуулийг аваад явж чадах хүн сонгох боломжийг олгож байгаа хэрэг” гэсэн юм.
Ямартаа ч удаан хугацаанд дуншсаны үр дүнд, өндөр босготой шалгаруулалт дуусч эзэнгүй гэгдэж байсан дээрхи дөрвөн сургууль эзэнтэй боллоо.