Нагац ах маань багадаа хичээл номд дургүй, нэлээн сахилгагүй нэгэн байсан гэдэг. Зуны амралтаараа хөдөө очиж, хонь мал хариулдаг байсан тэрээр хэрхэн номтой нөхөрлөх болсон тухайгаа ийн хуучилсан юм.
Дунд сургуулийн тавдугаар ангийн дэггүй жаал хонь хариулах нэрээр хэрээр хэрэн хэсч тоглож наадах нь их. Нэг өдөр хадан цохионы завсар нуугдсан туулайн бүжинг шоглох түүнийг ойролцоох толгодын оройгоос аав нь дурандан суусан гэдэг. Орой нь гэртээ иртэл аав нь гадагш дагуулан гараад “Би чамд нэг нууц хэлье” гэжээ. Гайхсан хүү ихэд олзуурхан сонстол “Хадан цохионы завсар яагаад туулайн бүжин байсныг мэдэх үү? Тэнд чинь туулайнууд очиж ном уншдаг юм. Хадны завсарт өглөө бүр нэг ном байж байдаг бөгөөд түүнийг туулайн бүжин уншиж байсан хэрэг” гэсэн гэдэг. Тэр өдрөөс хойш гэнэн тоомоогүй хүүгээ номд дуртай болгох гэсэн аав нь өнөөх хадны завсарт өглөө бүр нэг ном хийж, тэрхүү номыг нь дэггүй хүү хонио хариулж явахдаа шимтэн унших болжээ. Өдөр хоногууд өнгөрч чамгүй их ном уншсан ахын маань номтой нөхөрлөн сайн найзууд болсон түүх нь энэ.
Ном ертөнцийг харах цонх гэдэг зүгээр ч нэг зүйр үг биш ажээ. Монголын нууц товчоо, Виктор Хюгогийн “Инээмтгий хүн”, Габриэль Гарсия Маркесийн “Зуун жилийн ганцаардал”, М.Шолоховын “Дөлгөөн Дон”, Ф.М.Достоевский “Гэм зэм”, Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн”, Зууны шилдэг роман Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” гээд цаашилбал “Манан будан”, “Ногоон нүдэн лам”, “Керри эгч”, “Морь унасан толгойгүй хүн” гээд л тэнгэрийн оддоос ч олон гайхалтай зохиол бүтээлүүд өөр өөрийн ертөнцөөр уншигчдыг аялуулдаг. Тухайн номны үйл явдал, өгүүлэмж, дүр, он, цаг хугацаа гээд нүдээр үзэж биеэр очоогүй тэдгээр ертөнцийн тухай гагцхүү номноос л тольдох аж.
Хүн аливаа юманд бусдын шахалт шаардлагаас илүүтэй өөрийн хүсэл сонирхолд хөтлөгдөн суралцах нь илүү үр дүн өгдөг аж. Нагац ахын адил ийм л хүсэл сонирхолдоо хөтлөгдөн номтой нөхөрлөж буй 16 мянган залуусыг нэгтгэсэн “Номтой нөхөрлөе” клубийнхэн 21 аймагт 21 мянган ном түгээх их үйлсийг эхлүүлээд удаагүй байна. Энэ мэдээллийг уншигчиддаа хүргэхээр тус клубийн үүсгэн байгуулагч Н.Хүлгэнтэй уулзсан юм. Анх утсаар ярьж хэрэг зоригоо хэлэхэд дуртайяа хүлээн авч Улсын Их дэлгүүрийн зургаан давхарт байрлах “Мажэстик” номын дэлгүүрт уулзахаар цаг товлолоо. Хотоос холгүй явсан түүнийг хүлээх зуураа номын дэлгүүрт худалдан авалт хийж буй хүмүүсийг аживал найман настай балчраас наян настай буурай хүртэл Монголын болоод дэлхийн шилдэг ном зохиолуудыг гарчиглан худалдан авах бөгөөд зарим нэг нь дүүрэн номтой том тэрэг түрчихсэн явааг харахад сайхан санагдсан. Удалгүй хүлээсэн хүн маань ч ирж, анир чимээгүй ноёолсон номын дэлгүүрийн уншлагын танхимд бидний яриа өрнөсөн юм.
-“Номтой нөхөрлөе” клубийг байгуулах болсон зорилго, шалтгаан юу вэ?
-Монголын залуучуудын холбооноос залууст тулгамдаж буй гол асуудлууд юу болох тухай судалгаа хийсэн юм. Судалгаагаар хүн амын дийлэнх нь залуучууд болохоор Монголын асуудал залуучуудынх, залуучуудын асуудал Монголынх гэсэн гаргалгаа гарч ирсэн. Залуучуудад орон сууц, гэр бүл салалт, архидалт тулгамдсан асуудал болсноос гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар байхгүй нь үнэхээр бүрхэг санагдсан. Учир нь, Улаанбаатар хотод архи зарах лиценз бүхий архи согтууруулах ундаатай холбоотой бизнес эрхэлдэг бар, паб, караоке олон мөртлөө залуус цаг заваа зөв боловсон өнгөрөөх газар хомс. Тиймээс залуус бид болохгүй, бүтэхгүй байна гэж зовлон тоочин түнэр харанхуйг зүхэж суухын оронд нэг ч гэсэн лаа асаая гэж клубээ байгуулсан юм. Номонд дуртай, хайртай залуусын нэгдэл гэж ойлгож болно.
