Шинэчлэлийн Засгийн газрын “Боловсролыг шинэчлэх” мөрийн хөтөлбөрийн дагуу оюутан бүрийг таблеттай болгох, мөн хичээлүүдийг е-контент хэлбэрээр явуулах зорилго тавьсан. Тэгвэл энэ хөтөлбөрийг бодит ажил болгох гол хэрэгсэл болсон таблетыг “МUST Technology” ХХК зохион бүтээсэн байна. Тус компанийн үйлдвэрлэсэн таблетыг ирэх намраас оюутнуудад 200 ам.долларын үнэтэйгээр худалдаалах юм байна. Оюутнууд таблетыг хичээлийн хэрэгсэл болгосноор мэргэжлийн хичээлээ хязгаарлагдмал бус орчинд сурах боломж олгож байгаа юм. Таблетыг оюутнууд сайн дурын үндсэн дээр үндэсний тэтгэлэгээр эсвэл лизингээр худалдан авах боломжтой гэнэ. БШУЯ, ШУТИС болон МОХ хамтран “Цахим ирээдүй” хөтөлбөрийг ирэх намар нэвтрүүлэхээр төлөвлөөд буй. Тус хөтөлбөр цахим хичээл, цахим ном зэргийг оюутан, сурагч бүрт хүргэх зорилготой. Хөтөлбөрийн дагуу шинэ хичээлийн жилээс буюу ирэх есдүгээр сарын 1-ээс бүх ерөнхий боловсролын сургуулиудыг интернэтээр хангах юм байна.