Манай улсын төсөв бүрдүүлдэг гол бүтээгдэхүүн ашигт малтмалын үнэ нэг л базаахгүй хэвээр. Үнийн энэ уналт нь экспортын хэмжээ буурхад нөлөөлөв. Улсын төсөв бүрдүүлхэд чухал хувь нэмэр оруулдаг ашигт малтмалын экспортын өнөөгийн байдал ямар буйг дор өгүүлье.
Ялангуяа, нүүрсний үнэ, экспорт бүр доод хэмжээндээ байгаа гэж хэлж болно. Энэ онд 30 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө бий. Гэвч эхний таван сарын байдлаар 6.3 сая тонныг экспортлосон нь төлөвлөсөн хэмжээнийхээ дөнгөж 18 хувьд нь хүрч буй юм. Нэг тонн нь 66-135 ам.долларын үнэтэй байна. Судлаачид дэлхийн эдийн засгийн байдал сайжиртал коксжих нүүрсний үнэ өсөхгүй гэдэг. Учир нь, үйлдвэрлэл сэргэж байж түүхий эдийн үнэ ханш өндийх учиртай. Тиймээс эдийн засгийн хямрал энэ онд лав сайжрахгүй гэсэн дүгнэлт судлаачид хийсэн. Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд дөнгөж хоёр хувьтай гарах тооцоо бий. Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт бараг долоон хувиас буурсаар дээрх хэмжээнд хүрсэн хэрэг.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын экспорт 231.7 мянган тонн байгаа юм. Энэ нь, төлөвлөсөн хэмжээ нь тасраагүй гэсэн үг. Дээр нь Оюу толгойгоос он дуустал 300 мянга орчим тонн зэсийн баяжмал экспортод гарна. Энэ ч бас төсөв бүрдэлтэд чамгүй хувь нэмэр оруулах учиртай. Гэвч үнэ ханш нь дэлхийн зах зээлд нэлээд унасан. Нэг хэсэг тонн нь 10 мянган ам.долларт бараг хүрсэн. Үүнээс хойш буурсаар эдүгээ 6900-7000 ам.долларт хэлбэлзэх боллоо. Гэвч шинжээчид дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөг үл харгалзаад зэсийн үнэ унахгүй байх магадлал бий хэмээж байгаа. Учир нь, дэлхийн зэсийн баяжмалын хэрэглээний таван хувийг дангаараа хангадаг Индонезийн Грасбэрг уурхайд осол гарч үйлдвэрлэл зогссонтой холбоотой. Шинжээчид тус уурхай дор хаяж ирэх аравдугаар сар хүртэл зогсох тул зэсийн зах зээлд хомсдол үүсч, үнэ унах бус өсөх магадлал бий гэж таамаглаж буй. Хэдийгээр хямралын нөлөөгөөр зэсийн үнэ унаж байгаа ч ирээдүйд өснө. Яагаад гэвэл, эрэлт жил бүр нэмэгдсээр байгаа. Жишээлбэл, орчин үед орон сууцны ус дамжуулах хоолойг төмөр, хуванцараар хийхээс татгалзах болжээ. Энэ хоёр материал хорт хавдар үүсгэхэд хувь нэмэр оруулдаг учраас тэр. Нөгөө талаар, зэс бактери устгах үйлчилгээтэй. Сүүлийн үед цахилгаан хөдөлгүүртэй авто машин үйлдвэрлэж байна. Ийм машинд бензин хөдөлгүүртэй авто машинаас хэд дахин илүү зэс ордог аж. Мөн дэлхийн хүн ам өсөхийн хэрээр барилга орон сууцны эрэлт нэмэгдэж буй юм. Энэ бүх шалтгааны улмаас зэсийн эрэлт өсч үнэ нэмэгдэх хандлага бий.
Манай улсын төсөвт орлого оруулдаг бас нэг ашигт малтмал бол жонш. Энэ онд 570 мянган тонн жоншны баяжмал экспортолно. Гэтэл тавдугаар сарын байдлаар 107 мянган тонныг борлуулаад байна. Тэгэхээр төлөвлөгөөнийхөө дөнгөж 19 хувийг биелүүлжээ. Уг нь, өдийд тал хувийг нь экспортолсон байх учиртай.
Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 332.6 сая тонн газрын тосны нөөц батлагдсан. Үүнээс 43.2 сая тонн нь ашиглалтын баталгаат нөөц юм. Өнөөгийн байдлаар энэ нөөцөөсөө нийт хоёр сая тонн газрын тос урд хөршид экспортлоод буй. Энэ жил 608 мянган тонн газрын тос экспортлох төлөвлөгөөтэй бөгөөд улсын төсөвт 145.9 тэрбум төгрөг оруулах учиртай. Тэгвэл хагас жилийн байдлаар 286 мянган тонн газрын тос экспортолсон нь улсын төсөвт 64.6 тэрбум төгрөг оруулжээ. Иймд газрын тосноос олох орлого тасрахгүй байх нь.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого тавдугаар сарын гүйцэтгэлээр хоёр их наяд гаруй төгрөг болжээ. Иймд орлогын төлөвлөгөө 14.3 хувиар буюу мөнгөн дүнгээр 335.7 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн аж. Гэвч өнгөрсөн жилийн мөн үеэс 10.5 хувиар буюу 191.2 тэрбум төгрөгөөр илүү байгаа юм. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын 89.2 хувь нь татварын, татварын бус орлогоор 10.8 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна. Үүнээс гадна Тогтворжуулалтын санд 25.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс төвлөрүүлжээ. Хүний хөгжлийн санд 105.1 тэрбум төгрөгийн орлого орсон нь төлөвлөгөөнөөс 33.7 тэрбум төгрөгөөр бага юм. Энэ нь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 24.9, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 8.9 тэрбум төгрөгөөр дутуу биелсэнтэй холбоотой.
Нэгдсэн төсвийн нийт зарлага тавдугаар сарын байдлаар хоёр их наяд 761.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн ч нэг их наяд 872.1 тэрбум төгрөгийн буюу 67.8 хувийн гүйцэтгэлтэй гарав. Төсвийн тэнцэлийн хувьд энэ оны тавдугаар сарын байдлаар зээлийн үндсэн төлбөрт 36.5, дотоод зээлийн үндсэн төлбөрт 1.7, Засгийн газрын богино хугацаат бондын үндсэн төлбөрт 538 тэрбум төгрөгийг тус тус төлжээ. Мөн 17.0 тэрбум төгрөгийн гадаад төслийн зээл авч, 700 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино хугацаат бонд арилжаалсан байна. Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 315.9, нийт тэнцэл 139.3 тэрбум төгрөгийн тус тус ашигтай гарчээ. Өнөөдөр улсын төсвийн зарлага, орлоготойгоо уялдаж бага байгаа юм. Гэвч дэлхийн эдийн засгийн хямрал намжаагүй нь манай төсөвт эрсдэл тулгарах аюул дагуулсаар байна.