Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Галсанжавтай ярилцлаа.
-Сүүлийн үед дүүргүүдэд цэцэрлэг дутагдалтай байгааг хэн хүнгүй ярьж байна. Харин танай дүүргийн хувьд цэцэрлэгийн хүрэлцээ хэр хангалттай вэ?
-Хүн ам олонтой, нягтрал ихтэй дүүрэг шүү дээ. Өнгөрсөн оны байдлаар 192 мянган хүн амтай гэсэн тоо гарсан. Үүнээс 2-5 настай хүүхдийн тоо 14385 байна. Мөн манай дүүрэгт төрийн өмчийн 30, төрийн бус 28 цэцэрлэгт нийтдээ 12654 хүүхэд суралцдаг. Ингээд харахаар хамран сургалт 80 орчим хувьтай. Гэвч энэ бол 100 хүүхэд бүрийн 20 нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй гэсэн үг. Өнөөдөр цэцэрлэгийн суудлын тоо 7010 байхад 12654 хүүхэд чихэлцэн сурч байна. Одоо бэлтгэл бүлгийг төгсөх 2452 хүүхэд байгаа бол зөвхөн шинээр элсэх хоёр настай багачууд гэхэд 3480 байна. Үүнээс гадна 3, 4, 5 настай ч цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд ч бий. Ингээд үзвэл цэцэрлэгүүд хүчин чадлаасаа бараг хоёр дахин олон хүүхэд авч ажилласан байхад л цаана нь хүмүүжиж чадахгүй багачуул үлдсээр л байна.
-Ер нь, цэцэрлэгийн суудлын тоог нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна?
-Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэхийн тулд бололцоотой бүх арга хэмжээ авсан. Цэцэрлэгт өөрчлөлт хийснээр 300 гаруй хүүхдийг нэмж хамруулсан. Мөн төрийн бус цэцэрлэгийг дэмжих бодлого барьснаар 18 цэцэрлэгт 900 хүүхдийн суудлын тоо нэмэгдсэн. Гэвч хүн амын өсөлт, шинээр суурьшиж буй хүмүүсийн эрэлт хэрэгцээний хурдыг гүйцэхгүй байна. Манай дүүргийн “Голден парк” хороолол гэхэд 1000 айл өрхтэй. 2012 онд нэг бүрчлэн тоолоход 108 шинэ байшин ашиглалтад орсон. Ер нь, маш олон байшин, хорооллууд ашиглалтад ордог. Гэтэл энэ бүхэнтэй уялдаж сургууль, цэцэрлэгийн тоог нэмэх хэрэгтэй байгаа юм.
-Тийм ээ. Энэ бол бүх дүүрэгт тулгамдсан бэрхшээл. Гэвч шийдэх л хэрэгтэй. Энэ жил танай дүүрэгт шинээр хэдэн сургууль, цэцэрлэгийн барилга баригдах вэ?
-Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн цэцэрлэгүүд хүчин чадлаа 2,2 дахин хэтрүүлэн ажилладаг ч тулгамдсан асуудлаа бүрэн шийдвэрлэж чаддаггүй. Манай дүүргийн 1, 16, 17, 19, 21, 22, 23 дугаар хороодод шинээр цэцэрлэг барих саналыг бүх шатны холбогдох байгууллагад тавьсан, албан бичгүүдийг нь ч хүргүүлсэн. Одоогоор таван хороонд бага сургууль, цэцэрлэгийн комплекс барихаар нийслэлийн хот төлөвлөлтөд тусгасан. Мөн 47, 57 дугаар цэцэрлэгийг буулган шинээр хүчин чадлыг нэмж барих бэлтгэл ажил хангагдаж байна. Гурван цэцэрлэг маань бүлгийн тоогоо нэмэгдүүлж, хашаандаа гэр цэцэрлэг барих санал, төсвөө Нийслэлийн боловсролын хэлтэст уламжлан хүргүүлсэн. Бид бас төрийн бус болон олон улсын байгууллагуудад ч хандана.
-Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгүүдэд нэлээд олон шинэчлэл хийх заавар хүргүүлсэн гэсэн байх аа?
-Тийм ээ. Энэ жилээс эхлэн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулах комиссыг эрхлэгчийн тушаалаар багш, ажилтан, эцэг, эхийн төлөөлөл, хорооны ажилтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулах болсон. Харин тэд ил тод, нээлттэй ажиллах үүрэгтэй. Мөн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай, хагас ба бүтэн өнчин, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдийг бүртгэх. Мөн цэцэрлэггүй хороодын хүүхдүүдээс тухайн цэцэрлэгт хорооны судалгааг үндэслэн тодорхой тоогоор заавал элсүүлэх заавартай байгаа. Элсэгч хүүхдийн талаархи шаардлагатай эрүүл мэндийн бичгийг өрхийн болон харьяа эмнэлгээс нь тухайн цэцэрлэгийн удирдлага авч аль болох эцэг эх, хүүхдийг чирэгдүүлэхгүй байхад анхаарна гэх мэтээр өгсөн чиглэл заавар бий.
-Цэцэрлэгийн бүртгэлийг ирэх сард хийхээр болсон. Харин ямар журмаар бүртгэх юм бол?
-Боловсрол Шинжлэх Ухааны сайдын тушаалаар цэцэрлэгийн хүүхдүүдийг наймдугаар сард бүртгэ гэсэн албан даалгавар гарсан. Бүртгэлээс өмнө тухайн цэцэрлэгт хамран сургах тойргоос явбал зохих хэдэн хүүхэд байна, хэдэн хүүхэд авах хүчин чадалтай юм, давуулж авбал хэд хүргэх бололцоотой юм гэхчлэн судалгааг гаргаж нийслэлийн
Боловсролын газарт хүргүүлсэн. Тус газраас бүртгэлийн асуудлыг зохион байгуулах нэгдсэн зөвлөмж гаргана. Шийдвэр гарахаар бүртгэлийн ажлын хугацаа, хэрхэн зохион байгуулах заавар ирнэ гэсэн үг. Нэгдсэн зөвлөмжийн дагуу бүртгэлээ эхэлнэ.