Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХОТЫН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОХ “ГУДАМЖ” ТӨСӨЛ

Төв зам түгжрэлтэй байвал туслах замаар ор. Туслах зам битүүрсэн бол хороолол дундуурх замыг сонго. Хорооллын зам, зогсоол нь машинаар дүүрчихвэл гэр хорооллоор сүлжих боломжтой. Гэхдээ түүний тулд мухар, тахир гудамжинд төөрчихгүй, мэддэг байх шаардлагатай. Энэ бол Улаанбаатар хотоор автомашинтай “аялах” үндсэн арга. Хэрэв дээрх зарчим таалагдахгүй бол авто зам дээр гацаж, түгжирч явахаас өөр сонголт бидэнд үгүй. Хилийн чанадын өөр орны хотын төвийн зохион байгуулалтыг харвал орон сууц бүрийн завсраар орчин, засал нь ялгагдамгүй ижилхэн замууд үргэлжилдэг. Яг л кинонд гардаг шиг жигдхэн замаар хотоо бүхэлд нь хэрсэн байдаг. Тодорхой болгохын тулд зарим хотын төвийн хэсэгт хааш хааш 800 метр талбайг сонгож авто замын эзлэх талбайг судалжээ. Японы Саппоро хотын 800 ам.метр талбайн 35 хувийг авто зам эзэлж байгаа бол Финляндын Хелсинк, Шведийн Стокгольм, АНУ-ын Вашингтон хотод дунджаар 30 хувьтай гарсан байна.
Харин манай улсын нийслэлийн аль ч хэсэгт нягтрал хэт их буюу авто замын эзлэх хувь ердөө есөн хувь байгаа. Товчхондоо, Улаанбаатар хотын барилга, байгууламжид оногдох авто зам маш бага гэсэн үг. Эсрэгцсэн хоёрхон урсгалтай нарийн замаар 20 барилгад хүрнэ. Тэнд нийт 200 компани байдаг гэж үзвэл төдий олон байгууллагын харилцагч, үйлчлүүлэгч өнөөх хоёрхон урсгалтай замаар чихэлдэн зорчихоос аргагүй.
1.2 сая хүн амтай Улаанбаатар хотын түгжрэл автомашины тоо ширхэгээс ихээхэн хамаарч байгаа гээд 229 мянган машин руу чичлэх хүн байдаг ч түгжрэлийн цаад шалтгаан нь дээр өгүүлсэн замын дутагдал. Олон жилийн өмнө ойлгож, мэдсэн ч олигтой ажил болж хэрэгждэггүй байсныг Шинэчлэлийн Засгийн газрын Эдийн засгийн яам тэргүүлэн  зоригтой, зорилготой, зохион байгуулалттайгаар шийдвэрлэж эхэлсэн. Ажил хэрэгждэггүй байсан нь олон шалтгаантай байж болох ч хамгийн чухал буюу хөрөнгө санхүүгийн бэрхшээлийг “Чингис” бонд шийдсэнээр ажил хэрэг гараанаас хөдлөх боломж бүрдүүлсэн юм.
Гадаадын зах зээлд босгосон бондын хөрөнгө хаашаа урссан бэ гэж хотын иргэдээс асуувал шинэ зам, шинэчилсэн уулзвараа санахыг зөвлөе. Бондын мөнгөөр юун түрүүнд нийслэлийн өнгө төрх, эрчим хөдөлгөөнийг сайжруулах буюу түгжрэлээс ангижруулах ажил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байна.
ЭЗЯ оройлон хэрэгжүүлж буй төслийн анхны ажил нь зарим уулзвараар автомашинууд нэвтрэн гарах боломж, чадварыг нэмэхэд чиглэсэн. Одоогоор  Саппорогийн аюулгүйн тойргоос гадна Өргөө кино театр, 19 дүгээр хороолол, Дарь-Эх рүү өгсөх замын уулзварыг тус тус шинэчлээд байгаа юм. Харин өнөөдөр үргэлжилж буй нь Төмөр замын дээд сургуулиас Вокзал руу эргэдэг гурван замын уулзвар, Дарь-Эх дэх Дамбын уулзвар, 10 дугаар хорооллоос Нарны зам руу салдаг дөрвөн замын уулзварын ажил. Төслийн хүрээнд 33 уулзварын нэвтрэх чадварыг сайжруулахаар төлөвлөснөөс 27 нь үлдээд байна.
2013-2016 оны хооронд үргэлжлэх “Гудамж” төслөөс хүлээж буй үр дүнг олон янзаар тайлбарлаж болно. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод даац хэтэрсэн авто замын сүлжээ, буруу зохион байгуулалттай уулзвар, цөөн гудамжтай хэрнээ ногоон байгууламжгүй, зам талбай хомсхон гээд дутагдал олон бий. Түүгээр зогсохгүй газар ашиглалт, нягтрал ихтэй, авто зам нь явган замаа шахсан газар олон. Энэ мэтээр нарийн авч үзвэл автомашины утаа агаар бохирдуулахад багагүй нөлөөлдөг нь түгжрэл. Түгжрэлийг шийдвэрлэснээр дээрх бүх асуудлыг хамт шийдэх боломжтой. “Гудамж” төслийн  хамт олны цаашдын зорилтод Монголдоо анхдагч болж буй цөөнгүй ажил багтжээ. Тухайлбал, нийслэлд хурдны зам байгуулах, гэр хорооллын дэд бүтцийг бүрэн шинэчилж, шийдвэрлэх, амьдарч буй хотынхоо өнгө төрхийг олон улсын жишигт нийцүүлэх гээд анх удаа бодитоор хэрэгжих, өргөн хүрээтэй ажлууд юм. Хамгийн их түгжрэл үүсч, төдий хэмжээгээр жижиг осол гардаг дөрвөн ч уулзвараа өнгөрсөн хугацаанд шинэчилж, хотын түгжрэл буурах боломж бүрдүүлснийг бодитой хэмээн онцлохоос ч аргагүй. "Ийм л нөхцөл бүрдэж байж Монголдоо амьдрах итгэл төрнө”, “Удахгүй сэтгэл амар, айдасгүй явдаг болох нь”, “Сэтгэл байвал хийж болдгийг харуулж байна, амжилт хүсье”, “Зүгээр ярих биш хийж чаддаг хүмүүс байна даа” гэхчлэн “Гудамж”-ийн шинэчлэгчдэд талархах иргэн олон. Товчоор хэлбэл хот “яг л кинонд гардаг шиг” болж байгаа нь үнэхээр сайхан.
Бид барилгуудын дундуур гарсан хөндлөн зайг хараад гудамж гэж хэлдэг бол мэргэжлийн хүмүүст гудамж тэс өөр ойлголт байдаг аж. Авто болон явган замтай, гэрэлтүүлэг, гэрлэн дохиотой, ногоон байгууламж, шийдэл дизайнтай, газар дээрх болон доогуурх дэд бүтцээс гадна оноосон нэртэй байсан цагт сая гудамж болдог гэнэ. “Гудамж” төсөлд хамрагдаж, бүтээн байгуулалтад оролцсон иргэн, аж ахуйн нэгж нь тухайн гудамжаа нэрлэх эрхтэй байхаар журамлажээ. Одоогийн байдлаар “Наранбулаг-Хан”, “Пабликроуд”, “Экспресс Зам”, “Пауэр Ложистик”, “Скайстар” зэрэг компани уулзвар шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр ажиллаад байгаа юм. Улаанбаатар хотыг бүхэлд нь хамарсан төсөл учраас гэр хорооллын зам, гудамж талбайг тохижуулах нь үйл ажиллагааны нэгээхэн хэсэг. Нийслэлийн газар нутгийн 70 гаруй хувийг эзэгнээд буй гэр хорооллын нягтралаас хамаарч дэд бүтцийн 25 төв байгуулах гэнэ. Авто замыг гэр хороололд барихдаа газар дээрх болон доогуурх дэд бүтэцтэй хамт байгуулна. Дээрх 25 бичил төв зам доорх дэд бүтцийг зохицуулан, хянах үүрэгтэй. Дэд бүтцэд цэвэр усны шугам, цахилгаан, холбоо, үерийн усны шугам, бохир болон дулааны төв магистраль шугам тэргүүтэн багтдаг байна. Энэ бүхэн нь хашаа, байшинтай ч гал түлж, нүүрс шатаахгүйгээр тухтай амьдрах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Мөн гэр хорооллын байршил, суурьшлын хүрээллээс хамаарч зургаан жижиг оврын цахилгаан станц шинээр барих шаардлагатай хэмээн үзжээ. Гудамжны стандартад тусгасан гэрэлтүүлгийн цахилгааны эх үүсвэр нөхөн сэргээгдэх эрчим хүч байх бол гэр хорооллын иргэд хэрэглээний эрчим хүчний 30 хувийг нарны зай, салхин сэнс, дулааны гэхчлэн экологид ээлтэй үүсвэрээр хангах шаардлага тавих аж. Үүнээс гадна, ногоон байгууламжийг оршин суугчдад хариуцуулахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, ойр хавийн ногоон байгууламж, зүлэг цэцгийн арчилгааг иргэд өөрсдөө харж хандах үүрэг хүлээнэ.

