Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАРАНХУЙТАЙ ХАЯА ДЭРЛЭН ХӨГЖИЖ БУЙ НИЙСЛЭЛ

Улаанбаатар хотод цахилгааны гэрээт хэрэглэгчийн тоо 242.6 мянга хүрчээ. Үүнээс 16.9 мянга нь аж ахуйн нэгж, бусад нь айл өрхүүд гэнэ. Тодруулбал, гэр хорооллын хэрэглэгч 125.6 мянга, орон сууцны хэрэглэгч 100.4 мянга байгаа юм. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ /УБЦТС/ хувьцаат компанийн үйл ажиллагаатай нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс танилцлаа. Компанийнхаа тухай гүйцэтгэх захирал С.Төмөрхүү “Бид нийслэлийн бүх дүүргээс гадна Төв аймгийн 16 сумын цахилгаан хэрэглээг зохицуулдаг” хэмээн танилцуулсан юм.
Мэргэжилтнүүдийн хэлснээр эрчим хүч хэрэглэгчдэд хүртлээ хоёр үе шат дамждаг. Цахилгаан станцад үйлдвэрлэсэн эрчим хүч  110, 220 вольтын хүчдэлээр дамжаад хуваарилах буюу түгээх сүлжээний дэд станцад хүрнэ. Эндээс өрх бүрт жигд хуваарилагдан цахилгаан залгуурт хүрч, чийдэнг гэрэлтүүлдэг. УБЦТС компанийн хийдэг ажил нь эрчим хүчийг цахилгаан станцаас дэд станц руу дамжуулах, дэд станцаас цааш хэрэглэгчид хүргэх юм. Хэрэглэгчид хүргэхийн тулд 35 килоВольт, 6-10 килоВольтын хоёр төрлийн дэд станц ашиглаж байгаа аж. Төрийн өмчит компанийн мэдэлд 35 кВ-ын 86 ширхэг, 6-10 кВ-ын 3417 ширхэг дэд станц ашиглагдаж байгаа хэмээн УБЦТС компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү хэллээ. Эдгээр станцыг хэрэглэгчидтэй холбохын тулд 3185.7 км урт дамжуулах шугам ашигладаг аж. Гэвч дэд станцууд, дамжуулах шугам, кабелийн дийлэнх нь хувийн хэвшлийн мэдэлд, бусад нь төрийн өмчит юм байна.
Тус компанийн зовлон дэд станцуудаа яаралтай шинэчлэх шаардлагатай гэдгээс эхэллээ. Дээр өгүүлсэн 35 кВ чадалтай 86 дэд станцын 42.6 хувь, цахилгаан дамжуулах шугамын 52.6 хувь, 6-10 кВ чадалтай дэд станц болон шугамын 60 орчим хувь нь 30-аас илүү жил ашиглаж байгаа гэв.
Мэдээж хэрэг, станц болон дамжуулах шугам цаг хугацаа өнгөрөхөд хуучирч, муудсан тул осол, гэмтэл гарахад бэлэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр хэт их ачаалалтай удаан ашиглах нь насжилт, хэрэглээг хумьдаг байна. Сүүлийн таван жилд Улаанбаатар хот дахь цахилгаан хэрэглэгчийн тоо тогтмол өсч буй зургийг С.Төмөрхүү дарга танилцууллаа. 2008 онд 176 мянган хэрэглэгчтэй байсан бол 2010 онд 199 мянгад хүрчээ. Харин өнгөрсөн жил хэрэглэгчийн тоо 242 мянга давж цахилгаан үйлдвэрлэл ямар ч нөөцгүй, 100 хувь зарцуулагдах болсон аж. Цахилгаан хэрэглэгчийн тоо ийнхүү өсч байгаагийн цаад шалтгаан нь орон нутгаас шилжин ирж, гэр хорооллын хаяа тэлдэг өрх айлууд юм. Хашаагаа барьж, гэрээ босгоод цахилгаангүй хэдэн сар болчихоод газраа батлуулсан хойноо “Тог залгуулъя” хэмээдэг аж. Нэгэнт хэрэглэгч, гэрээ байгуулаад, мөнгө төлье гэж байгаа цагт үгүй гэх газаргүй. Үүнээс гадна шинээр ашиглалтад орж буй орон сууц, барилгыг ч тооцох хэрэгтэй.
