Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санаачилгаар “Монголын шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн холбоо”-ноос Эх үрсийн баярт зориулан “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт өдөрлөг өчигдөр зохиолоо. Энэ тухай тус холбооны удирдах зөвлөлийн дарга Т.Энхцацралаас тодрууллаа.
-“Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт өдөрлөг болж байна. Яагаад ийм өдөрлөг зохион явуулахаар болов?
-Эх үрсийн баярыг угтан “Монголын шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн холбоо”-ноос ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдэд зориулан “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт өдөрлөг зохион байгуулж байна. Мэргэжил бүхэн сайхан гэдгийн учир нь хүн бүр өөрийн ур чадвар, авьяас билэгт тохируулан мэргэжлээ сонгодог. Гэвч эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүддээ энэ мэргэжлийг сонго гэх зэргээр тулгадаг нь хүүхдийнхээ сэтгэлгээ, оюуны чадамж, хувь хүний сонирхлыг нь үл ойшоохгүй байгаа хэрэг. Ийм учраас энэ өдөрлөгөөр өсвөр насны хүүхдүүдэд мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай заавар зөвлөгөө өгөхөөр холбогдох байгууллагын мэргэжилтнүүд болоод эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна.
-Манай улсын боловсролын салбар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрчимтэй тэлж байна. Үүнийг дагаад сүүлийн үед мэргэжил гэхээр заавал их, дээд сургууль төгсч дээд боловсрол эзэмшсэн байх ёстой мэтээр ойлгодог болж?
-Мэргэжил эзэмшинэ гэдгийг дээд боловсролтой байх мэтээр ойлгож болохгүй. Тогооч, үсчин, барилгачин, тариаланч гээд нийгэмд үйлчилж буй хүний хийж чадах бүхэн мэргэжил юм. Нийгэм, цаг үеэ дагаад ч тэр үү сургуулиа төгссөн хүүхдүүд сайн, муу нь хамаагүй их дээд сургуульд сурч дээд боловсрол эзэмшихийг зорьдог болж. Гэтэл нарийн мэргэжлийн ажиллах хүчний хэрэгцээ шаардлага их байна. Сайн гагнуурчин, тогооч, токарчин, мужаан гээд үнэхээр мэргэжлээ гаргуун эзэмшиж чадвал ямар ч дээд боловсролтой хүнээс ч илүү өндөр цалин авч, амжилтад хүрэх боломжтой гэдгийг хүүхдүүд төдийлэн мэддэггүй. Мэдээж, хэн ч хар ажилчин болохыг хүсэхгүй. Гэвч ямарваа нэг ажлыг хийж үзээгүй байж сайхан, муухайг нь мэдэх боломжгүй шүү дээ.
-Дэлхий даяар нийт 7000 гаруй ажил мэргэжил байдаг. Гэтэл манай оронд зарим мэргэжлийн боловсон хүчний нөөц ойрын 30-40 жилдээ хүрэлцээтэй. Энэ нь, цөөхөн хэдхэн мэргэжлийн хүрээнд сонголт хийж байгааг харуулах шиг?
-Тийм ээ. Манай улсад хууль, эдийн засаг гэх мэт нийгмийн салбарын олон мэргэжлийн боловсон хүчин хангалттай бий. Гэтэл жил бүр 20 гаруй хүүхэд тус салбарын мэргэжлүүдийг сонгож байна. Уул уурхай, барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа болоод ч тэр үү энэ салбарын мэргэжил, боловсрол эзэмшүүлдэг сургууль олон болж.
-Өдөрлөгийн хүрээнд судалгаа хийсэн байх. Манай улсад нэн тэргүүнд ямар мэргэжил эрэлттэй байна вэ?
-Салбарын хөгжлөө дагаад уул уурхай, барилгын мэргэжлүүд их эрэлттэй байна. Дэлхий дахинд тэргүүлэх зэргийн мэргэжлүүд гэвэл биотехнологи, мэдээллийн технологи, хүнсний инженер технологич болоод экологийн чиглэлийн мэргэжлүүд цаашид давамгайлах хандлагатай. Гэхдээ эрэлт хэрэгцээгүй мэргэжил гэж байдаггүй. Тодорхой хэмжээнд ажиллах хүчний илүүдэл үүсэхээс биш огт эрэлтгүй болно гэсэн үг биш.