Жүжигчин Марион Котиллард Каннын кино наадмын зураг авалтын үеэр нулимсаа барьж дийлэхгүй уйлж олныг гайхашруулжээ. Жүжигчин бүсгүй чухам юуны учир уйлсныг хүмүүс олж мэдээгүй ч магадгүй зураг авалтаас хэдхэн цагийн өмнө гарсан шүүх хурлын шийдвэртэй ч холбоотой байж мэднэ гэлцэж байна. Марион Котиллардыг удаа дараа заналхийлж, түүний фэн хуудас руу 504 удаа цахилгаан шуудан, 120 удаа видео бичлэг илгээсэн сэтгэл зүйн өвчтэй нэгэн эмэгтэйг Холбооны мөрдөх товчоо 2011 онд баривчилсан юм. Түүнийг шүүх хурал кино наадамтай давхцаж, заналхийлэгч эмэгтэйд шүүхээс таван жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.
Магадгүй энэ шүүхийн шийдвэр түүний сэтгэлийг тайвшруулж, уужруулснаас ийнхүү сэтгэл нь хөдөлж уйлсан байх гэж хэвлэлүүд бичиж байна. Ямартай ч хэсэг уйлсны дараа жүжигчин зураг авалтаа амжилтаа дуусгаж, орой нь “The Immigrant” хэмээх шинэ киноныхоо нээлтэд оролцсон байна. “Сарнайн өнгөт орчлон” кинонд алдарт Эдит Пиаффын дүрийг бүтээснээрээ дэлхий дахинаа нэрд гарсан Марион энэ удаа Польшоос АНУ-д цагаачлан ирээд, амьдрал нь орвонгоороо эргэж буй бүсгүйн дүрийг бүтээсэн ажээ.