Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнийн говьд шинэ төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна


Газар нутгийн хэмжээгээрээ Монгол Улсын хамгийн том аймаг бол Өмнөговь. Тэрхүү газар нутгийнхаа хөрсөн доор нүүрс, зэс, тугалга, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, болор зэрэг эрдэс баялаг арвинтай. Баялагтайн хэрээр шийдэх асуудал, даван туулах бэрхшээл ар араасаа ундарсаар. Маш олон асуулт дагуулсан баялгийн нэг нь нүүрс. Таван толгойн орд дэлхийд нөөцөөрөө эхний тавд багтдаг төдийгүй нийтдээ 7.5 тэрбум гаруй тоннын нөөцтэй гэсэн тооцоо судалгаа бий. Гэвч нүүрсний тээвэр томоос том асуултын тэмдэг болсоор багагүй хугацааг үдлээ. Гашуун сухайтын боомт руу нүүрс тээвэрлэдэг том оврын автомашин хөрс маш ихээр эвдэж сүйтгэн, байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулж байгаа тухай бишгүй л сонсч байлаа. Гэхдээ газар дээр нь очиж үзэх бололцоо олдоогүй өдийг хүрсэн. Харин сүүлийн үед хөндөхөө больсон энэ сэдвээр мэдээлэл бэлтгэх боломж гарсан юм.


Нүүрс дагасан бараан дүр зураг

Маршрут Өмнөговь айм­гийн Цогтцэций сумаас гараагаа эхлэв. Ухаа худагаас Гашуун сухайтын боомт хүртэл 245 км авто замыг “Говийн зам” компани ашиглалтад оруулжээ. Гэхдээ энэ замаар зөвхөн Ухаа худагаас олбор­лолт явуулж буй “Энержи ресурс” компанийн нүүрсийг тээвэрлэдэг том оврын авто машинууд тээвэр хийх визтэй. Бусад нь тэр дундаа өр ширээ дарахаар нүүрс олборлож буй “Эрдэнэс Таван толгой” компанийн тээвэр аль замаар явж байгаа вэ.
Нэгэнт авто замын төлбөрийг төлж чадахгүй учраас ачааны машинууд өөрсдийн дураар хаа сайгүй зам гаргаж давхилддаг гэсэн үг. Нүүрс тээвэрлэж Хятад руу гаргахаар яаран хурдлах том машинуудтай урд хойно орон байж Гашуун сухайтын боомтод хүрлээ. Биднийг очиход хилийн ажилтнуудын цайны цаг таарсан учир тэр хавиар хөл хөдөлгөөн багатай. Боомтын дарга Оюу толгойн орд руу ажлаар явсан учир мэдээлэл өгөх албаны хүн алга гэсэн тайлбар хэлэв. Гэхдээ боомтын ажилтнуудаас зарим мэдээлэл авсан юм. Одоогийн байдлаар Таван толгойн ордоос 10 орчим ком­пани нүүрс тээвэрлэж хилээр гаргадаг. Тэдгээрийн зарим нь 10-30, 50-60 машин тээвэрт явуулдаг аж. Гашуун сухайтын боомтоор өдөрт 300-400 орчим том оврын авто машин нүүрс тээвэрлэж гардаг гэлээ. Харин машинтай 100 орчим иргэн өдөртөө хил нэвтэрч, худалдаа арилжаа хийдэг. Саяхан нэг хэсэг нүүрс­ний олборлолт түр зогсоход Гашуун сухайттай залгаа Хятадын талын Ганц модны боомтод бараг хүн үлдээгүй шахам эл хуль болсон тухай ярив. Том оврын авто машины тээвэрт явдаг жолооч нартай цөөн хором ярилцсан ч тэд нэр, ямар компанийн тээвэрлэгч гэдгээ хэлэхийг хүсээгүй юм.
Албаны хүмүүс том оврын нэг машинд 90 орчим тонн нүүрс тээвэрлэдэг гэсэн тоо хэлдэг ч жолооч нарын яриагаар 100-120 тонныг ачдаг гэлээ. Нөгөө талаас, тээвэрлэлт хариуцдаг компанийнхан 100 тонн гаруйг ачуулж байж цалинг нь өгдөг аж. Хята­дуудыг тээвэр хийхийг хориглосон учраас монгол компанийн эрх дээр монгол номер дугаар бүхий монгол жолоочтой машинаар хятад эзэд ашиг олж байна.

Тэд гурав хоногтоо нэг удаа нүүрс зөөнө. Шороон замаар байнга тээвэр хийдэг болохоор өдөртөө 4-5 машин онхолдож унадаг нь хэвийн үзэгдэл гэцгээв. Хатуу хучилттай замаар тээвэр хийвэл нэг машинаас ойролцоогоор 300 орчим мянган төгрөг зам ашигласны төлбөрт авдаг учир шороон замаар явдаг гэнэ. Хятад жолооч нарыг сүүлийн үед тээвэрт явуулахгүй болсон учраас монголчууд голдуу машин жолоодож буй. Монгол жолооч нарын цалин хятадуудынхаас хоёр дахин бага. Таван толгойн уурхайгаас шилжүүлэн ачих Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэдэг бол уртын тээвэр. Цагаан хадны дамжуулан ачилтаас Ганц модны боомт хүртэл 25 км газрыг богинын тээвэр гэнэ. Богино тээвэрт монгол компани нэг ч үгүй. Бүгд хятад эзэнтэй. Харин Таван толгойгоос Цагаан хад хүртэл ганц нэгхэн монгол эзэнтэй компани байгааг жолооч нар ярьж байв. Хоёр улсын хилийн наана цаана амьдрал, орчин тэнгэр газар шиг ялгаатай байх аж. Гашуун сухайтын боомт гэхэд цөөхөн хэдэн жижиг байшингаас өөр бүтээн байгуулалт нүдэнд торохгүй. 2006 онд боомтын барилгыг Хятадын талын хөрөнгө оруулалтаар барьснаас хойш энд шинэ барилга нэмэгдээгүй гэнэ. Ядахдаа Монголын хилийн боомтод хоол унд идэж, амрах газар ч үгүй. Гэтэл Ганц модны боомтод шинэ хот сүндэрлэж эхэлжээ. Өдөрт бараг нэг байшин барилга нэмэгдэж, хөгжлөөрөө Гашуун сухайтыг хол хаяжээ. Нэг үгээр бол, тээвэр хийж буй монгол жолооч нар Ганц модны боомтыг хөгжүүлэхэд маш их хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Хятад эзнээс авсан цалингаа эргээд хятад газарт нь үлдээж ирдгээс ялгаагүй.

Мэдээж, шороон замаар нүүрс тээвэрлэхэд хөрс маш ихээр эвдэрч, ургамал амьтан ч тэсэхийн аргагүй тоосжилт үүсэн, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр л... Бидний замд шороон замд онхолдож унасан том оврын таван ч машинтай тааралдав. Ачаа даацаа хэтрүүлсэн, нэгнийхээ урдуур орох гэж яарч зүтгэснээс осол аваар тасралтгүй гардаг талаар жолооч нар ярьж байсан юм. Хатуу хучилттай авто замтай мөртлөө өндөр төлбөрөөс нь болоод шороон замаар нүүрс, шороо манарган урд хилийг зүглэх том оврын ачаа тээвэрлэгчдийн нүүрс дагасан бараан дүр зураг ийм байлаа.


Шинэ төмөр замын далангийн ажил үргэлжилсээр

Таван толгойн ордоос Гашуун сухайт хүртэл 267 км төмөр зам тавих ажил энэ өдрүүдэд зогсолтгүй урашилсаар байгаа нь энэ хар бараан дүр зурагт гэгээ татуулна. Ачаа тээвэрт дараалал, дугаар үүсгэхгүй, байгаль орчноо сүйтгэн байж шороон замаар авто машинаар тээвэрлэхгүй гэхчлэн олон бэрхшээлийг ардаа хаян шийдэх гарц бол төмөр замтай болох. 2010 оны зургадугаар сарын 24-ний өдөр УИХ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан. Төмөр замын бодлогод нийт 5600 гаруй км төмөр замыг гурван үе шаттайгаар барих талаар тусгасан билээ.  Нэгдүгээр үе шат нь Даланзадгад-Чойбалсан хүртэл 1100 км, хоёрдугаарт Нарийн сухайт-Шивээхүрэн, Ухаа худаг-Гашуунсухайт, Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт гэсэн нийт 900 км, гуравдугаар үе шатанд Даланзадгадаас баруун хязгаарт нийт 3600 гаруй км төмөр зам барих учиртай. Гэхдээ эхний ээлжинд Таван толгой-Гашуун сухайт чиглэлд 267 км төмөр зам барихаар төлөвлөж, ажил нь эхэлсэн. Энэхүү ажлын явцтай Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, “Монголын төмөр зам” компанийн захирал П.Бат-Эрдэнэ, ЗТЯ-ны газрын дарга нар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр танилцлаа.

ЗТЯ-ны Төмөр замын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Хятадын талтай шинэ төмөр замын ажлын явцын талаар хамтарч ажиллаж байгаа аж. Хятадын тал Ганц модны боомттой ойролцоо төмөр замын далангаа 30 метрээр тооцоолж, барьсан нь Монголын талынхтай нэг төвшинд очихгүй байх хүндрэл гарчээ. Манай талаас барих төмөр замын далангаас энэ нь хавьгүй өндөр болж байгаа аж. Тиймээс энэ талаар талууд ярилцаж, шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулжээ.

Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Samsung S&T” компани ажиллахаар болж, туслан гүйцэтгэгч компаниудын ажил хэвийн үргэлжилж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан ажиллаж буй юм.  Төмөр зам тавихад хамгийн чухал зүйл болох далангийн ажлыг чанартай, сайн хийхийн зэрэгцээ нөхөн сэргээлтийг анхаарч, ажиллахыг ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа туслан гүйцэтгэгч компаниудад энэ үеэр үүрэг болголоо.

Туслан гүйцэтгэгчээр “Дардан говь” ХХК, “Билэгт зам” ХХК, “Хүслэнт бүтээмж” ХХК, “Бидний зам” ХХК, “Мапроуд” ХХК, “Эсто” ХХК, “Нутгийн буянт” ХХК-ийн ажлын явцтай танилцсан юм. Тэдний ажлын явцад хөрснөөс ус гарахаас эхлээд төмөр замын трасст орсон айлуудыг нүүлгэн шилжүүлэх зэрэг асуудал гарсаныг хэлж байлаа. Тухайлбал, “Бидний зам” ХХК-ийн ажил гүйцэтгэж буй талбайд хөрсний ус илэрсэн байна. Үүнийг ерөнхий гүйцэтгэгч “Samsung S&T”-тай хамтарч хөрс солих аргаар шийдвэрлэх талаар санал солилцож буй гэлээ. Түүнчлэн уг компанийн барьж буй далан авто замтай огтлолцох нөхцөл үүсчээ. Шинэ төмөр замын төсөлд ямар нэг байдлаар авто замтай нэг төвшинд огтлолцуулахгүй байхыг баримталж байгаа юм. Гэтэл төмөр зам болон авто замын трассыг өмнөх Засгийн газрын үед салбар хариуцсан сайд байсан Ц.Дашдорж баталж, гарын үсэг зурсан аж. Ямар ч байсан авто замыг төмөр замын доогуур дэвсэх байдлаар нэвтрүүлж асуудлыг шийдвэрлэх боломж бий гэнэ.


П.Бат-Эрдэнэ: Энэ жил төлөвлөгөөний дагуу газар шорооны ажлын 90 хувийг хийж гүйцэтгэнэ

“Монголын төмөр зам” компанийн захирал П.Бат-Эрдэнээс шинэ төмөр замын бүтээн байгуулалтын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Төрөөс төмөр замын тээврийн талаархи баримтлах бодлого батлагдсаны дагуу бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Одоогийн байдлаар ямар ажил хийж байна вэ?
-“Монголын төмөр зам” компани тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Энэ барилгын ажил маань шинэ төмөр зам буюу Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын нэг, хоёрдугаар үе шатанд багтаж байгаа төсөл. Барилгын ажлын газар шорооны ажлынхаа 20 орчим хувийг гүйцэтгээд байна. Энэ жил төлөвлөгөөний дагуу газар шорооны ажлын 90 хувийг хийж гүйцэтгэнэ.

-Ерөнхий гүйцэтгэгчээр “Samsung S&T”  компани ажиллаж байгаа гэсэн. Туслан гүйцэтгэгчээс хэд компани ажиллаж байна вэ?
-Тиймээ. Ерөнхий гүйцэтгэгчээр “Samsung S&T” компани ажиллаж байгаа. Туслан гүйцэтгэгч компаниуд авч ажиллуулна. Өнөөдрийн байдлаар найман компани ажилдаа гарсан.

-Барилгын ажлын явцад ямар нэг асуудал гарлаа гэхэд зөвхөн ерөнхий гүйцэтгэгч компанид хандах уу?
-Энэ бол түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэй гэрээ юм. Зөвхөн “Samsung S&T” компанитай хариуцлагын асуудал ярина.  

-Ажлын явцад ямархуу хүндрэл бэрхшээл гарч байгаа бол?
-Мэдээж, том бүтээн байгуулалт, том ажил учраас хүндрэл бэрхшээлүүд тулгарч байгаа. Үүнийг “Samsung S&T” компанитай хамтран шийдээд явна. Мөн орон нутгийн удирдлагууд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

-Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замыг яг хэзээ хүлээлгэж өгөх вэ?
-2015 оны аравдугаар сард хөдөлгөөн нээхээр төлөвлөж байгаа. Аравдугаар сараас хойш тодорхой хугацаанд туршилт хийгээд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар тооцсон.

Төрийн ажлыг гацааж хувийн эрх ашгаа дээдлэгчид

Улс оронд бүтээн байгуулалтын их ажил өрнөөд буй энэ цаг үед зөвхөн хар амиа хоохойлон суугчдын садаа бас мундахгүй нь. Нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон айл өрхүүд амандаа орсон мөнгө нэхэж байгаа тухай мэдээлэл сонсогдож байсан. Тэгвэл төрийн бодлогоор барьж буй шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дэгээ тавих иргэн байгаа нь харамсалтай. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй төмөр замын трасст хэд хэдэн малчин айл багтаж. Гүйцэтгэгч компаниуд айлуудыг өөрсдийн зардлаар нүүлгэж, өвөлжөө барьж өгөн, худаг гаргажээ. Харин нэгэн зөрүүд айлаас болж “Билэгт зам” ХХК-ийн газар шорооны ажил хэвийн явж чадахгүй байна. Батлагдсан трассын зам дагуу таарсан нэгэн гэр бүл бүтээн байгуулагчдаас их хэмжээний мөнгө нэхжээ. Өнгөрсөн жил 300 сая төгрөг нэхэж байсан бол энэ жил өвөлжөө бариулж, худаг гаргуулах дээр Улаанбаатарт гурван өрөө байр, жийп машин авах хүсэлтэйгээ хэлсэн байна. Бага насны хоёр хүүхэдтэй, гэрийнхээ гадаа цөөнгүй малтай, залуу гэр бүл мөртлөө төрийн ажлыг гацаах хэмжээнд хүртлээ зөрүүд зан гаргаж байгааг юу ч гэмээр юм. Учиргүй их хөрөнгө чинээ нэхэмжилсэн хэдэр өвгөн болов уу гэж төсөөлж байтал залуухан гэр бүл гэхээр өмнөөс нь ичих шиг болов. “Билэгт зам” ХХК-ийнхан далангийн ажлаа хэвийн үргэлжлүүлж чадалгүй тэр айлыг дунд нь орхиод цааш нь үргэжллүүлэн далангаа барьж байгааг дуулгалаа. Энэ айлыг яах вэ гэж биднийг очиход аргаа барсан байдалтай лавлаж байсан юм. “Миний тэмээний явах газрыг хааж төр хөгжих ямар шаардлага байна вэ” гэж нэгэн нутгийн малчин асууж байсан талаар ч энэ үер сонсогдож байснаас талбай дээр гэр бариад суулт хийж байгаа аятай нүүхгүй гэж зөрүүдэлсэнийг нүдээр үзлээ. Айлын гэрээс хэдхэн метр зайтай замын ажил тасарч, нөгөө талдаа ч мөн ийм хэмжээтэй газарт далангийн ажил зогсчээ. Нутгийнхнаас лавлавал, Өмнөговь аймгийн нэгэн төрийн албан хаагчийн ойрын хамаатан учраас их бардам суугаа гэлээ. Гэхдээ энэ удаад тэдний нэр усыг хэлэхээс зайлсхийлээ. Удахгүй тэд гүргэр зангаа засах биз гэж найдъя.  


Б.Батзаяа: Евроазия, Ашмор групп “Шинэ төмөр зам” төсөлд нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулахаа илэрхийлсэн

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж явах үед нь уулзаж, ярилцлаа.

-Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын биелэлт ямар төвшинд явна вэ?
-Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын нэг бодит ажил Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын ажил. Энэ замын ерөнхий гүйцэтгэгчээр “Samsung S&T”  ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар найман компани ажиллаж байна. Үүнээс долоо нь Монголын компани, нэг нь Хятадынх. Тавдугаар сарын 17, 18-нд миний бие энд ирж ажилласан. Сар гаруйн хугацааны дараа дахин ирж, ажилтай танилцлаа. Өмнө нь ирэхэд ажил дөнгөж эрчимжиж эхэлж байсан болохоор тодорхой даалгавар өгөөд явсан. Сарын дараа ирэхэд ажил эрчимжсэн байна. Бүтээн байгуулалтын ажил эрчээ авчээ. Зарим компани ажлын байрандаа ирээд удаагүй, кэмпээ байгуулж, карьераа нээгээд ажил явж байна. Урьдчилж ирсэн компаниудын ажлын гүйцэтгэл 100 гаруй хувьтай, долоо хоногоор төлөвлөгөөгөө шахаж ажиллаж байгаа. Хиймэл байгууламжуудын ажил нэгдсэн байдлаар удахгүй эхэлнэ. Энэ зам дээр нийтдээ 1500 метр урт гүүр баригдана. Тэр дундаа 580 метр урттай гүүр баригдах юм. Төмөр замын хувьд том гүүр барих юм. Гүүрүүдийн ажлын зураг үндсэндээ дууссан. Экспертизээр хянагдаад удахгүй ажил эхэлнэ.

-Таван толгой-Сайншандын чиглэлийн төмөр замын ажил ямар шатандаа явж байна вэ?
-“Ниппон Коэ” гэдэг компани төмөр замын томоохон техникийн зураг төслийг зурж ажиллахаар сонгон шалгарсан. Трассын дагуу нэг удаа яваад үзсэн байгаа. Зургийн ажил нэлээн эрчимтэй явж байна. 14 хоногтоо нэг удаа ЗТЯ-нд ажлын хэсэг хуралдаж, ажилтай нь танилцаж байна. Өнгөрсөн мягмар гарагт “Ниппон Коэ” компани тайлангаа тавьсан. Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигтийн чиглэлийн замд урьдчилсан судалгаа явуулан харьцуулсан судалгаа хийж байгаа. Эдийн засаг талаасаа эхлээд Хөөт-Бичигтийн чиглэлийн замыг эхэлж барих нь зүйтэй юм гэсэн техникийн урьдчилсан танилцуулга хийсэн. Нарийвчилсан судалгааг ирэх лхагва гарагт ЗТЯ-нд ирүүлэх юм. Баянтүмэнгийн зам гэдэг Эрээнцаваас-Чойбалсангийн чиглэлийн 238 км төмөр зам бий. 1938 онд баригдсан төмөр зам. Тэгэхээр бодлогын төвшинд Чойбалсан хүртэл зам төлөвлөсөн. Техникийн зураг төслийн ажлын даалгаварт Эрээнцав-Чойбалсангийн чиглэлийн замыг зурахаар байгаа юм. Урьдчилсан байдлаар трассын нийт дизайны зураг энэ оны есдүгээр сар гэхэд эцэслэн гарна.

-Зөвлөхөөр хаанахын ямар компаниуд ажил­лахаар болов?
-Санхүүгийн зөвлөх болон хуулийн зөвлөх компани шалгарсан. Одоогийн энэ далангийн ажилд “Монголын төмөр зам“ компанийн инженер, техникийн ажилтнууд хяналтаа тавьж байна.  Ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс  туслан гүйцэтгэгчдийн ажлыг хянах баг ажиллаж байгаа. “Samsung S&T” компанийн ажлыг хянах, олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө босгох учраас хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний олон улсын хяналтын зөвлөх компанийн тендер зарласан. Энэ сарын сүүлчээр эхний шатны шалгаруулалт дуусчих байх. Удахгүй тендерийн ялагч шалгарна.

-Санхүүжилтийн тухай тодруулбал?
-Монгол Улсын Ерөнхий сайдын 65 дугаар захирамжаар төслийн компанийн 49 хувийг эзэмших дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад хандсан олон улсын нээлттэй урилгыг хоёрдугаар сарын дундуур зарласан. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Оросын Евроазия болон Английн Ашмор групп “Шинэ төмөр зам” төсөлд нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа албан ёсоор илэрхийлж, санамж бичигт гарын үсэг зурсан. Хөрөнгө оруулагчдыг татах хэлэлцээрийн ажил нэг шатаар ахиж байна.
Үүний дараа хамтран ажиллах урьдчилсан гэрээ, дараа нь хөрөнгө оруулалтын гэрээ зурагдана. “Энержи ресурс рейл” компани, ММС компани энэ замд оруулсан хөрөнгөөрөө төслийн хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулагчаар орох хэлэлцээр давхар явж байгаа. Цаана нь, гурван хөрөнгө оруулагч компанитай ажлын хэсэг хэлэлцээр хийнэ.

0 Сэтгэгдэл
Ter maliin geriig ni toirood garch boldoggui umuu
Хамгийн их уншсан