Нийслэлийн Үйлдвэр Хөдөө аж ахуйн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран “Наадмын Гоёл” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн 30-ны өдөр хүртэл зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэнд худалдаалагдаж байгаа энгийн болон хүннү загварын дээл 60-380 мянга, монгол гутал 150 мянгаас 1 сая, хөөргөний даалин 10-300 мянган төгрөгний хооронд, эсгий, чулуу, арьс, шүр, ноолуур, гар хийцийн тууз, нэхмэл эдлэлүүд мянгаас 400 мянгын хооронд үнэтэй байна.
“Ажилтай, орлоготой” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй энэ арга хэмжээний гол зорилго нь дээл, монгол гутал зэрэг монгол үндэсний хувцсаа оёдог, эсгий , чулуу, шүрэн эдлэл хийдэг, олбог нэмнээ үйлдвэрлэдэг хувь хүмүүс байгууллагуудыг дэмжиж байгаа юм.
Баяр ёслолоор үндэсний дээл хувцсаараа гоёж гангарах дуртай монголчууд маань урчуудаасаа наадмын гоёлоо авч, давхар нэгнийгээ орлоготой болгох боломжийг энэ үзэсгэлэн худалдаа олгож байгаа аж. Үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэлийн оёмол, сүлжмэл, гар урлал, модон эдлэл, энэ салбарын жижиг, дунд, томоохон үйлдвэрлэгч, нийлүүлэгч, зуучлагч, борлуулагч гээд 32 аж ахуйн нэгж байгууллага оролцож байгаа аж.