Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын элсэлт эхэллээ


Боловсролыг олон талаас нь тайлбарладаг. Асуудлыг ямар түвшинд авч үзсэнээс шалтгаалж олон янзаар тодорхойлох боломжтой. Хувь хүний түвшинд буюу явцуу утгаар нь авч үзвэл боловсрол нь хүн өөрийгөө боловсруулж, хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж буй танин мэдэх үйл ажиллагаа, түүний үр дүн гэж ойлгож болох юм. Харин нийгмийн түвшинд буюу өргөн утгаараа иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд нь төр, нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлж буй үйлчилгээ, түүний үр дүн. Орчин үед аливаа улс орны хөгжил дэвшлийг нийгэм, эдийн засгийн хөгжлөөс нь урьдаар хувь хүний хөгжил буюу хүний хөгжлийн индексээр нь тодорхойлох болсон. Хүний хөгжлийн индексийг тодорхойлогч гол хүчин зүйл нь тухайн иргэний боловсрол эзэмшсэн байдалтай. Манай улсын хэмжээнд одоогоор 170 гаруй мянган оюутан улсын болоод хувийн их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байна. Харин өчигдөр ЭЕШ-ын дүн мэдээ гарч, батламж олгож эхэлсэнтэй холбогдуулж сургуулиудын оюутан элсүүлэх хугацаа, журам болон бусад асуудлын талаар сурвалжиллаа. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд дийлэнх их, дээд сургуулиуд элсэлтээ авч эхэлсэн юм.

Улсын ууган дээд боловсрол түгээгч байгууллага болох МУИС-ийн нийслэлээс оюутан элсүүлэх хугацаа нь энэ сарын 5-ны өдрийн 16:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгэлээ http://burtgel.num.edu.mn/  гэсэн хаягаар хийх бол орон нутгаас оюутан элсүүлэх асуудлыг МИДСК-ын журмын дагуу тус комисс зохион байгуулах ба элсэлтийн журам, бүртгэлийн хугацаа, хуваарь сонгох талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.ees.mn цахим хуудаснаас авч болох гэнэ. Харин улсын хэмжээний томоохон их сургуулиудын нэг болох ШУТИС-д Улаанбаатар хотоос элсэх элсэгчдээ энэ сарын 4 хүртэл www.elselt.edu.mn болон www.must.edu.mn гэсэн цахим хаягаар бүртгэх юм байна. МУБИС-д багш мэргэжлээр суралцах суралцагчдад тэтгэлэг олгох тухай Монгол Улсын Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийн дагуу төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол төлбөрийг нь 100 хувь төрөөс даахаар болсон нь багшлах боловсон хүчин бэлтгэдэг улсын их, дээд сургуулиудад элсэгчдийн тоог  эрс нэмэгдүүлэх хандлагатай байгаа аж. Ямартай ч, дээрх тогтоолыг 2013-2014 оны хичээлийн жилээс мөрдөхөөр болсон. Харин СЭЗДС-ийн хувьд мөн сарын 4-ний өдрийн 14:00 цаг хүртэл бүртгэх бөгөөд элсэгчид 6-ны өдрийн 14:00 цаг хүртэл бүртгүүлсэн мэргэжлүүдээсээ эцсийн сонголт хийх боломжтой. Мөн тус сургууль нь Сингапур, БНСУ-д суралцуулж давхар мэргэжил эзэмшүүлдэг мэргэжлийн ангид элсэхийг хүссэн элсэгчийн англи хэлний босго оноо 750-иас доошгүй байхаар журамласан байна. 

Монгол Улсын их, дээд сургуулиудын консерциумаас жил бүр оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулдаг. Энэ жилийн тухайд зарим сургууль босго оноогоо тусгайлан зааж өгчээ. Өнгөрсөн жилийн босго оноо ерөнхийдөө 400 байсан бол энэ жил Санхүү эдийн засгийн дээд сургууль бүх мэргэжлийн ангийн босго оноогоо 620, улсын ууган сургууль болох МУИС 560 болгосон бол бусад сургууль 400 ба түүнээс дээш байна хэмээн журамлажээ. Мөн журамд орсон нэгэн шинэлэг өөрчлөлт бол хуваарь сонгох, хуваариас татгалзах, түүнийг дараагийн хүнд олгох үйл ажиллагаа ил тод хийгдэх бөгөөд хэд хэдэн сургуулид онооны жагсаалтад орсон шалгуулагч зөвхөн нэг сургууль, мэргэжил сонгох ёстой ажээ. Өөрөөр хэлбэл, нэг элсэгч нэг л хуваарь авна гэсэн үг. Энэ нь хуваарь зарах, авлига өгч сургуульд элсдэг дутагдалтай талыг таслан зогсооно хэмээн холбогдох албаны хүмүүс хэлж байсан бол төгсөгчдийн хувьд ам сайтай байна.
Шалгалтын дүнгээ сонсч батламжаа авч буй элсэгчдийн нэг Ж.Уугангэрэлтэй цөөн хором ярилцлаа.