Хэрэглэгчийн тоо эрчим хүчний хангамжаас хэтрэх, ачаалал нэмэгдэхийн хэрээр цахилгаан тасалдах магадлал ихэснэ гэсэн үг. Гэвч 2009-2012 онд цахилгаан тасалдсан үзүүлэлтийг харахад үргэлжлэх хугацаа, давтамж нь багассаныг харж болно. Хоногийн 24 цагийн турш иргэд, байгууллагыг цахилгаантай байлгахын төлөө зүтгэж буй УБЦТС компанийн хэмжээнд 2009 оны байдлаар нэг хүнд ногдох цахилгаан тасалдал 2557 минут үргэлжилжээ. Харин 2012 онд тасалдсан хугацаа 2084.5 минут буюу 34.7 цаг болж буурсан байна. Тодруулбал, уншигч та жилд 365 хоног тасралтгүй эрчим хүч хэрэглэх ёстой байтал 1.4 хоногийн хугацаанд  цахилгаангүй суусан гэсэн үг юм. Цахилгаан хэрэглээний ачаалал хэт их болсон учраас таслахдаа 20 минутаар дүүрэг дүүрэгт, хороо хороогоор хуваарилж байсан гэнэ. 2006 онд нийслэлийн эрчим хүчний ачаалал 226 МегаВатт хүрдэг байсан бол 2009 онд 298 МВт болж өсчээ. Харин өнгөрсөн жилийн ачаалал 437 МВт буюу дээрх үзүүлэлтээс хоёр дахин өссөнийг харуулна. УБЦТС компанийн инженерүүд 2013-2014 онд шилжих өвлийн хэт их ачааллыг 506.9 МВт хэмээн урьдчилан таамаглаж байгаа юм.

Хэцүү улирал өвөл

Яагаад өвлийн улирлыг онцлон авч, ачаалал ихэсдэг тухай өгүүлсэн нь утааны хэрэглээтэй холбоотой. Утааны эсрэг ухуулга үйл ажиллагаа эрчимжин идэвхжиж цахилгаан халаагуурын хэрэглээ нэмэгджээ. Түүнчлэн утаагүй түлш, зуух хэрэглэж буй айл өрхийн эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь бууруулсан нь хэрэглээг өсгөхөд багагүй нөлөөлсөн аж. 2012-2013 оны өвлийн улирлыг хэрхэн давсан тухайгаа УБЦТС-ний хамт олон жишээ татан тайлагнав. Үүний тулд 35 кВ-ын дэд станцынхаа 56 трансформаторт хэмжилт хийж, дүнг нэгтгэжээ. 48 трансформатор 80 хувь хүртэл ачаалсан бол зургаа нь 80-100 хувьтай ачаалсан байна. Харин Баянгол дүүрэгт орших Ваар, Чингэлтэйн Дашчойнхор гэхчлэн гэр хороолол дунд байдаг дэд станц 100 хувиас илүү ачаалалтай өвөлжжээ. Ийм нөхцөлд цахилгааны тасалдал, доголдол үүсдэг. Түүнчлэн 6-10 болон 0.4 кВ-ын дэд станцын 1521 трансформаторт мөн хэмжилт хийхэд 238 ширхэг нь 80 хувиас илүү ачаалалтай байсан бол 67 станц 100-гаас дээш хувьтай ачаалан, ажилласан гэв. Өнөөдрийг хүртэл 1924 айл өрх өвлийн цагт цахилгаан халаагуур ашиглаж, шөнийн хэрэглээний 50 хувийн хөнгөлөлттэй тарифаар сар бүр 3000 кВт/цаг хүртэлх эрчим хүч зарцуулж байгаа аж. Харин 45822 өрх утаагүй зуух, түлш, гэрийн хучлага, дулаалга гэхчлэн бусад нөхцлийн хүрээнд шөнийн тариф ашигладаг байна. 2011-2012 онд дээрх хөнгөлөлтөд 1.3 тэрбум төгрөг зарцуулсан бол 2013 онд мөн төдий хэмжээний үнийн урамшуулал олгожээ. Дээрх нөхцлөөр гэрээ хийж хөнгөлөлттэй үнийн эрчим хүч ашиглах гэрээ байгуулсан иргэд 2011, 2012 онд ойролцоогоор 20 мянга байсан бол 2013 оны эхний хагас жилд 47.7 мянга болж эрчимжсэн гэнэ. Тодруулбал, 47.7 мянган айл өрх агаарын бохирдлын эсрэг үйлс дэмжиж, шинэ тарифаар цахилгааны гэрээ хийсэн гэсэн үг.
