Хэрвээ та ажигласан бол Америкийн хамгийн тансаг зочид буудал хүртэл зочдоо хүний наад захын ариун цэврийн хэрэглээ болсон оогоор хангадаггүй. Зочид буудлын ариун цэврийн өрөөнд L’Occitane-аас эхлээд алдартай брэндийн гоо сайхны саван, шампунь, ангижруулагч, биеийн тос гээд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн өрсөн байх атлаа тэр бүхнээс өмнө хэрэглэх шүдний оо байдаггүй. Ийм энгийн хэрнээ бас төдий л хүн сонирхоод байдаггүй энэ асуултын мөрөөр “Slate” сэтгүүл эрэн сурвалжлахад маш сонирхолтой хариулт олжээ.
АНУ-ын зочид буудлуудын стандарт журамд заахдаа одны зэрэглэлийг тогтоохдоо тэдний санал болгож буй гоо сайхны бүтээгдэхүүн /түүнд зөвхөн саван шампунь гэх мэтийн зүйлс орно/-ээр хэмждэг бөгөөд зочид буудлыг чансааг үнэлэхэд ооны асуудлыг бүрмөсөн мартаж орхижээ. Нэгэнт зочид буудлын үйлчилгээ, тансаг зэрэглэлийг үнэлэхэд шүдний оо ямар байх нь чухал биш, энэ талаар хэн ч шалгадаггүй учраас буудлууд шүдний оог зочдынхоо өрөөнд тавьдаггүй гэнэ. Яагаад танай зочид буудал шүдний оо өгдөггүй юм бэ гэсэн асуултад АНУ-ын 100 гаруй зочид буудлын гүйцэтгэх захирал хариулахдаа яг ийм утгатай тайлбар хэлсэн байна. Тэд мөн “Хэрэглэгчид өөрсдөө хүсдэггүй учраас” гэж тайлбар зүүжээ. Хэрвээ зочин ресепшндээ хандаад шүдний оо өгөөч гэж хүсэх юм бол дуртайяа туслана. Гэвч хэн ч тэгж ханддаггүй учраас шүдний оог хэрэгцээтэй зүйл гэж үздэггүй гэдээ зочид буудлын удирдлагууд хэлжээ.
Тэгвэл АНУ-ын мэргэжлийн байгууллагууд яагаад хүний хамгийн гол хэрэгцээтэй зүйл болох шүдний оог төдий л шаардлагатай бус ангижруулагч, биеийн тос зэргээс илүүд үзэв гэдгийг “Slate” сэтгүүл албаны хүнээс асуужээ. Гэтэл тэдний хариулт бүр хачирхалтайгаар “Зочид буудлуудад анхнаасаа шүдний оо тавьдаггүй байсан учраас” гэсэн утгатай байж. Эндээс харвал америк буудлын эзэд анхнаасаа шүдний оог төдийлэн хайхардаггүй байсан нь өдгөө тэдний үйлчилгээний зэрэг зиндааг тодорхойлоход хэвшил болж, албаны стандарт журмаар ч тэднийг шахаж шаарддаггүй аж. Нэгэнт зочид буудлыг нь сайн муугаар үнэлэхэд шүдний оо ямар ч хамаагүй учраас бизнесийн байгууллага яалаа гэж хэрэггүй зүйлд мөнгөө зарцуулах билээ.
Харин эндээс уншигчдад хэрэгтэй нэг зүйлийг анзаарахад хэрэв та аян замд явахдаа шүдний оогоо авч гарахаа мартсан бол, зочид буудлын өрөөнд тань ч байхгүй байсан буудлынхаа хүлээн авагчид хэлэхэд л хангалттай ажээ.