Сургууль, цэцэрлэгийн амралт аль хэдийнэ эхэлсэн. Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд 11 дүгээр анги төгсөгчдөө ЭЕШ өгөхийг нь хүлээж, давтлага өгсөөр амралт нь жаахан хойшилсон ч, шалгалт дуусаад бүтэн долоо хоног өнгөрчээ. Гэхдээ багш нарын ажил дуусаагүй л байна. Учир нь, сургууль, цэцэрлэгийн засварын мөнгө сургуулийн дансанд шилжээгүйгээс завсар хийхээр мөнгөө хүлээж буй нь энэ.
Сургууль цэцэрлэгийн засварын мөнгө хүрэлцдэггүй гэсэн гомдлыг тэд жил бүр гаргадаг ч яаж, ийгээд л болгодог. Тийм ч учраас энэ жилийн засварын ажлаа хэрхэн хийхийг нь сурвалжлахаар хоёр цэцэрлэг, хоёр ерөнхий боловсролын сургуулиар орлоо. Эхний орсон БЗД-ийн 62 дугаар цэцэрлэг төв хаалган дээрээ “Баруун талын хаалгаар орно уу” гэсэн бичиг хадсан ч заасан хаалга нь түгжээтэй байлаа. Цэцэрлэгийн хашаанаас гарч яваад ахлах бүлгийн багш гэх эмэгтэйтэй таараад багахан яриа өрнүүлэв. Тэр “Ерөнхий боловсролын сургуулиуд ч яахав хүүхдүүдээсээ засварын мөнгө авч болдог. Цэцэрлэг тэгэх эрх байхгүй. Засварын мөнгө шилжиж ороогүйгээс хүлээж байна. Бид боломжоороо засвар хийх бүх зүйлээ бэлдсэн” гэсэн юм.
Дараагийн орсон наймдугаар цэцэрлэгийн эрхлэгч ч гэсэн дээрхтэй ижилхэн хариулт өгөөд “Хөдөө явж ч болохгүй. Төсөв хэзээ шилжих нь тодорхойгүй байна” гээд жаахан бухимдуу байлаа. Харин Нийслэлийн “Амгалан” цогцолбор сургуулиар орвол сургалтын менежер Л.Лхамсүрэн “Бид амрах болоогүй ээ. Энэ жил засварын мөнгө нэмэгдсэн сураг гарсан. Өмнө нь хоёр сая төгрөг нэг сургуульд өгдөг байсан. Тэр нь сургуулийн хонгилын ханыг будахад хүрэлцдэггүй байсан. Ангиудын засварын ажил ерөнхийдөө дуусч байна. Эцэг, эхчүүдээс засварт зориулан мөнгө татаж болно гэсний дагуу ярилцаад нэг хүүхдээс 5000 төгрөг авч ангиудаа засахаар болсон” гэлээ.
Харин нэгдүгээр сургуулийн захирал Ц.Гүррагчаа “Сурагчдаа энэ сарын 7-ноос амраан засварынхаа ажилтай золгосон. Энэ сарын 10-наас засвар эхэлсэн. Боловсролын яам жил бүр төсөв олгодог. Гэвч тэр нь хаана ч хүрдэггүй. Хана, тааз, номын сан, хурлын заал гэх мэт нийтийн үйлчилгээний газруудын урсгал засварт зориулагддаг. Бусад зүйлд зарцуулах гэхээр хүрэлцдэггүй. Анги, танхимын засварыг хийе гэвэл эцэг эхээс мөнгө хурааж засварладаг. Энэ жилийн хувьд нэг сурагчаас 5000 төгрөг хураасан. Харин сургуулийн урсгал засварт яамнаас есөн сая төгрөг төсөвлөсөн” гэсэн юм.
Ямартай ч, төсөвлөсөн хэд дээрээ хүүхдүүдээс хурааснаа нэмээд ч сургууль, цэцэрлэгийнхээ засварын ажлыг бүрэн шийдэж чаддаггүй боловсролынхон хөөрхий. Тэр дундаа төсвөө хүлээн засвараа хийхээр амарч чадахгүй багш нар нэг хөөрхий гэж...