Харин одоо ирэх өвөл бид яах вэ хэмээх асуудалд оръё. УБЦТС-ний хамт олон дэд станц, трансформатор, дамжуулах шугам болон тоног төхөөрөмжүүдээ засварт оруулаад байгаа. Их засварын ажил 20.8 хувьтай үргэлжилж буй бол урсгал засвар 67.7 хувьдаа хүрчээ. График, төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж буй засварууд 10 дугаар сарын 15-ны өдөр бүрэн дуусах юм байна. Засварын ажлаар мэдээж шинэчлэх, сайжруулах зүйл олон бий. Жишээ нь, техникийн шинэчлэлд 6.1 тэрбум төгрөг төсөвлөөд шинээр шугам татах, дэд станц барихаар ажиллаж байна. Түүнчлэн ухаалаг-тоолуур, дэд станцын зарцуулалтыг хянах алсын удирдлага, гэр хорооллын шийт буюу тоолуур засахад 1.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. Харин хэрэглэгчээ угтах, харилцах, мэдээлэх үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгохын тулд 200 сая төгрөг зарцуулж буй юм. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 17.8 тэрбум төгрөг гаргаж гэр хорооллын айл өрхийг эрчим хүчний шугамд шинээр холбох, дэд станц байгуулах, 6-10 кВ-ын кабель, шугамын шинэчлэх ажил үргэлжилж байгаа. Харин нийслэлийн хөрөнгө оруулалтаас хоёр тэрбум төгрөгийн эх үүсвэр авчээ. Зээл болон агаарын бохирдлыг бууруулах сангийн хөрөнгөөс таван тэрбум төгрөгийн үйл ажиллагаа явагдаж байна. Үүнд, Баянхошууны дэд станцын хүчин чадлыг өргөтгөх, 2012 оны өвөл хэт ачаалалтай ажилласан Дашчойнхор дэд станцын шинэчлэл, дөрвөн фидерийн нэвтрүүлэх чадвар сайжруулах болон хотод 39 дэд станц шинээр байгуулах ажил багтаж буй юм. Баянзүрх дүүрэгт 10, Сүхбаатарт 13, Чингэлтэй дүүрэгт 11, Сонгинохайрхан дүүрэгт гурав, Баянгол, Хан-Уул дүүрэгт тус бүр нэг ширхэг дэд станц байгуулна. Ингэснээр өнгөрсөн өвөл хэт их ачаалалтай ажилласан бүсүүдэд эрчим хүчний хангалт, хэрэглээг тасалдалгүй хүргэх боломж бүрдэх гэнэ.

Цахилгаан хангамжийн хүндрэл

Ирэх өвөл цахилгаан эрчим хүчний хэт ачаалал үүсч болзошгүй хэд хэдэн станц байгаа. Баруун, умард болон өмнөд дэд станц, Баянхошуу, Үйлдвэр, Амгалан, Туул, Хайлааст, Дашчойнхор дэд станц хамгийн их анхаарал татаж буй юм. Хэрэв эдгээр газарт түшиглэн дээрх 39 дэд станцаа байгуулахгүй бол ирэх өвөл хүндрэл үргэлжилсээр байх юм. 2013 оны цахилгааны хэрэглээ 506.9 МегаВатт хүрнэ гэж таамаглаж буй. Энэ жилийн эхний хагас буюу зургаан сарын дотор шинээр бүртгүүлж буй хэрэглэгчийн тоо 2219 хүрчээ. Тэдэнд шаардлагатай эрчим хүчний хэмжээ 322.5 МВт байсан юм. Одоогийн байдлаар 213 МВт буюу 1644 хэрэглэгчид техникийн нөхцөл олгосон аж. Өөрөөр хэлбэл, 1644 хүн энэ жил цахилгаан хэрэглэх зөвшөөрлөө авчихсан гэсэн үг юм. Гэхдээ барилга нь баригдаж дуусаагүй, ашиглалтад орох болоогүй гэхчлэнгээр 2013 ондоо багтаж эрчим хүч хэрэглэхгүй байх магадлалтайг энэ дашрамд санууллаа.
Хотын төвд томоохон орон сууц, оффис буюу ажлын байр, худалдаа үйлчилгээний байгууламж олноор ашиглалтад орж байгаа. Үүний улмаас хотын төвийн урд, зүүн хагасын ачаалал 23.3 хувь нэмэгджээ. Тодруулбал, Олимпын хороо, “АПУ” компанийн орчим, Говь компанийн хавь ойрын цахилгаан хэрэглээний ачаалал өсөх хандлагатай байгаа аж. Ойрын 3-5 жилийн хугацаанд хотын төвийн эрчим хүчний хэрэглээ 20-30 МВт хэмжээгээр нэмэгдэх төлөв гарсан байна. Энэ нь хэт хуучин барилгаа нурааж, оронд нь өндөр, том байгууламж босгож буйтай холбоотой аж. УБЦТС компанийн удирдлагуудын тайлбарласнаар хотын төвд цаашид барилга байгууламж босгох зай талбай үлдээгүй тул шинээр эрчим хүч хэрэглэх зөвшөөрөл хүсэхгүй гэж үзжээ. Хаа нэг газарт зай талбай байгаад, барилга барьж босголоо ч тухайн бүсийн эрчим хүчний хэрэглээ даацаасаа хэтрэхэд дөхсөн, зарим нь давсан учир зөвшөөрөл олгохгүй. Харин нийслэлийн баруун өмнөд хэсэг буюу Яармаг, Нисэх, Шинэ Яармаг хороолол, түүнээс цааших бүсэд эрчим хүчний зөвшөөрөл олгох боломжтой гэлээ. Тиймээс дээрх бүсийн айл өрхүүд ойрын хэдэн жилдээ цахилгааны тасалдал үзэхгүй нь бололтой.

Дахин төлөвлөлтийн мөрөөр

Хотын дарга Э.Бат-Үүл болон албаны хүмүүст УБЦТС-ний хамт олон нэгэн хүсэлт тавьсан нь дахин төлөвлөлттэй холбоотой байсан юм. 2016 он хүртэл хотын 29 байршилд дахин төлөвлөлт хийж буй. Үүнд 61.7 мянган өрх амины орон сууцтай болно. Тэд утаагүй хэрэглээ буюу цахилгаан халаагуур хэрэглэлээ гэж үзвэл эрчим хүчний хэрэглээ нь 469.6 МВт болж байгаа юм. Үүнийг хангахын тулд нэмэлт, шинэчлэл хийхэд УБЦТС ХК-иас 234.8 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо гарчээ. Газар болон зам харилцаа, орчин нөхцлийг маш нарийн тооцохоос гадна эрчим хүчний эрэлт болон хангамжийг харьцуулан бодолцохыг тэд хүсч байлаа. Нэн ялангуяа шинээр байгуулах гэж буй цахилгаан хуваарилах, дэд станцын ажлыг яаравчлуулах талаар санал болгосон юм.
