Загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй брэндийн нэг “Dolce and Gabbana”-г үндэслэгч Доменико Дольче, Стефано Габбана нарт Италийн шүүхээс нэг жил найман сарын хорих ял оноолоо. Тэднийг хэдэн сая еврогийн орлогыг татвараас нуун дарагдуулсан хэргээр ийн шийтгэж байгаа юм.
Мадонна, Кейт Мосс, Кайли Миног гээд дэлхийн супер оддын гоёлыг урладаг “Dolce and Gabbana” брэндийг анх Италид үүсгэн гаргасан боловч татварын орчин хатуу учраас Дольче, Габбана хоёр Люксембург руу компаниа шилжүүлэн тэндээс бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх болсон гэж татварын байгууллага сэжиглэж буй юм. Ингэснээр тус компани нэг тэрбум гаруй еврогийн орлогод ноогдуулах татвараас зайлсхийж чадсан гэж Италийн хууль хяналтын байгууллага тооцож байна. Харин Доменико Дольче, Стефано Габбана нар бизнесээ тийш нь шилжүүлээгүй, ердөө л Люксембургийн компанид зарсан гэж мэдэгддэг. Гэвч тэд өндөр эрэлттэй брэнд компаниа зах зээлийн үнэлгээнээс нь доогуур худалдаад, энэ бизнесээс гарсан гэдэгт хэн ч итгэхгүй байгаа юм. Гэсэн ч дизайнерууд энэ бүхнийг үндэслэлгүй хэмээн няцааж буй бөгөөд шүүх хуралд ч өөрсдийн биеэр ирээгүй гэнэ. Гэхдээ нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учир Д.Дольче, С.Габбана нар давж заалдах төлөвлөгөөтэй байгаа аж.
Б.Сэвжидмаа