Одоогийн гэр хороолол ямар ч төлөвлөлтгүй, эмх замбараагүй гэдгийг бид мэднэ. Тэгвэл юун түрүүн иргэдтэй зөвшилцөж, мухар гудмыг нээх, тэгш бус хашааг цэгцлэх, аль болох нэгэн жигд болгох ажил өрнөсөөр. Томхон буюу гол гудамжийг сонгож дэд бүтэц болон сайн чанарын зам тавиад, дараа нь туслах гудамж руу зам, дэд бүтцээ салбарлан холбох аж. Гэхдээ хэн зөвшилцөж зөвшөөрнө тухайн газарт бүтээн байгуулах ажлаа хамгийн түрүүнд эхлэх гэнэ. Нийслэлийн удирдлагуудын ярьж, хэлээд байсан хашаа, байшиндаа халуун ус холбож, тохилог амины сууцтай амьдрах нөхцөл ийнхүү бүрдэх учиртай ажээ. Нөгөөтэйгүүр хотын төлөвлөлт, хаяг, гудамжны байршил, нэр тодорхой болж хаанаас ирсэн, хэнбугай ч төөрөхгүй “аялах” боломж бүрдэнэ. Яг л кинонд гардаг шиг.
Улаанбаатар хотод одоохондоо хурдны зам байхгүй ч 2004 онд япончуудын барьж үлдээсэн Нарны замаа хурдны зориулалттай мэт сэтгэх нь бий. Арай чанартай, тууш зам болохоор тэр. Харин “Гудамж” төсөл 2016 онд дуусахад бид хэд хэдэн хурдны замтай болсон байх юм. Өчигдөр монголын анхны хурдны замын шав тавих, барилгын ажил эхлэх байсан ч цуцлагдсан. Зураг төсөл, байгаль орчны үнэлгээний бэлтгэл ажилд нарийвчилсан дүгнэлт хийх шаардлагын улмаас ийнхүү хойшилжээ. Туул голын эрэг даган байрших 33 км хурдны замыг хамгийн чухалд тооцож буй юм. Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл үргэлжлэхдээ нийслэлийн босоо тэнхлэгт 5-6 хурдны зам салаална. Тухайлбал, Баянголын дагуу Найрамдал руу, Баянхошуу буюу Баруун, Зүүн салаа руу зам тавина. Хотын зүүн хэсэгт Улиастай руу зам салах бол хотын төв хэсгээр Хандгайт, Бэлх рүү хурдны зам байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Эдгээр зам нийлээд 89 км болж байгаа бол “Гудамж” төслийн хүрээнд байгуулах хурдны замын нийт урт 122 км. Олон улсын жишгийг үзвэл автомашинаар хот дотор цагт 60-70 км хүртэлх хурдтай зорчих хязгаартай. Харин зориулалтын хурдны замд дунджаар 130 км хүртэл хурдлахыг зөвшөөрдөг аж.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Huuheed huduunii maluud gej haraaj zuhej boldoggui yum.harin ch yos juramtai baigal delhiigee hundelj tsever bailgadag huduunii ajilch malchin mongolchuudaa hotiin bid hun bish bolgoj baina daa.hotiin huu chi huduu ochood oligtoihon mori unaj uurgaar mori uurgalj chadahgui n lavtai.bas boloogui mahk ideh durtai baigaa bailgui dee hotiin huuheed.
Huduunii maluudiig hotiin soyold surgahaas naash butkuee
Хамгийн их уншсан