Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангийн дэргэдэх 110 дугаар бүрэн дунд сургуулийн төгсөлтийн баяр өнгөрсөн баасан гаригт болжээ. Энэ жил тус сургуулийн 9 дүгээр ангийг дөрвөн сурагч, 11 дүгээр ангийг гурван сурагч төгсчээ. Төгсөлтийн баярын үйл ажиллагаанд Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Нийслэлийн боловсролын газрын ажилтан Батдэлгэр, “Асрал төв”-ийн захирал Чимэддаваа, Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Амарсайхан нарын албаны хүмүүс оролцсон байна. Тэд хүүхдүүдэд хандан “Өнөөдөр түүхэнд тэмдэглэмээр баярын өдөр, насан туршдаа та нар марталгүй санаж явах өдөр. 110 дугаар сургууль 6 дугаар сарын 1-нд бүрэн дунд сургуулийн гэрчилгээгээ албан ёсоор гардан авсан. Та бүхэн 12 жилтэй тус сургуулийн 9, 11 дүгээр ангийг төгсөж байна. Ах эгч нар нь та нарын сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр цаашид ч ажиллана. Хүн бүр математикч болох албагүй харин хүн бүр эцэг эх болно. Хүн юу тарина, түүнийгээ хураана гэдэг. Үүнийг санан насанд хүрээд зөв сайхан амьдраарай, Та нар Монголын ирээдүй шүү” хэмээн онцолсон байна. Мөн энэ үеэр сурагчдын холбооны тэргүүний сурагчаар хүмүүжигч Т.Гэсэр шалгарч, “Номтой нөхөрлөе” клубийнхэн хүүхдүүдэд Монголын нууц товчоо зэрэг ном бэлэглэжээ.