Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тансаг бас ихэмсэг


Хагас зуун жил Кристиан Диор гэдэг нэр загварын ертөнцийн брэнд гэдгээ баталсаар л байгаа билээ. Диор гэхээр тансаг, эмэгтэйлэг, орчин үеийн шинэ таашаал хэмээн хүн бүр хүлээж авдаг. Тэгвэл энэ нэрний ард хэн байсныг сонирхсон юм.

Кристиан Диор бол 1905 оны нэгдүгээр сарын 21-нд таван хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд нь болж, Ла-Маншийн эрэг дэх бяцхан тосгонд мэндэлжээ.Түүний аав химийн элдэв бордооны худалдаа эрхэлж, харин ээж нь мөнгийг нь захиран зарцуулдаг байжээ. Ирээдүйн тэрбумтан маань хүүхэд байхдаа зураг зурах тун дуртай, бас авьяастай байж. Том болоод агуу зураач болно гэж өөрөө мөрөөдөх боловч эцэг эх нь дипломат болгоно гэж үргэлж бодно. Ийнхүү тэрээр ээжийнхээ ятгалгаар улс төр судлахаар их сургуульд элссэн гэдэг. Харамсалтай нь, үүгээр л түүний улс төрийн орон зай нь дууссан гэж хэлж болох юм. Олон улсын эрх зүй, газар зүйн хичээлээ давтахын оронд тэрээр музейгээр сэлгүүцэж, хөгжим, уран зураг сонирхож явдаг байлаа.1928 онд өөрийн найз Жак Бонжактай хамтран уран зургийн галерей нээж, Дерена,Матисса, Брака, Пикассо нарын зургийг тэндээ дэлгэжээ. Гэвч энэ галерей нь тийм удаан хаалгаа үзэгчдэд дэлгээд байж чадаагүй юм.  Санхүүгийн хямралд орсон аав нь Диорын галерейг санхүүжүүлэхээс эрс татгалзжээ.

Диорын намтар нь түүний зөрүүд зан, хувиа хичээх байдал, бүхнийг өөрөө хов хоосноос эхэлж чадна гэсэн өөртөө итгэх итгэлээр нь улам баяждаг. Ингээд л долоон жилийн дараа Кристиан Диор уран сайхны энэ л ертөнцөд буцан ирсэн билээ. Найзуудынхаа зөвлөснөөр тэрээр францын загварын сэтгүүлүүдэд өөрийнхөө зурсан зургийг нийтлүүлэв.

Энэ нь түүнийг маш хурдан нэр алдарт хүргэж чаджээ. Удалгүй тэрээр алдарт загвар зохион бүтээгч Пигетэй танилцан түүний ордны загвар зохион бүтээгчээр ажиллах болжээ. Гэвч зөрүүд зан нь ахиад л амжилтаас нь арагш чангааж. Диор цэрэгт явахаар шийджээ.

Цэргээс ирээд тэрээр бүхнийг нойлоос эхлэхээр шийдэж, ахиад л сэтгүүл, загвар зохион бүтээгч гээд л ажиллаж эхэллээ. 42 насандаа л Диор өөрийн гэсэн дүр төрх байр суурьтай болов.

Анх Монтеньд өөрийн Dior гэсэн загварын ордонг нээж, анхны коллекцоо дэлгэв. Нарийн бэлхүүс, өргөсөн хөх, жижигхэн мөр, хуниастай эсвэл шулуухан загвартай богино банзал гээд түүний загвар бусдаас өвөрмөц байсан олон хүний анхаарлыг өөрийн эрхгүй татаж байсан гэдэг.

Дэлхийн хоёрдугаар дайны хөлд нэрвэгдсэн ард түмэнг богино банзал, задгай энгэртэй даашинз хүлээж авна гэж итгэх хэцүү л байв. Гэвч харин ч санаснаас эсрэгээр болж, бүсгүйчүүд талархан хүлээж авч, анхны амжилтын амтыг мэдрэв.

Гэвч түүнийг эсэргүүцэгчид болоод дэмжигчид гэсэн хэсэг бүлэг бий болж, эмэгтэйчүүдийг дорд үзлээ гэж нэг хэсэг нь буруутгаж байхад нөгөө хэсэг нь богинхон банзалтнуудыг хамгаалах холбоо ч гэж байгуулав.

Үнэндээ Диор гэдэг нэр ихэмсэг байдал, гоо үзэсгэлэнг илэрхийлдэг болчихсон тэр цагт ч түүнийг үхлийн ялтай хэмээн буруутгасаар л байсан гэдэг.1947 онд гаргасан загварын коллекц нь өндөр босготой загварын ертөнцөд дуулиан дэгдээсэн юм. “Би бүсгүйчүүдийг өөрийнхөө гоо сайхныг гоё сайхан байна гэж мэдрэхээсээ илүүтэй аз жаргалаар амсаасай гэж хүсдэг” хэмээн тэрээр хэлсэн байдаг.1947 онд түүнийг Загварын ертөнцийн Оскар гардахад хэн ч гайхсангүй.

1947-1957 оныг хүртэл тасралтгүй жил бүр хоёр удаа загварын шинэ шинэ коллекц толилуулж олныг алмайруулж байв. “Урсгал”, “ Дэлбээ”, “Босоо”, “Хонхон цэцэг” зэрэг нэрээр гаргаж байсан цуврал бүрийг нь үзэгчид тэсэн ядан хүлээдэг болов. Даашинз бүр нь коллекцын нэртэй тохирсон ямар нэгэн өвөрмөц загварын шийдэлтэй байсан бөгөөд театр, утга зохиол, цэцэг, музей, Парижийн тухай өгүүлэмжүүд зонхилно. Заримдаа түүний дотоод ертөнцийг дэлгэх нууцхан хөзөр нь байсан гэдэг.

Ийнхүү цөөнгүй жил өөрийн загварын ордонг удирдаж, үйл ажиллагаа явуулсны эцэст тэрээр үслэг эдлэлийн салон байгуулж, “Диорын үнэртэн” фирмээ нээлээ. “Би хувцаслаж байгаа бүсгүй бүртээ зориулан гайхамшигт үнэрт шилэн саваа онгойлгох цаг нь болж. Үнэртэн гэдэг бүсгүй хүний өвөрмөц шинж, гоо үзэсгэлэнгийн бас нэг илэрхийлэл төдийгүй даашинзны минь гоёл, Ланкрегийн зурагт байдаг улаан сарнай” хэмээн Диор тодотгон хэлсэн байдаг.

Парижийн бүсгүйчүүдэд зориулж анх гаргасан үнэртэн нь “Хатагтай Диор” нэртэй гарсан бол араас нь “Диорама”, “Диориссимо” үнэртэн “төрөв”.  Гэвч энэ нь Диорын хувьд хангалттай зүйл биш байлаа. Тэрээр жинхэнэ үйлдвэрлэгч болсон юм. Зангиа, корсет, бээлий, цүнх, үнэт эдлэл үйлдвэрлэж эхлэв.

1953 онд тэрээр АНУ-д алдартай Роже Вивьег гутлын үйлдвэртээ урилаа. Ийнхүү 1950-аад оны дундуур Диор өөрийн хаант улсыг бий болгов .

Тэрээр зөвхөн загварын ертөнцөд төдийгүй, кино урлагт ч өөрийн гэсэн өнгө аясыг оруулж ирсэн их мастер.

Мөн гайхамшигтай сурган хүмүүжүүлэгч байсан гэдэг. Залуу загвар зохион бүтээгчийн авьяасыг анхны харцаараа л мэдэрч чаддаг байсан бөгөөд өөрийн ордонд ажиллуулж хөлийг дөрөөнд хүргэж байв.


Энд Пьер Карден анхны коллекцоо хийсэн бол Жан Луи Шеррер, Фредерик Касте нар ч суралцсан юм. 1955 онд Диорын ордонд ядуу Ив Сен-Лорен ирсэн гэдэг. Түүний авьяасыг Диор маш хурдан үнэлж, өөрийн өв залгамжлагчаар өргөмжилсөн билээ. Диорыг нас барсны дараахан буюу 1957 онд Сен-Лорен өөрийн коллекцоо “Трапец” нэртэйгээр дэлгэж, загварын ертөнцөд дуулиан тарьсан билээ.

Ив Сен Лорены дараа загварын ордныг нь Марк Боан тэргүүлж, 1989 оноос Бернар Арно, Жанфранко Ферре нар үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаа. Гэхдээ өнөөдөр ч Диор гэдэг нэрийг тансаг, гоо үзэсгэлэн гэдэг нэр томьёоноос салгаж үл зүрхлэх билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан