Хамгийн сонирхолтой гэж болох тэмцээн Финляндад болсон нь эхнэрээ үүрч уралдан 253,6 метр замыг туулах. Эхнэрээ үүрэхдээ зүгээр ч нэг үүрэхгүй толгойг нь доош харуулан үүрч нэг ёсны буухиа уралдаан шиг төрөл бүрийн бартаат замыг туулдгаараа энэ тэмцээн хамгийн бэрх, бас хамгийн сонирхолтой байдаг байна. Уруугаа харж, нөхрийнхөө толгойг хоёр хөлөөрөө хавчсан эхнэр нь энэ хугацаанд унахгүй байх үүрэгтэй. Энэ тэмцээнд заавал нэг гэр бүлийн хүн байхыг шаарддаггүй, харин бүсгүй нь 18 нас хүрсэн, 49 кг-аас доошгүй жинтэй байх л ёстой гэнэ. Тэмцээний энэ жилийн аварга нь Финляндын Рони Рекомаа.
Энэ тэмцээн бүр XIX зууны төгсгөлөөр Финляндын Росво-Ронкайнер районд бий болсон гэнэ. Энэ нутагт байсан дээрэмчдийн бүлэг шинэ хүнийг эгнээндээ элсүүлэхдээ янз бүрийн шалгуур давсныг нь авдаг уламжлалтай. Түүний нэг нь зэргэлдээ тосгоноос бүсгүй хулгайлж ирэх, энэ нь явсаар өнөөгийн энэ тэмцээн болж уламжлагдсан гэнэ.