Хотын төвийн ачаалал хэвийн хэмжээнээс хэтэрч, цаашид цахилгаан таслах хэмжээ нэмэгдсээр байх энэ үед дэд станцаа яаралтай барих шаардлагатай. Гэтэл шинээр дэд станц байгуулах газар олдохоо байсан гэнэ. Газрын алба, удирдлагуудад мэдэгдлээ хүргүүлдэг ч түүнийг шийдвэрлэхгүй удах нь бий. Яаралтай гаргаж өглөө ч тухайн газрыг хувийн компани байгууллагууд өмчлөх, эзэмших эрхтэй байдаг гэнэ. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу хотын А зэрэглэлийн төвийн эрчим хүчийг нэмэгдүүлэхийн тулд дэд станц байгуулах нь зайлшгүй. Гэтэл хотоос зааж өгсөн газарт нь хашаа хатгачихаад оруулахгүй байсан гэнэ. Жишээ нь, хүүхдийн паркын 0.1 га талбайг дэд станц болгох шийдвэр бариад очтол цементэн хашаагаар хүрээлчихээд нээж өгөөгүйг хэллээ. Өсөн нэмэгдсээр байгаа эрчим хүчний ачааллын даац удаан хугацаанд хэтэрч, нэг л өдөр бүгд шатаж, гэмтвэл хот тэр аяараа харанхуй суух болно. Үүний уршгаар цементээр хашаалсан компани ч өөрөө хохирно гэдгээ ухаарахгүй байгааг УБЦТС-нийхэн хэлсэн юм.
Нэгэнт газар дээр дэд станц байгуулах боломж байдаггүй бол газар доогуур станц барих асуудал хөндөж эхэлжээ. Германы Франкфурт хотод туршлага судлахаар очтол газрын гүн рүү ухаж цахилгааны хуваарилах станц барьсантай таарсан аж. “Сиеменс” болон “Контекс” компани хамтран босгосон станцынхаа талаар дэлгэрэнгүй яриагүй ч Монголд байгуулах боломжтой гэдгийг олж мэджээ. 35 кВ-ын дэд станцын нэг нь гурван тэрбум төгрөгийн өртөгтэй барьдаг гэнэ. Харин германчууд газар доогуурх станцаа  30 орчим тэрбум төгрөгөөр барьсан аж. Гэхдээ манай улсад байгуулах бол 10 гаруй тэрбум төгрөгт багтаан барих боломжтой гэдгээ илэрхийлжээ. Үүний тулд нарийвчилсан зураг төслийг туршлагатай хүмүүсээр хийлгэж, гүйцэтгэлийг монголчууд өөрсдөө хийх боломжтой хэмээн УБЦТС-ний инженерүүд ярьж байв. Газар доор байгуулсан станцын дээр ногоон байгууламж хийх, хүүхдийн тоглоомын талбай барих зэргээр ашиглаж болно. Үүнээс гадна өөр нэгэн сонирхолтой гарц нь томоохон барилга байгууламжийн хонгил буюу газар доорх хэсэгт дэд станц байгуулж болдог гэнэ. Үүнийг хотын дарга Э.Бат-Үүл олзуурхан хүлээн авч саналаа хэллээ. “Хотын төвд барилга барья гэсэн саналтай маш олон компани ирдэг. Тэдэнд зураг төсөлдөө ийм дэд станц оруул гээд л хэлчихье. Газар хайж, хувийн компаниудаас гуйж явах хэрэггүй” гэсэн юм. Тэрээр энэ асуудлыг “Хийх нь зөв үү, буруу юу гэж суух цаг  биш. Тэгсээр байтал том аюул болох нь. Харин яаж хийх вэ гэдгээ тодорхой ярилцаад хэд хэдэн хувилбар гаргая” гэлээ. Уг гаргалгаа нь, хамгийн эхэнд хотын төвийн хаа нэгтээ үлдсэн 0.1 га талбайг чөлөөлж өгөх. Хоёрдугаарт, газраас доош буюу ухаж станц байгуулах төслийг тодорхой болгох. Сүүлд нь, барилга байгууламжийн доод давхарт станцаа байрлуулах төслөө ойлгомжтой болгох санал гаргасан юм.

Дахиад нэг асуудал

Хэрэглэгч рүү цахилгаан хүргэх процесст оролцож буй бүх зүйл нэн чухал ач холбогдолтой. Дэд станц, дамжуулах шугам болгоны гэмтэл нь хаа нэгтээ айл өрхийн гэрлийг унтрааж буй хэрэг. Тиймээс түгээлт, дамжуулалтын шугамаа хамгаалах асуудал чухалд тооцогдоно. 2006-2007 оны хооронд нийслэлийн бүх дүүргийн Засаг дарга нар шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг баталгаажуулах захирамж гаргажээ. Үүний үр дүнд 35 кВ-ын дэд станц, агаарын шугамын трасс, хамгаалалтын зурвасын байршлын зураг боловсруулж хотын мэдээллийн санд оруулсан аж. Харин одоо 6-10 кВ-ын дэд станц, шугамын хамгаалалтын бүсийг тодорхойлохоор ажиллаж буй юм.
“ХТП” гэсэн тэмдэглэгээ бүхий дөрвөлжин байгууламж нь дэд станц юм. Түүний ойр орчимд барилга байгууламж босгохыг хориглодог. Гэтэл Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХТП-156-ын хамгаалалтын зурваст ШУТИС-ийн өргөтгөлийн хашаа нэвтрэн байршжээ. Мөн тус дүүргийн ХТП-122 цэгийн зурваст орон сууц нийлүүлэн барьсан аж. Цахилгаан, эрчим хүчний хэрэглээ, ашиглалтын журамд үүнийг хориглосон байдаг. Журмаа танилцуулаад орон сууцны компанид мэдэгдэл хүргүүлэхэд авч хэлэлцээгүй гэнэ. Тэр ч бүү хэл “Та нар өөрсдөө наад байшингаа холдуулаад барьчихаач, ийм том барилгыг яаж холдуулах билээ” гэх утгатай зүйл хэлсэн аж. Өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Нарантуул захын хашаанд өндөр хүчдэлийн төмөр шон буюу агаарын дамжуулах шугамын хамгаалалтын зурвас байршсаар байгаа юм. Журамд зааснаар өндөр хүчдэл бүхий шонгоос дор хаяж 10 метрийн зайд барилга байгууламж, үйлчилгээ, үйл ажиллагаа явагдах ёстой.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн 242 мянган хэрэглэгчийн 2723 нь аюулгүй ажиллагааны хамгаалалтын зурваст нэвтрээд байгаа аж. Тэдгээрийн 1981 нь айл өрх байгаа бол 448 нь аж ахуйн нэгж, байгууллага гэнэ. Мөн автомашины гарааж, контейнер, хүнсний мухлаг нийлээд 294 байгаа юм. Нийслэлийн гэрэл гэгээ, ажил хэрэг, амьдралын урсгалыг хангаж буй эрчим хүчний нэг дэд станц нь хэдэн мянган хүний хэрэглээг хариуцдаг гэдгийг иргэд, албан тушаалтнууд ойлгох шаардлагатай. Дураараа авир, хэтэрхий гөжүүд зангаас болж 1.2 сая хүн амтай их хотын эрчим хүчний хүндрэлд саатал, гэмтэл учруулбал хэчнээн тэрбум төгрөгийн хохирол учрахыг бодолцвол зохих юм.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан