ОХУ-ын Халимагийн Ерөнхийлөгч асан, Олон улсын шатрын холбоо FIDE-гийн ерөнхийлөгч Кирсан Илюмжиновын тэргүүлдэг хөрөнгө оруулалтын “Евразия финанс” сан Монголын төмөр замын шинэ төсөлд оролцож магадгүй байна. Энэ сан Монголын өмнөд нутгаар тавих 5.2 тэрбум ам.долларын өртөгтэй 2000 шахам км төмөр замын төслийн 26 хувийг гаргах санал тавьж байгаа юм. Таван толгойн нүүрсний ордыг эзэмшихэд гол дэд бүтэц болох энэ шинэ төмөр замын төслийн зохих хувийг эзэмшихийг Оросын төмөр замын “РЖД” ч хүсч байсан.
FIDE-гийн тэргүүн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Монгол Улсын хэд хэдэн сайдтай уулзаж ярилцсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тэр бас Монгол Улсын аль 2010 онд баталсан 5000 км төмөр замын тухай “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд “Хөрөнгө оруулахад харилцан ойлголцох тухай” меморандумд гарын үсэг зурахад оролцжээ. 2012 оны арваннэгдүгээр сард энэ төмөр замын эхний хоёр лиценз буюу 1.9 мянган км замын ажлыг тус улсын төрийн өмчийн Монголын төмөр зам /МТЗ/ авсан юм. МТЗ гадаадын хөрөнгө оруулагчдыг нэг хоёрдугаар ээлжийн ажилд оролцохыг урьж мэдүүлгийг энэ сарын 3 хүртэл хүлээн авсан.
МТЗ Оросын “Ъ” сайтын асуултад хариулахдаа Кирсан Илюмжинов яриа хэлэлцээ хийснийг баталж байна. Ноён Кирсаны хөрөнгө оруулалтын “Евразия финанс” сан ч тендерийн мэдүүлгээ өгсөн гэдгийг ойрын эх сурвалж хэлж байна. Ер нь, Монгол Улс энэ бүтээн байгуулалтын төслийнхөө 49 хувийг хөрөнгө оруулагчдад өгөхөд бэлэн байгаа юм. Энэ сангийн хувьд ногоон гэрлээр орох хамгийн магадлалтай болохоор Илюмжинов меморандумд гарын үсэг зурахаар ирсэн байж болох. Тэгэхээр тэрээр төслийн 26 хувьд буюу 1.2 тэрбум доллар оруулах нь гэж “Ъ” бичиж байна. Санал тавьж байгаа бусад хөрөнгө оруулагчдын хувьд Монголын компани, Хятадын хөрөнгө оруулагчид далайн Dandong боомтод хувь нийлүүлэх сонирхолтой байна.
Төслийн эхний хоёр ээлжийнх нь л өртөг 5.2 тэрбум ам.доллар гэж МТЗ-ын сайтад бичсэн байна. 30 сая тонн ачаа тээвэрлэх эхний ээлж 2015 он гэхэд ашиглалтад орно гэж байна. FIDE-гийн ерөнхийлөгчийн сангийн хувьд зөвхөн зам барих ажилд төдийгүй, зам ашиглахад оролцох бодолтой байгаа бололтой.
Энэ төмөр зам Таван толгойн нүүрсний ордоос хоёр тийшээ, нэг нь Чойбалсан хот руу, нөгөө нь Хятадын хил залгаа Гашуун сухайт боомт руу чиглэх юм. Чойбалсан руу тавих төмөр зам нь Оросын төмөр замын “РЖД” компанийн хяналтад байдаг Монголын төмөр замын нэг хэсэг болно. Оросууд Монголын төмөр зам дахь монополь байдлаа хадгалж энэ төмөр замыг барихаар аль 2006 оноос ярьж эхэлсэн. 2011 онд “РЖД” Таван толгойн нүүрсний ордыг эзэмших тендерт Азийн компаниудтай хамт төмөр зам барих нөхцөлтэйгээр орсон ч энэ нь амжилтгүй болсон. Дараа нь “РЖД” оросын чиглэлд тавих төмөр замын хагасыг барих санал тавьсан ч Монголын тал татгалзсан. “МТЗ-ын тендерт бид оролцоогүй, гэхдээ Монгол руу чиглэсэн сонирхол маань хэвээр байгаа” гэж “РЖД”-ийн төлөөлөгч “Ъ”-д хэлж байна.
Хэрэв МТЗ төмөр замаа барьж эхэлбэл, “РЖД” Монголд ямар нэгэн төсөлд оролцохооргүй болж үлдэж мэдэх юм гэж “Ъ” тэмдэглэжээ. Гэхдээ Оросуудын хувьд монголчуудтай ойр, олон жил хамтарч ирсэн, одоо ч төмөр замд монополь байдлаа хадгалсаар л байгаа. Монголын түшмэлүүд ч “гадаадынхантай маш уян хатан, үр ашигтай харилцаж, улс орныхоо асар их нөөц баялгийг зөв ашиглаж сурч байгаа” улс гэж “Коммерсант”-ын цахим хуудаст бичжээ.