Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын Чери компанийн төлөөлөгчийн газар албан ёсоор нээгдлээ

Манай улсад газар тариалангийн салбар үүсээд хагас зууныг илээсэн. Энэ хугацаанд тариаланчид маань олон орны техник хэрэгслийг хэрэглэж гаршаад байгаа. Бараг хаана үйлдвэрлэсэн нь танигдахаагүй өөрчилж янзалдаг. Үүнийгээ монголчлох гэж нэрийдэх. Ингэж л хагас зууныг илээсэн. Тэгвэл тариаланчид маань  урд хөршийнхөө үйлдвэрлэсэн техник хэрэгслийг газар тариалангийн салбарт хэрэглэх боломж нээгдлээ. БНХАУ-ын Чери группын үйлдвэрлэсэн Чери тракторуудыг ашиглах боломжийг тус компанийнхан олгож Монгол дахь төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ. Чери группын хувьд дан ганц газар тариалангийн трактор, техник хэрэгсэл үйлдвэрлэхээс гадна уул уурхай, барилга, зам талбайн техник хэрэгсэл үйлдвэрлэдэг аж. Тус компанийн техник хэрэгслүүд нь ази төдийгүй европын бусад оронд ч танил болоод байгаа аж. Хөдөө аж ахуйн салбарт л гэхэд 2000 орчим техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлсэн гэнэ. Хөдөө аж ахуйн үйлдвэр нь 2010 онд байгуулагдсан ч богино хугацаанд маш хурдан чанартай техник хэрэглээнд оруулсан нэвтрүүлж маш олон улсад бүтээгдэхүүнээ нийлүүлсэн байна.
Өчигдөр Шижиртийн аман болсон төлөөлөгчийн газрын нээлтэд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэд сайд Ц.Туваан тэргүүтэй албаныхан оролцсон юм.
Дэд сайд Ц.Туваан, “Манай салбарын яам техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх бодлого барьж байгаа. Чери компанийн үйлдвэрлэсэн тракторууд нь хөдөлмөрийн бүтээмж өндөртэй, түлш бага зарцуулдаг гээд давуу тал олонтой. Хамгийн гол нь тус компанийнхан бүтээгдэхүүнээ монголд оруулж ирэхдээ хэн нэгнээр дамжуулж, дэмжлэг туслалцаатайгаар бус өөрсдийнхөө хүчээр оруулж ирсэн. Анх манай яаман дээр ирж танилцуулгаа өгөөд явсан. Бид судалсан. Тариаланчдад тохирмоор техник байна билээ” гэв.
Чери компанийн үйлдвэрлэсэн тракторууд нь цагт 20 л шатахуун зарцуулж таван га талбайг хагалж, буталж, үрлэх чадалтай гэнэ. Энэ нь манайхны хэрэглэж заншсан орос техникийг бодвол харьцангуй бага түлш зарцуулж, илүү үр бүтээмжтэйг харуулж байна гэж ҮХАА-н яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү хэлж байв.
Чери компанийнхан техникээ оруулж ирэхээс гадна, сэлбэг хэрэгслийг нь оруулж ирж, засвар үйлчилгээ нь хариуцан ажиллах гэнэ. Гэхдээ энэ компани трактор болон бусад дагалдах техник хэрэгсэлдээ хоёр жилийн баталгаа олгож чадна гэж байлаа. Цаашдаа тус компанийнхан бүтээгдэхүүнээ дан ганц газар тариалан бус, уул уурхай, зам, барилгын салбарт ч нийлүүлэх төлөвлөгөөтэй гэдгийг компанийн төлөөлөл хэлж байсан юм. Мөн монголын тариаланчдад техникүүдээ өгөхдөө тодорхой хэмжээний дэмжлэгтэйгээр өгөх боломжтой аж. Тухайлбал, тариаланчид урьдчилгаа өгч авч болох ба тариа будаагаа борлуулснхаа дараа үлдсэн төлбөрийг өгөх нь нөхцлөөр борлуулах бодлого барьж байгаа гэлээ.

ҮХАА-н дэд сайд Ц.Туваанаас цөөн асуултад хариу авлаа.
-Хятадын хөдөө аж ахуйн техник хэрэгслийн 70 хувийг хангадаг том компанийн төлөөлөгчийн газар Монголд албан ёсоор нээгдлээ. Тэгэхээр энэ компанийн техник хэрэгслийг тариаланчдад ямар нөхцлөөр худалдаалах вэ. Салбарын яамнаас ямар бодлого барьж байна вэ?
-Хятадын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Чери компанийн төлөөлөгчийн газар өнөөдөр нээгдлээ. Энэ компани манай яамтай бодлогын түвшинд хамтарч ажиллана. Түүнээс Засгийн газраас ямар нэгэн зээл тусламж авахгүй. Энэ компанийг олзуурхаж байгаа нь Монголын талаас ямар нэгэн санхүүгийн дэмжлэггүйгээр техник хэрэгслээ оруулж ирээд, дараа нь сэлбэг тоног төхөөрөмж, засвар үйлчилгээнийхээ газрын оруулж ирж байгаа нь давуу тал. Манай тариаланчид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын техникүүдийг ашиглах гэхээр боловсон хүчний дутагдал муу байгаа. Тиймээс энэ компанийнхан өөрсдөө сургалтаа явуулж, боловсон хүчин бэлтгэх нь манай яаманд маш их таалагдаж байна.
-Өмнө нь манай тариаланчид энэ компанийн техникүүдийг ашиглаж байсан болов уу. Манайхан урд хөршид үйлдвэрлэсэн бага оврын тракторуудыг ашигладаг шүү дээ?
-Өмнө нь яг энэ компанийн тракторуудыг ашиглаж байгаагүй.
-Техникийг ямар байдлаар худалдаалах вэ. Энэ талаар ярьж тохирсон зүйл бий юу?
-Хэрхэн яаж худалдаалах нь тухайн компанийн асуудал байх. Манайхтай тэгж, ингэж хамтарж ажиллана гэсэн зүйл байхгүй. Гэхдээ энэ техникүүдийг харахад манайханд их тохирсон байгаа юм. Учир нь, дунд оврын тракторууд нь дундаж талбайд тариалалт хийдэг хүмүүст их тохиромжтой юм шиг санагдлаа. Яагаад гэхээр 80 морины хүчтэй тракторуудыг манайхан хэрэглэж сурсан байдаг.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан