Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүй долоон худагт 7.5 км зам ашиглалтад орно


Дэлхийд ганцхан Монгол наадам айсуй. Монголчууд Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн. Энэ жил баяр наадмыг зохион байгуулахад Засгийн газраас 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн билээ. Баяр наадмын бэлтгэл ажил ямар байгаа эсэхийг лавлахаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүдийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр хүлээн авч уулзав. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил үндсэндээ дууссан, өчигдөр газар дээр нь очиж шалгасан гэдгээ Зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва хэллээ. Мөн тэрээр “Сур болон шагайн байрны засварын ажил 60 хувьтай байна. Төв цэнгэлдэхийн эргэн тойронд тохижилтын ажил хийж байгаа. Наадамчдын тав тухыг хангах зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт долоон дэлгэц байрлуулна. Японы “Тоёо” компани хэд хэдэн газар агаарын бөмбөлөг хөөргөх юм. Хүй долоон худаг цаашид Монгол наадмын төв болно. Энэ жил 20 га талбайд 7000 автомашины зогсоол, Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том, эко хавтан бүхий талбай байгуулж, “Гудамж” төслийн хүрээнд 61-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8.5 км автозам шинээр тавьж байгаа. Эдгээр ажлыг ирэх сарын 5-нд хүлээж авна. Энэ жилийн улсын баяр наадмын хурдан морьдын уралдаанд харьцангуй олон морь уралдах учир талбайг нь өргөтгөхөөр болсон. Харин наадмын нээлтийн урлаг соёлын арга хэмжээг өмнөх жилүүдээс сайжруулах чиглэлээр ажиллаж байна” гэв.

Төв цэнгэлдэх хүрээлэн 12500 суудалтай. Үүн дээр зөөврийн 2000 суудал нэмж тавих аж. Энэ орчимд автомашины 3000 зогсоол байгуулж, зөвшөөрөл худал­дах юм байна. Харин Дүнжингарав худалдааны төвд 5000 машин төлбөргүй зогсоол ашиглаж болох гэнэ. Эндээс Төв цэнгэлдэх хүртэл 2.2 км-ийн зайтай учир жижиг оврын автобусаар наадамчдад төлбөргүй үйлчлэх юм байна. Мөн Төв цэнгэлдэхийн зүүн урд талд байрлах “Суруга Монгол” компанийн хашаан дотор 3000 орчим автомашины зогсоол байх нь. Харин энд автомашины зөвшөөрөл өгөх бөгөөд тодорхой хэмжээний мөнгөн төлбөртэй гэсэн. Өмнөх жилүүдэд өгч байсан автомашины зөвшөөрөлтэй харьцуулахад Төв цэнгэлдэх орчмын машин 500-гаар цөөхөн гэнэ. Хүй долоо худагт 2000-3000 машинаар нэмэгдсэн байна. Энэ талаар Замын цагдаагийн газрын дэд дарга Ч.Жаргалсайхан “Жил бүр 10 орчим мянган автомашинд зөвшөөрөл өгдөг. Энэ жил уг тооноос 3000-аар нэмэгдсэн ч наадамчдын ая тухтай байдлыг хангах зорилгоор орчинг нь бүрдүүлж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн болон Замын цагдаагийн газрын зогсоолуудад автомашинаа төлбөргүй тавьж болохыг иргэдэд сануулж байгаа. Тэндээсээ Төв цэнгэлдэх хүрээлэн рүү алхаад орчихно. Автомашины зогсоолтой холбоотой мэдээллийн талаар иргэдэд ухуулга таниулга сайн хийнэ” гэв.
Харин нийтийн бие засах газар 200 гаруйг байгуулж, хогийн савыг Төв цэнгэлдэхийн хаалга бүрт байрлуулах юм байна. Үүний зэрэгцээ үүрэн телефоны компаниудтай “Наадам” гэсэн хөтөлбөр хийж болох талаар ярилцаж байгаа аж. Хэрэв ийм хөтөлбөр хийчихвэл гар утастай хүн бүхэн татаж авах боломжтой болох гэнэ. Уг хөтөлбөрт наадмын үеэр болох арга хэмжээнүүдийг багтаасан байх юм байна. Түүнчлэн иргэд гар утсаараа Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт болж байгаа үзвэрийг гар утсаараа үзэх боломжийг бүрдүүлэх талаар ч ярилцаж буй гэсэн. Хэрэв энэ асуудал нааштайгаар шийдэгдвэл наадамчдын ая тухтай байдлыг хангахын зэрэгцээ тухайн хүн гар утсаараа хаанаас ч наадам үзэж болох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан