Түрүү ургасан чихнээс хойно ургасан эвэр урт гэсэн нэг үг байдаг. Шинэ зууны иргэн, шинэ үеийнхэн өсч бойжин, тэдний дундаас олон хүн шат шатны дарга даамал болох нь тодорхой. Тэдэнд зориулсан 15 зөвлөгөө энэ байна.
1. Нэг их чанга биш, тогтуун ярьж сур. Хашгачиж ярьдаг хүн бусдын итгэлийг хүлээж чадалгүй, харин ч сөргөлдөөн бий болгодог. Хурдан ярих тухайд бол таны ярианы чухал чухал зүйлийг хамтрагчид, удирдлагад байдаг хүмүүс чинь анхаарахгүй өнгөрч юу магад.
2. Өөрийнхөө санал бодлыг хэзээ ч, хэнд ч бүү тулга. Харин хүнд өөр өөрийнх нь санаанд тулгуурлан тусалж бай. Тэр нь мэдээж асуултын тусламжтайгаар. Сайн, час хийсэн асуултаар тухайн хүний санаа бодлыг мэдэж, түүнд нь тус болж бай. Асуулт асуух, улмаар бусдын санал бодлыг сонсох урлагт суралц.
3. Өөрийгөө удирдлагадаа байгаа хүмүүстээ зөв ойлгуулж хэн болохоо харуул. Хүн бүрт өөр өөрийн арга бий.
4. Байнга л сургасан, захирамжилсан байдлаар бүү ярьж бай. Ингээд байвал яриа чинь улиг болж, үр дүнгүй болино.
5. Таны хүлээцтэй байдлыг хамтрагчид чинь ойлгож зөвшөөрнө гэж бүү хүлээ. Тайван, хүлээцтэй байдлаа гүйцэтгэх, нөхцөл байдалд тохируулан ажиллахаар соль.
6. Та хамтрагчид, удирдлагадаа байгаа хүмүүстэй илжиг шиг харьцвал тэд өөрсдийгөө бас л илжиг шиг авч явдаг болно. Таны харьцаанаас л тэд чинь илжиг үү, таны хамтрагчид, санаа нэгтнүүд үү гэдэг шалтгаална.
7. Удирдагч хүн нэр хүндийг хаанаас ч авдаггүй. Харин нэр төрийг хөдөлмөрлөж байж олдог. Нэр төр гэдэг удамшиж ирдэггүйтэй адил, албан тушаалыг дагаж ирдэггүй.
8. Хамтрагчид, удирдлагадаа байгаа хүмүүстэй хүндэтгэлтэй хандаж, харьцаж сур. Ингэх нь тэдний зүгээс хүндлэл хүлээнэ гэсэн үг.
9. “Би” гэдгээс аль болох зайлсхий. Таны хэлэх дуртай үг бол “бид”, “амжилт”, “ажил хэрэг” байх ёстой. “Би хэлсэн” гэхийн оронд “ингэх нь дээр байх болно” гэж хэлж сур
10. Хамтрагчид, удирдлагадаа байгаа хүмүүсийн боломж, чадварыг сонирхож энэ талаар байнга ярилцаж бай. “Та юу гэж бодож байна”, “Та чадах уу”, “Болох болов уу”, “Ямар нэгэн хүнд хэцүү зүйл байна уу” гэх зэрэг. Ийм яриа хэдий л их байна татгалзах, эсэргүүцэхийг төдий хэмжээгээр багасгадаг.
11. Удирдлагдаа байгаа хүний алдаа, таагүй үйлдлийн тухай ярихдаа түүний хувь хүнийх нь тухай биш, харин үйлдлийн нь тухай анхаарч бай. Яг өөрийнх нь тухай, хувь хүнийх нь талаар ярихад хүмүүс илүү их эмзэглэдэг.
12. Өөрийнхөө гаргалгаа шийдвэрийг багийнхаа гишүүдтэй хуваалцаж бай. Ер нь хамтрагчдын чинь хэн нэгний хийсэн сайн зүйл бүхэн бусдад нь ил тод байж, үлгэр жишээ болж байх ёстой
13. Таны гол үүрэг бол удирдах гэдгийг ямагт санаж яв. Энэ чинь бусдыг хэрхэн хөдөлмөрлөж байгааг л мэдэж байх, хянаж байх гэсэн үг.
14. Таны хамтрагчид, удирдлагад байгаа хүмүүсийн хувьд хамгийн таатай зүйл бол таны удирдлагын ур чадвар.
15. Удирдах ур чадвар чинь хэдий чинээ сайн байна, доод хүмүүс чинь өөрийг тань хүндэлнэ. Ийм цагт л тэд өөрийгөө хариуцлагатай авч явдаг болно. Сулхан удирдлага хүмүүсийг хариуцлагагүй болгож, улам л эсэргүүцэл, тэмцэл дагуулдаг.