УИХ-ын чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан түр хугацаагаар завсарлуулж, өчигдрөөс эхлүүллээ. Хуралдаанаар “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцсэн юм. Танилцуулгыг Сангийн сайд Ч.Улаан хийлээ. Тэрээр “Улсын төсвийн нэгдсэн орлогын 84 хувийг татварын, 13.4 хувийг татварын бус, 2.6 хувийг тусламжийн болон хөрөнгө оруулалтын орлого бүрдүүлж байна.
Уул уурхайн гол бүтээгдэхүүн болох зэсийн дэлхийн зах зээл дээрх үнэ 7900 ам.доллар, нүүрснийх дундажаар 66-135 ам.доллар байгаа нь өмнөх оны мөн үеийн төвшингөөс ихээхэн буурсан нь төсвийн орлогын төлөвлөгөө тасрах шалтгаан болсон. Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлага 6.5 их наяд төгрөгт хүрч, 92.6 хувийн гүйцэтгэлтэй гарлаа. Улсын төсвийн зарлага 4.4 тэрбум төгрөгт хүрч 93.6 хувийн гүйцэтгэлтэй санхүүжигдсэн байна. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс 1.1 их наядыг нь барилга байгууламж, төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн.
Төсвийн тухай шинэ хуулийн дагуу төсвийн жил дамжин хэрэгжих хөрөнгө оруулалт, төсөв санхүүгийн арга хэмжээг ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл санхүүжүүлэхээр хуульчилсны дагуу энэ оны нэгдүгээр улиралд 182.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосныг өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлд тусгаж тайлагналаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2010 онд 473, 2011 онд 901.4 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн онд 1.1 их наяд төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 218 тэрбумаар нэмэгдсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ангилбал зам барилгын салбарт 51, боловсрол, эрүүл, мэнд, соёл, нийгэм спортын салбарт 27, байгаль орчин хөдөө аж ахуйд зургаа, хууль эрхзүй батлан хамгаалахын салбарт зургаа, бусад байгууллагын хөрөнгө оруулалтад 10 орчим хувийг зарцуулсан байна” гэв.
Манай улс өнгөрсөн онд хандивлагч болон гадаадын улсуудаас 271 тэрбум төгрөгийн зээл авчээ. Түүнчлэн гадаад зээлийн төлбөрт 117.1 тэрбум төгрөгийг зарцуулсан аж. Засгийн газрын гадаад өр өнгөрсөн оны эцсийн байдлаар 2.9 их наяд төгрөг болж, ДНБ-ий 21.1 хувьтай тэнцэж байна. Улсын төсвийн алдагдал улирлын шинж чанартай орлогын дутагдлыг нөхөх зорилгоор 2012 онд 554.9 тэрбумын нэрлэсэн үнэ бүхий Засгийн газрын үнэт цаас арилжаалсан аж. Мөн өнгөрсөн онд ЖДҮ, ноосны урамшууллыг дэмжих зорилгоор 13.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас, Хүний хөгжил сангийн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 313.1 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг шинээр арилжаалсан байна. Хүний хөгжил санд 449.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 440.9 тэрбум төгрөг төвлөрсөн аж. Харин орлого, зарлагын эх үүсвэрийг Засгийн газраас санхүүжүүлсэн гэсэн. Орон нутгийн төсөвт 867.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 858 тэрбумыг нь төвлөрүүлсэн аж. Түүний мэдээллийн дараа гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Тухайлбал, Ж.Батзандан “Төсвийн зарлагын шинэчлэлтийг хэзээ хийх вэ, төсвийг дур мэдэн зориулалтын бусаар зарцуулдаг, хувьцаа завшдаг байдлыг хэзээ цэгцлэх вэ” гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид энэ талаар анхаарч байгаа. Ирэх оны төсвийн төслийг оруулахдаа үүнийг засахыг хичээнэ. Өөрөөр хэлбэл, 2014-2018 оны хөрөнгө оруулалтыг бөөнд нь оруулан хэлэлцүүлж, ойрын хэдэн жилд хийх зүйлээ тодорхой болгож авах, нэгдсэн төсөв, зурагтай болох зорилт тавьж байгаа. Энэ талаар боловсруулсан бодлогоо ойрын үед УИХ-д өргөн барина” гэв. Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан С.Дэмбэрэл гишүүн “Аудитын тайлан дүгнэлтээс харахад хуулиар тус газрын бие даасан, хараат бус байдал бүрэн хангагдсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Тиймээс энэ чиглэлээр ажилладаг ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх шаардлагатай. Бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжих гэж буй энэ үед тендерийн замын зургийг өөрчлөх ёстой. Засгийн газрын худалдан авах ажиллагаа цаг хугацаа их алдаж, хоцрогдож байна. Гүйцэтгэх засаглал ч шийдвэр гаргахдаа удаан байна, нэг шийдвэр гаргах гэж бараг хоёр сар болж байгаад анхаарч бичиг баримтын эргэлтийг хурдасгах хэрэгтэй байна” гэлээ.
Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн эхний хэлэлцүүлгийг дуусгаж, холбогдох байнгын хороодод нь эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхүүлэхээр шилжүүллээ.