-Манайхан нэг үеэ бодвол ном унших нь нэмэгдсэн юм шиг санагдлаа?
-Яг үнэн. Монголчууд номын эртний соёлтой ард түмэн шүү дээ. Судар номоо хадаг, торгонд ороож, баринтаглан дээдэлдэг ард түмэн. Хуучин нийгмийн үед манай улсад номын соёл маш хүчтэй хөгжсөн хэдий ч 1990 оны шилжилтийн үеийн бужигнаанд энэ зүйл гээгдэж, хүмүүс эрдэм мэдлэг, ном сонин гэхээс илүүтэй эд хөрөнгө, бизнес хөөсөн. Харин өнөө үед улс орны нийгэм, эдийн засаг хөгжихийн хэрээр ард иргэдийн амьдрал дээшлэн амин хэрэгцээгээ хангахын сацуугаар нэмэлт орлого нь өссөн. Энэ орлогоо архи дарс, шоу цэнгээнд зориулдаг байсан бол одоо номонд зарцуулах нь нэмэгдсэн хэрэг.
-Клубийн зүгээс хийсэн ажлуудтай танилцсан. Чамгүй хөрөнгө мөнгө шаарддаг байх?
-Тэгэлгүй яахав. Чөлөөт эдийн засаг бүхий зах зээлийн нийгэмд хөрөнгө санхүүгүй бол хөдлөхөд бэрх шүү дээ. Гэхдээ бидний зүгээс шантарч, итгэл алдралгүй зорилгодоо үнэнч байж өдий хүртэл явсаар ирлээ. Хийсэн ажлууд гэвэл, “Шинэ жилийн шидэт ном” нэртэй аяны хүрээнд өнгөрсөн жил шинэ оноо эмнэлэгт угтсан хүүхдүүдэд 1200 ном тарааж, нийт таван эмнэлэгт ажилласан. Мөн “Эрхээ хасуулсан эмэгтэйчүүдээ эргэцгээе” аяны хүрээнд эмэгтэйчүүдийн хорих 407-дугаар ангийн хүмүүжигчдэд Мартын 8-ны баярын өдрийг тохиолдуулан 600 ном, 600 сарнайтай бэлэглэсэн. “Бид нэг Монгол” нэрийн дор 411 дүгээр ангийн хүмүүжигч хүүхдүүдэд 600 ном, рубикийн шоо, оньсон тоглоом зэргийг өгсөн. Мөн дотоодын цэргийн 05 дугаар ангийн номын санд 1000 ном хандивласан. Эдгээр ажлыг хийхэд тус дэм үзүүлсэн цөөнгүй хүн байгаа.
-Одоо хэрэгжүүлэх төслийн тухайд?
-Анх клуб байгуулагдсан цагаас л 21 аймагт 21 мянган ном хандивлах юмсан гэж боддог байлаа. Бодоод л яваад байвал яваад л байх учраас даруйхан эхлүүлье гэж шийдэн саяхнаас номоо цуглуулж эхэлсэн. Эхний ээлжинд эх орны хоймор болсон Хөвсгөл аймгаас аянаа эхлүүлнэ. “21 аймагт 2100 ном” төслийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүрт орчин үеийн ном, орчин үеийн соёлыг түгээх зорилгоор ажиллаж байна. Наадмын маргааш буюу энэ сарын 13-нд номонд хайртай сайхан сэтгэлт хүмүүсээс цуглуулсан мянган номоо аваад Хөвсгөл аймгийг зорино.
Бидний яриа ийн өндөрлөж хамтдаа номын дэлгүүрийн лангуун дээр жирийтэл өрсөн олон номноос гарчиглаж явсаар нэг, нэг ном авч түүнийгээ солилцсон.
Далайд дусал нэмэр... Аймаг бүрт тараагдах 21 мянган номыг далай хэмээвээс нэг ном дуслын төдий аж. Ном унших дуртай, түүнд шимтэн дурлагч, хайрлан дээдлэгч хүн бүр энэхүү төсөлд нэгдэн нэг ч болов ном хандивлах аваас номон далайд дусал нэмж буй хэрэг. 21 мянга гэдэг бага тоо биш. Багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардах эл ажлыг дэмжиж туслах компани, албан байгууллагууд номын гэгээг түгээж буй залуустай хамтран ажиллах боломж нээлттэй. Төслийг эхлүүлээд дөнгөж нэг хонож байхад дунд сургуулийн хүүхдүүдээс аваад зохиолч, яруу найрагчид хүртэл өөрт байгаа ном, зохиол бүтээлүүдээ хандивлажээ. Сурвалжлага хийхээр клубт очих үеэр Баянгол дүүргийн 113 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч А.Мөнхжин уншиж дууссан үлгэрийн номнуудаа барьсаар ээжийгээ дагуулан ирсэнтэй таарсан. Ээж нь “Манай охин үлгэрийн номонд их дуртай. Уншсан номнуудаа хөдөөний хүүхдүүдэд өгнө гээд аваад ирлээ” хэмээн ярив. Мөн энэ үеэр “Моханик” хамтлагийн залуус тус клубт нэгдэхээр ирсэн нь баярлууштай санагдсан. Мөнхжин охин, хамтлагийн залуус эх орны өнцөг булан бүрт үр өгөөжөө хүртээх номон далайд өөр, өөрийн дуслыг нэмэрлэсэн хэрэг. Та ч гэсэн далайд дусал нэмэрлээрэй. “Номтой нөхөрлөе” клубт элсэн эрдэм мэдлэгийн хандив өргөхийг хүсвэл Фэйсбүүкийн “Номтой нөхөрлөе” клубт нэгдэхэд хэн бүхэнд нээлттэй.
Уншиж эхлэе
Нуулгүй хэлэхэд, их сургуулийн хаалга татан оюутан болж орох хүртлээ би ч гэсэн ном унших дургүй байлаа. Хавтсыг нь дэлгэн эхний хэдэн хуудсыг гарчиглаад л нойр хүрэх шиг болж, уншилгүй орхидог байснаа нуух юун. Нэг өдөр дотны найзынхаа гэрт очвол хоёр дүү нь “Тунгалаг тамир” романыг булаацалдан уншдаг тухай найз маань ярилаа. Тэр үед арав гаруй насны хүүхдүүд ном булаацалдан уншиж буйг сонсоод өөрийн эрхгүй юунаас ч юм ичиж билээ. Хожим эл романыг өнөөх нойр хүрч унших хүсэлгүй болдог залхуурлаа ялан дийлж хэрэг болгон уншиж дууссаныхаа дараа өөрөө өөрөөсөө ичсэнээ ойлгосон юм.
Өнөөдөр мэдээллийн сувгууд олширч, техник технологи, интернэт компьютерийн эрин зуунд амьдрах бидэнд бүхий л зүйл хялбар болж, хөдөлмөрийн ачааллыг хөнгөвчилсөөр л байна. Хийх зүйл нь багасаад ирэхийн цагт хүмүүс маш их ярьдаг болсон нь нууц биш. Ярихаас өөр хийх юмгүй хүмүүс унших нь багассан гэлтэй. Ном уншсанаар мэдлэг боловсрол дээшлэхээс гадна ярианы баялаг, үгийн сонголттой болдог. 5-9 настайдаа уншиж олсон мэдлэг насан туршид мартагддаггүй бөгөөд энэ үед хүний суурь мэдлэгийн үндэс тавигддаг ажээ. Мөн оюун ухааны хөгжилд эерэгээр нөлөөлж сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг сайжруулдаг.
Нар гарахаар байгаль сэргэдэг, ном уншихаар тархи сэргэдэг, ногоо шимтэй ном үлдэцтэй, номын ихэд мэдлэг хурдаг нуурын ихэд загас хурдаг, номноос салдаггүй хүний мэдлэг их нойрноос салдаггүй хүний зүүд их гэх мэт ном болоод түүний үр өгөөжийн тухай зүйр цэцэн үгс цөөнгүй. Үнэхээр ч номноос салдаггүй хүний мэдлэг их байдаг. Судалгаанаас үзэхэд, хүн долоо хоногт дунджаар 6.5 цаг уншлага хийдэг бол энэ үзүүлэлт манай оронд 1990-ээд оноос хойш даруй 3.2 болтлоо буурсан ажээ. Энэ мэт номын тухай сонирхолтой тоо баримтыг дурдаж болох юм. Жишээ нь, дэлхий даяар худалдаалж буй нийт номын тэн хагасыг нь 45-аас дээш насныхан авдаг байна. Мөн ихэнх уншигчид 18 дахь хуудаснаас унших сонирхолгүй болж улмаар тэрхүү сонирхол давамгайлсаар байвал 20-25 хуудсын хооронд уншихаа больдог гэнэ. Ямартай ч, номгүй айл гэж байдаггүй. Номын тавиур, гэрийн чинь хаа нэгтээ тоосонд дарагдан хэвтэх номнуудаасаа ганцыг ч болов “Номтой нөхөрлөе” клубийнхэнд хандивласнаар номын гэгээг түгээх ариун үйлсэд оролцон, буян номыг түгээх боломжтой юм. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.