Эдийн засгийн тогтвортой хөгжил рүү хамгийн их тэмүүлэх хүмүүс бол Монголбанкныхан. Улс төрчдийн шоу, үзүүлбэр дуусч, улсын ажил нэгэн жолоогоор урагшилж буй энэ үед төв банкны хамт олон зогсолтгүй эргэх хүчийг цогцлоохын төлөө амралтгүй ажиллалаа. “Урьд нь, Монголбанк ийм идэвхтэй байхыг үзээгүй” гэж хэлэх эдийн засагч ч таарах аж. Засгийн газрын бүрэлдэхүүн дэх Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамнаас ч илүү зүтгэлтэйг иргэд орон сууцны зээлээр л мэдэж авсан болов уу. Гэтэл өнгөрсөн оны аравдугаар сараас, түүнээс ч өмнө мөнхийн хүслэн болсон “Эдийн засгийн тогтвортой хөгжил”-дөө хүрэх төлөвлөгөө боловсруулан ухаанаа уралдуулж байжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, даруйхан гэрээ боловсруулан үзэглэсэн. Дээр өгүүлсэн тогтвортой хөгжил рүү чиглэсэн нэгэн үзүүрт дэд хөтөлбөр зэрэг төрж, есөн сар хэрэгжлээ. Энэ нь, Дөрөв дэх буюу хамгийн отгон нь Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой байдлын хөтөлбөр. Дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилт, явц хэрхэн өрнөснийг, зорилго болон үр дүнг эргэцүүлье. Наадмын хуушуур, бөх, морь, сур, шагайндаа анхаарал тавин буй энэ үед эдийн засгийн ямар нөхцөл хүлээж буйг сануулъя.
“Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах дэд хөтөлбөр”-ийг “TLF” хэмээн томъёолж болно. Гурван жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөрөөр гадаад худалдааны тээвэр, логистикийн дэд бүтэц сайжруулах зорилготой. Дамжин өнгөрөх-ачиж, буулгах цэг буюу логистикоо хөгжүүлсэнээр нийлүүлэлт тасалдахгүй, жигд үргэлжилж, зах зээлд хомсдол үүсч үнэ ханш хэлбэлзэхгүй байх ач холбогдолтой. Товчхондоо, дунд хугацааны дөрвөн хөтөлбөрийн хамгийн чухал, суурь болохуйц ажил гэсэн үг. Есөн сарын өмнө Монголбанк, ЗТЯ-ны тамгаар баталгаажсан хөтөлбөрт хэд хэдэн чухал арга хэмжээ төлөвлөжээ. Сэлгээний ажил болон ачаа ачиж, буулгах ажлыг хурдасгах, Шинэ жил, Цагаан сарын баяраар үүсэх улирлын чанартай ачааллыг бууруулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, өргөн хэрэглээний барааны тээврийн тарифыг бууруулах, БНХАУ-ын Тьянжин боомтын ачаа шилжүүлэх ажлыг түргэтгэх, ачаа тээврийн хугацааг богиносгохоор тусгасан аж. Мөн төмөр замын салбарт ачааны вагоны паркийн хүчин чадлыг нэмэх, зүтгүүрийн паркийг өргөтгөх, Замын-Үүд боомтын төмөр зам, авто замын ачааны терминалын хүчин чадлыг нэмэхээр төлөвлөсөн.
Мэдээж, хамгийн өргөн хүрээтэй буюу бусад хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч үр дүн нь тодорхойлогдох учраас ЗТЯ-ны хариуцсан дунд хугацааны зорилтууд хараахан хэрэгжиж амжаагүй. Гэвч зогсоогүй, урагшилж буйг албаны хүмүүс хэлж байна. Зөвхөн өргөн хэрэглээний бараанд зориулж өдөрт 100-гаас доошгүй вагоноор хангаж 9000 тонн ачааг Замын-Үүд, Улаанбаатарын хооронд 24 цагийн дотор тээвэрлэхийн төлөө хөдөлмөрлөж буй. Төмөр замын шатахууны зардлыг 17 хувиар бууруулахын тулд тусгай зээлийн шугам нээх, шаардлагатай зохицуулалт, журам боловсруулж батлах ажил ид өрнөж яваа аж. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг “Хоёр загал” хэмээх монгол инженерүүдийн зүтгүүрээр хүч нэмж буйг ч мартаж болохгүй юм.
Товчоор “SIFS” хэмээн нэрлэж буй “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр” манай улсын эдийн засагт нэлээд нөлөө үзүүлж буй юм. Нөгөө талаас хамгийн амжилттай хэрэгжиж, богино хугацаанд үр дүнгээ харуулж байгааг ч онцолж болно. Үндсэн зорилго нь, шатахууны жижиглэн худалдааны үнийг тогтворжуулах. Өөрөөр хэлбэл, ШТС-уудаар автомашинд шахдаг бензиний үнийг өсгөхгүй байхад чиглэжээ. Монголбанкны нийлүүлж буй 167 тэрбум төгрөгөөр УУЯ шатахуун импортын хил дээрх өртөгт валютын ханш нөлөөлдөг байдлыг сааруулахад зориулж байгаа. Түүнчлэн манай улсын шатахууны зах зээлийн монополь байдлыг өөрчлөхөд чиглэх ёстой.
“SIFS” хөтөлбөр хэрэгжсэн есөн сарын хугацаанд дээрх зорилгоо бодитоор хэрэгжүүлж эхлээд байна. Сүүлийн хагас жилийн турш шатахууны үнэ огцом өсөлтгүй, харин ч 50 төгрөгөөр буурсан. “Монгол-93” нэртэй “Евро-3” стандартын шатахуун импортолж, ОХУ-ын АИ-92 шатахууны зах зээлийн 20 орчим хувийг эзэллээ. Цаашид хэмжээг нь нэмж, зах зээлийн 40 хувьд хүрнэ гэсэн зорилт тавьсан. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нано технологи, экологид ээлтэй шатах хийн түлш гэх зэргээр шатахууны төрөл олширч, зах зээл харьцангуй хуваагдаж буй юм. Дараагийн зорилт нь шатахууны нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бензин хадгалах сав нэмж барих, тээвэрлэлтийн үнээ бууруулах зэрэг ажил үлдэж буй.
Гурван чиглэлээр хэрэгжих томоохон хөтөлбөр нь “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”-д чиглэжээ. Тухайлбал, махны нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах ажилд 87 тэрбум, гурилын үнийг тогтворжуулахад 61 тэрбум төгрөг зарцуулахаар Монголбанктай гэрээ байгуулсан. Үлдсэн 100 тэрбум төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах нэмж барихаас гадна эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх учиртай. Ямар ч бизнес, үйл ажиллагаа урт хугацаанд, тогтвортой үргэлжлэхэд зээл шаардлагатай учраас Монголбанкнаас нийлүүлсэн хөрөнгийн багагүй хувийг зээлэх юм. Малаар баян монголчууд махны үнэ тэнгэрт хадахыг үзэх ч гэж дээ хэмээн халаглах хүн олон ч үүний цаад шалтгаан нь өнөөх л тээвэрлэлт шүү дээ. Ховдоос хот руу зөөсөн махны ханшинд хэт өндөр шатахууны үнэ шингэдэг. Шингэх, шингэхдээ цаашид өсч болзошгүй эрсдэл, таамагтайгаа хамт нэмэгддэг нь махны үнэ өндөр байх нэг нөхцөл. Нөгөө талаас, олон хүний гар дамжиж, шат шатандаа үнэ нь өсдөг учраас “Хүчит шонхор”-оос худалдан авдаг мах өндөр үнэтэй гэх гаргалгааг эдийн засагч, статистикчид хэлдэг.
Тиймээс ҮХААЯ, Монголбанк хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт хадгалж, нөөцлөх, тээвэрлэх үеийн ханшийг бууруулах арга хэмжээ авч байна. Үүний илрэл нь сүүлийн хэдэн сар махны үнэ огцом өсөхгүй байгаагаар тайлбарлагдана.
ҮХААЯ хэрэгжүүлж буй дунд хугацаат хөтөлбөрөө гурван жил гардан ажиллах юм. Тэдний тавьж буй гол зорилт нь төвлөрсөн зах зээлд 2-7 дугаар сард мал нийлүүлсэн малчдад урамшуулал олгодог болох, махны нийлүүлэлт багасдаг 4-7 дугаар сард экспортлох махны хэмжээг хязгаарлах бодлого юм. Түүнчлэн орчин үеийн технологитой махны зоорийг төрийн өмчит аж ахуйн нэгж хэлбэрээр босгоно. Ойрын 2-3 жилдээ багтаж Эмээлтэд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10 мянган тонн багтаамжтай махны зоорь барих ажээ. Орон нутагт мал нядлах цех олноор байгуулж, малчдын нийгмийн хариуцлагыг сайжруулах, малын татварыг тоо толгой, наслалттай уялдуулж тогтоох зэрэг тогтвортой нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байна.
Хамгийн сүүлд хэрэгжиж эхэлсэн “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” хөтөлбөр нь хамрах хүрээ, эдийн засаг дахь нөлөөллөөрөө бусдыгаа тэргүүлнэ. БХБЯ-тай энэ оны нэгдүгээр сард гэрээ үзэглэж, талууд харилцан тохиролцоод зургадугаар сарын 17-нд албан ёсоор эхлүүлсэн. Гуравхан долоо хоног болж буй эл хөтөлбөрийн үр дүнд 1263 хүн орон сууцаа авсан бол 11497 иргэн өндөр хүүтэй зээлээ жилд найман хувиар тооцон төлөх болоод байна. 20 жилийн турш бага хүү төлж, орон сууцтай болохыг хүссэн хүмүүст зориулж Монголбанк 1.5 их наяд төгрөг зах зээлд нийлүүлэх ёстой.
Дээрх их мөнгө хэд хэдэн ажилд хуваарилагдаж, барилгын салбарыг тал талаас нь дэмжиж байгаа. Үүнд, “Гол нэр, төрлийн барилгын материалын үйлдвэрлэл дэмжих”-д 379 тэрбум, “Гол нэрийн барилгын материалын дотоодын нийлүүлэлтийг тогтворжуулах”-д 64 тэрбум, “Зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материалаа тогтмолжуулах”-д 256 тэрбум, “Дэвшилтэт технологитой, байгальд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх төслийн дэмжлэг”-т 50 тэрбум, “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох”-д 800 тэрбум төгрөг тус тус багтаж буй юм.
Хөтөлбөрийн бодит үр дүн нь дээр өгүүлсэн орон сууцтай болсон мянга гаруй иргэн, зээлээ шилжүүлсэн 10 мянга гаруй хүн билээ. Гэвч үүний цаана халамж хүсч, хөлөө жийж суухын оронд хөдөлмөрлөж л чадвал хэн бүхэн орон сууцтай болж чаддагийг харуулах амьд үлгэрлэл бий. Ажил, хөдөлмөрийн цаана орших нууц орлого, алдагдсан цалинг албан ёсны болгож, хөдөлмөрийн гэрээтэй хүн бүр Нийгмийн даатгалаа сайн дураараа төлдөг болно. Барилгын бүтээн байгуулалт гацалгүй үргэлжилж, нийлүүлэлт нэмэгдсэнээр орон сууцны үнэ ханш өнөөгийн хөөсрөлөөс буудаггүй юм гэхэд тогтворжих учиртай. Нийгмийн даатгалын сан сэргэж, хөрөнгө хуримтлагдсанаар тодорхой зорилгоор эргэлдүүлж, эдийн засгийн өсөлтөд ашиглах гэхчлэн хүлээж буй үр дүн, мөрөөдлийн жагсаалтаа урсгаж болно. Гурван долоо хоногийн бодит ажилд үндэслэн дүн шинжилгээ хийх нь хэтэрхий эрт байгаа ч дээр дурдсан эерэг өөрчлөлтүүд гарцаагүй гэдгийг батлах хүн олон бий.
Эдийн засгийн тогтвортой хөгжил буюу иргэн бүр хөдөлмөрч, эд таваар нь тогтмол үнэтэй, экспорт, импорт нь уул уурхайн хамаарлаа багасгаж, өөр олон эх үүсвэртэй болох үе хэзээ вэ. Уухайн түрлэг, гийнгоон дуу хадсан наадмын үеэр ч зогсолтгүй эргэж буй эдийн засгийн зөв хөдөлгүүр өөрөө тогтвортой хөгжилдөө тун удахгүй хүрнэ. Үүнийг Засгийн газрын яам, бүрэлдэхүүн болон Монголбанк эхний ээлжинд гурван жилээр төсөөлжээ. Магадгүй, түүнээс өмнө ч эдийн засгийн зорьсон өндөрлөгтөө хүрнэ гэх эерүү бодол эрхгүй төрнө.