Их Британийн Оксфордын их сургуулийн судлаачид аяга, таваг, халбага, сэрээ, хутга гэх мэт хоолны хэрэгслийн өнгө, хэлбэр, жингийн үл мэдэг өөрчлөлтүүд хоол хэр амттай, өег санагдах эсэхэд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тухайлбал, хоолны өнгө аяга ба таваг эсвэл халбага ба сэрээний өнгө хоорондын ялгаа их чухал үүрэгтэй.
Эрдэмтэд янз бүрийн хэлбэр, өнгө бүхий хоолны хэрэгсэл хоолны амтанд яаж нөлөөлдгийг судлахын тулд сайн дурынхныг оролцуулан жимстэй тараг амтлуулж туршилт хийжээ. Ингэхэд цагаан өнгөтэй, хуванцар халбагаар тараг идсэн хүмүүс амтыг нь өөр өнгийн халбагаар идэснээс илүү амттай, өтгөн, үнэтэй бүтээгдэхүүнийх шиг болгож байна гэжээ. Хутганы үзүүрээр тарагыг идсэн хүмүүс илүү шорвог мэт санагдлаа гэсэн байна.
Тиймээс цаашид энэ нээлтийн тусламжтайгаар хүмүүсийн амтлах мэдрэмжийг шаардлагатай байдлаар өөрчлөн тохируулах замаар давс, элсэн чихэр гэх мэт бүтээгдэхүүний хэмжээг багасгах эсвэл ихэсгэн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг нь багасгах боломжтой болно. Мөн хүнсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ худалдан авагчдад илүү тааламжтай болгон борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой болох юм.