-Хэдэн хичээлээр шал­­галт өгсөн бэ, одоо аль сургуульд ямар мэр­гэж­лээр бүртгүүлэх гэж байна?
-Монгол хэл, англи хэл, математик, ний­гэм болон физик гэсэн таван хичээлээр шалгалт өгсөн. Сургуулиа хараа­хан сонгоогүй байна. Мэргэжлийн хувьд сэт­гэлзүйч, цахилгааны инже­нер эсвэл орчуу­лаг­чаар сурна гэсэн бодолтой.

-Энэ жилийн оюутан элсүүлэх журамд багагүй өөрчлөлт орсон. Энэ тухай ямар бодолтой байна?
-Зарим сургууль босго оноогоо нэмсэн нь нэг талаараа зөв юм шиг санагдсан. Улсын томоохон сургуулиудын босго оноо бага байвал олон элсэгч бүртгүүлж, тэднээс нь цөөхөн хэд нь шигшигдэн орно. Энэ нь, сурах арга барилаа олоогүй нэгний цаг хугацаа, мөнгөө хий дэмий үрэхээс сэргийлнэ. Бид анги хамт олноороо арван жилээ төгсөхөөс өмнө сургуулиудын оюутан элсүүлэх журамтай танилцсан. Ер нь, боломжийн санагдсан.

-Чиний сонирхож, сонго­сон мэргэжлээр хэчнээн их, дээд сургууль элсэлт авч буйг судалсан уу?
-Хэлний чиглэлийн бо­лон уул уурхай, барилга, ца­хил­­гааны инженерээр сур­га­даг сургууль нэлээн бай­даг юм билээ. Харин сэт­гэл­зүй­чээр элсэлт авдаг ганц нэг­хэн сургууль байна. Сур­гуу­лиудын мэдээллийг бие дааж л судалсан. Боловсролын үнэл­гээний төв болоод бусад хол­богдох байгууллагаас энэ ту­хай мэдээ, мэдээлэл муу өгдөг юм билээ.
Энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад их, дээд сургуулиудын элсэгчдийн тоог БШУЯ-наас хатуу чанд хянасанд элсэгчид болоод эцэг эхчүүд сайшаалтай хандаж байх шиг санагдсан. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс тодрууллаа.

-ЭЕШ-ын дүнг мэссежээр авах боломжтой гэсэн?
-Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр өглөөний есөн цагаас элсэлтийн ерөн­хий шалгалтын дүн оноог та­нил­цууллаа. Хүүхдүүд ма­най вэб сайт руу орж дүн оноо­гоо харах боломжтой. Мөн Бо­ловсролын үнэлгээний тө­вийн тусгай дугаарт мэссеж би­чиж болно.  Харин батламж хууд­сыг өнөөдрөөс тавны хоо­ронд тараана. Өмнөх оны болоод хотод шалгалт өг­сөн хүүхдүүдэд өнөөдөр бат­лам­жийг нь өгөх бол хөдөө орон нут­гийн төгсөгчид харьяа бо­ловсролын газраасаа авна.

-Танайд хэчнээн төгсөгч бүртгүүлснээс хэд нь шалгалтдаа орсон бэ?
-Энэ жил улсын хэмжээнд арван хичээлээр шалгалт өгөхөөр 43 мянга 875 хүүхэд бүртгүүлснээс 42 мянга 572 нь өгсөн. Хуваарь сонголтыг өчигдрөөс эхлэн хийж эхэлсэн. Тухайн хүүхдийн оноо дүн нь аль сургуулийн босго оноонд хүрч байна, тэр сургуулиуддаа бүртгүүлэх боломжтой. Энэ жилийн хувьд онцлог зүйлс их байгаа.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухыг хангах тухай элсэлтийн журамдаа өөрчлөлт оруулсан мөн нийт шалгалтын материалын таван хувьтай тэнцэх хэсгийг санамсаргүй түүврийн аргаар авч дахин хяналтын тооллого хийсэн. Ингэснээр тухайн шалгалтын дүн оноо алдаагүй үнэн зөв гарсныг гэрчилж байгаа юм. Энэ ажил өнгөрсөн долоо хоногт хийгдэж дууссан. Ямар нэг алдаа гараагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан