Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Заавал дээд мэргэжил гэж үү


“Сэхээтэн” гэдэг зиндаа аль хэдийнэ тухайн нийгэмтэйгээ замхарсан. Гэтэл тэр үед амьдарч байсан хүмүүс одоо ч байгаа учраас өөрийн хүүхдүүдээ заавал дээд мэргэжил эзэмшүүлэх гэсэн санаа агуулдаг.
Энэ бол дээд боловсрол эзэмших гэсэн нэг л шалтаг. Жилд дунджаар 40 мянга орчим хүүхэд Ерөнхий боловсролын сургууль төгсдөг. Тэд их, дээд сургуулийн босгыг алхахын тулд ЭЕШ өгөх ёстой. Зарим нь мэргэжлээ сонгоод шаардлагатай хичээлээрээ шалгалт өгөхөөр бүртгүүлдэг. Харин сонгоогүй нь бүх хичээлээр шалгалт өгөөд, гайгүй оноо авсан хичээлээрээ таарсан сургуульд нь орно. Ямар ч байсан л аав, ээж намайг дээд сургуульд ор гэсэн гэдэг бодолтой байдаг. Тэгвэл ингэж дөрвөн жилийн турш сургалтын төлбөр зарлагадаж, цаг хугацаа алдан эцэстээ хүсээгүй мэргэжлээр төгссөн ажилгүй, мэргэжилтэй хэдий ч мэдлэггүй залуус нэмэгдэж байна.

Төгсөгчид болон эцэг, эхчүүд тусгай мэргэжлийг тэр бүр оошоож үздэггүй. БШУЯ, Хөдөлмөрийн яам болон Монголын оюутны холбоо хамтран төгссөн, төгсөх гэж буй оюутнуудад зориулан өчигдөр хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг “Чингис” зочид буудалд зохион байгууллаа. Бүх дүүргийн хөдөлмөрийн биржүүд оролцсон тус арга хэмжээний үеэр хамгийн эрэлттэй мэргэжилд нэгдүгээрт мужаан оржээ. Харин дараа нь барилгын туслах ажилтан, жолооч, зүлэгжүүлэлт гэж явсаар тогооч, бетон арматурчин, сантехникч зэрэг мэргэжил орсон байна билээ. Бүгд тусгай мэргэжил. Хөдөлмөрийн биржүүдэд өдөрт хэдэн 10-аараа бүртгэгддэг гэнэ. Гэтэл Монголд ажилгүйдэл газар авч байна хэмээн ярьдаг. Монголын залуус нэг үе хуульч, эрхзүйч мэргэжил рүү хошуурч байсан бол сүүлийн хэдэн жил уул уурхайн мэргэжил түлхүү эзэмших болсон. Гэтэл цаана нь эзэнгүйдсэн салбар олон. Аялал жуулчлалын хөтөч хийх гадаад хэлтэй нь нөгөө уул уурхайгаа дагаад явчихаар аялал жуулчлал гэх эзэнгүй хэрнээ маш баян айл хар бууриа сахиад үлддэг. Маш баян гэдгийн учир нь Монголын өргөн уудам, тал хээр, хангай, говиор аялах гадаадын жуулчдын цувааг зөв залж чадвал манайх уул уурхайн олдогоос ч их хөрөнгийг аялал жуулчлалын салбараас олох бүрэн боломжтой гэдгийг судалгаагаар гаргасан байна.

Гэхдээ одоогоор зөвхөн аялал жуулчлалын салбар ч эзэнгүйдсэн хэрэг биш. БШУЯ-наас эрэлттэй 20 мэргэжлийг гаргаж, энэ чиглэлээр сурсан хүүхдүүдэд тэтгэлэг олгохоор болоод байгаа. Сургалтын төлбөрөөс нь чөлөөлж, төгссөнийх нь дараа тодорхой хугацаанд гэрээгээр ажиллуулах тухай Засгийн газарт өргөн мэдүүлж энэ нь дэмжигдсэн. Энэ жилээс хэрэгжээд явна. Тэгэхээр дээд мэргэжил эзэмшсэн ч сонголтоо зөв хийх шаардлага өнөөдөр тулгараад байна. Хөдөлмөрийн биржид ирсэн залуус “Нэг газар ажилд ордог. Гэхдээ удирдлага, ажилтнуудынх нь дарамтаас болоод удаан ажиллаж чаддаггүй”, “Өөрийн хүссэн мэргэжлээ анхнаасаа сонгоогүй болохоор сайн сураагүй. Дипломоо бариад нэг газар очдог. Чадвар гологддог” гэхчилэн ярьж байна. Тэгвэл ирээдүйн амьдралынхаа төлөө гаргах шийдвэрт эхнээсээ нухацтай хандах хэрэгтэй. Алдаж гаргасан шийдвэр хамгийн багадаа л гэхэд амьдралын чинь дөрвөн жилийг бас мөнгийг чинь зүгээр л залгидаг.

Ажлын байрны үйл ажиллагааны үеэр уран бичээч Н.Бат-Эрдэнэтэй уулзлаа. Тэрээр хоёрхон минутын ажлын хөлсөндөө 10-15 мянган төгрөг авч байна. Захиалагчийн бичүүлэх гэсэн нэрийг уран бичиж өгөөд л тэр. Түүнээс ажлынх нь талаар асуухад “Хүмүүс дээд боловсролын төлөө хоосордог. Би бол багаасаа зураг зурах дуртай хүүхэд байсан. Гэхдээ би Дүрслэх урлагийн коллежийн Монгол зургийн ангийг төгсөөд, ДУДС-ийн дэргэдэх Монгол зургийн “Агула” төвд мэргэжил дээшлүүлсэн. Хүн заавал дээд боловсрол гэхгүй авьяасаа хөгжүүлээд явбал сайхан амьдрах боломжтой” гэлээ. Тэрээр мөн уран бичлэгийн дугуйлан хичээллүүлдэг аж. Уран бичиж сурахын тулд зөвхөн Монгол бичиг мэддэг байхад л хангалттай талаар ч ярилаа.

Тэгэхээр ажилгүйдэл ихсэхийн гол шалтгаан нь хүнд хэлэхэд таатай сайхан нэрэнд хууртаж эрэлттэй мэргэжил эзэмшихгүй байгаатай холбон тайлбарлаж болохоор байна. Олон улсын нэртэй мэргэжлүүд, хуульч, эдийн засагч гэх мэт боловсон хүчин нь ажлын байрнаасаа хэд дахин илүү байгаа юм. Манайхан хэдийгээр өргөн уудам нутаг шиг ээ алсыг харж, сэтгэдэг ч хаана юу хийж амьдрахаа хамгийн эхэлж мэддэг баймаар...

0 Сэтгэгдэл
Өө за за. хөдөлмөрийн биржид Оюутны холбооо оролцоод л. Бас хамгийн өндөр үнэтэй буудалд үйлчилгээ явуулаад л. Залуус аа миний дүү нар энэ сонгуульд өөрсдийн толгойгоор саналаа өгөөрэй. АН-ын бузар тоглоомонд битгий оролцоорой.
Өө за за. хөдөлмөрийн биржид Оюутны холбооо оролцоод л. Бас хамгийн өндөр үнэтэй буудалд үйлчилгээ явуулаад л. Залуус аа миний дүү нар энэ сонгуульд өөрсдийн толгойгоор саналаа өгөөрэй. АН-ын бузар тоглоомонд битгий оролцоорой.
Хамгийн их уншсан