Мөнгөний бодлогын зөвлөл энэ улирлын гурав дахь хуралдаанаа өчигдөр хийлээ. Зургадугаар сарын 20, 21, 24-нд буюу гурван өдөр дараалан хуралдсаны дүнд бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Олон улсын эдийн засгийн байдал, экспорт импортын харьцаа, гадаадын хөрөнгө оруулалт гэхчлэн хэд хэдэн хүчин зүйлийг авч үзэж хэлэлцсэний дараа ийм шийдвэрт хүрчээ. Зөвлөлийн хаврын хуралдаан буюу дөрөвдүгээр сарын 5-ны шийдвэрээр 11.5 хувь болоод байсан бодлогын хүү нэг нэгжээр буурч 10.5 хувь боллоо. Шинэ бодлогын хүү өнөөдөр буюу 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Монголбанкны бодлогын хүү буурсан тул арилжааны банкуудын хадгаламжийн хүү дагаад сулардаг. Хадгаламжийн хүүний өөрчлөлтөөс хамаарч зээлийн хүү ч буурах учиртай.
Хурлын шийдвэр танилцуулах уулзалтын үеэр төв банкны ерөнхийлөгч Н.Золжаргал энэ оны сүүлчээр тохиож болох сайхан мэдээг урьдчилан дуулгалаа. Монголчууд 2013 онд төсвийн алдагдлаа хоёр хувиас хэтрүүлэхгүй гэсэн зорилго тавьсан. Одоогийн байдлаар алдагдал хоёр хувиас хэтрэхээргүй байна гэсэн таамаглал гараад буй гэнэ. Төсвийн орлого муу байгаатай уялдуулан Засгийн газар зарлагаа танаж чадсан нь дээрх таамаглалд багагүй нөлөөлсөн аж. Түүнчлэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-үүд байгаа оносон учраас бодлогын хүүгээ бууруулах суурь болсон гэв. Гуравдугаарт инфляцын төвшин буурч, зорилтод төвшинтэй тун ойрхон байгаа тул хүүг бууруулахад таатай нөхцөл байсан болов уу.
Өнгөрсөн оны сүүлчээр улсын хэмжээнд 16, Улаанбаатар хотод 16.5 хувьд хүрсэн инфляц одоо хоёр дахин буурчээ. Улсын хэмжээнд 9.7, нийслэлийн хувьд 8.4 хувийн инфляцтай байгаа аж. Цаашид инфляц бага төвшинд тогтвол бодлогын хүү улам ч буурах боломжтой гэдгийг Мөнгөний бодлогын зөвлөл дуулгалаа. Оны эхний хагаст мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, бодлогын хүү буурсан үйл явдал давхацсан. Зэрэг өрнөсөн дээрх арга хэмжээний эерэг үр дүн оны хоёрдугаар хагаст мэдэгдэнэ гэж төв банк үзэж байна.
Одоогоор хэрэгжиж буй орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоо нь макро-санхүүгийн орчинд эерэгээр нөлөөлөх хандлагатай ч гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин тодорхойгүй хэвээр байгааг бодлогын шийдвэрт харгалзан үзлээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалттай холбоотой шийдвэр, нөхцөл байдал тодорхой байсан бол бодлогын хүү нэгээс илүү хувиар буурах боломжтой байсан аж.
Бодлогын хүү гэдэг нь Монголбанкны долоо хоногийн хугацаатай үнэт цаасны хүү юм. Лхагва гараг бүрт төв банк хэмжээний хязгаарлалгүй үнэт цаасаа банк хоорондын зах дээр баталсан хүүгээр арилжаалдаг. Түүнээс хамаарч арилжааны банкны хүү хэлбэлздэг байна. Монголбанк 2007 оны долдугаар сард долоо хоногийн хугацаатай үнэт цаасны хүүгээ бодлогын хүү болгон өөрчилсөн. Ингэхдээ жилийн 6.4 хувийн хүүтэй баталсан ч жил гаруйн дотор хүүгээ дөрвөн удаа нэмэгдүүлж 10.25 хувь хүргэж байжээ. 2009 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын үед Монгол Улсад инфляцын төвшин 34 хувь хүртэл хөөрч байх үед бодлогын хүү 14 хувь хүрч байсан аж. Бодлогын хүүний өсөлт, бууралтад инфляцын төвшнөөс гадна халамжийн бодлого, экспорт импорт, хөрөнгө оруулалт гэхчлэн олон хүчин зүйл нөлөөлдөг. 2013 оны нэгдүгээр сард Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж хүүг 0.75 хувиар бууруулж 12.5 болгосон бол дөрөвдүгээр сарын хуралдаанаар 11.5 хүртэл бууруулсан нь инфляцын дарамт багассантай холбоотой гэнэ.