Жүжигчин Брэд Питт кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй кино бүтээхээр ажиллаж байна. Түүний гол дүрд нь тоглож буй “World War Z” киноны төсөв зардал анх төлөвлөж байсан 170 сая доллараас өссөөр 400 сая ам.долларт хүрэхээр болоод байгаа гэнэ. Макс Брүүксийн “World War Z” зохиолоос сэдэвлэн бүтээж буй уг киног Марк Форстер найруулж буй бөгөөд тэрээр Б.Питтэй үзэл бодлын хувьд зөрчилдсөнөөс кино ажил удааширч, зардал төсөв нь нэмэгджээ. Уг киноны продюсерээр Б.Питтийн “Plan B” компани ажиллаж байгаа юм. Тэрээр зохиолын зарим хэсэг, зураг авалтад сэтгэл хангалуун бус байгаагаас дахин дахин зураг авч, ажлаа нэлээд сунжруулжээ. Найруулагч М.Форстер өмнө нь “Quantum of Solace” киног хийсэн нь ихээхэн амжилт дагуулсан ч одоогийн бүтээж буй кино шигээ томоохон хэмжээний төсөвтэй уран бүтээл дээр ажиллаж байсан туршлагагүй. Энэ нь Брэд Питтэй ойлголцож чадахгүй байгаад ч нөлөөлсөн бололтой.
Хөрөнгө оруулагчид нь киноны төгсгөлд сэтгэл дундуур байсан учир бүтэн 40 минутын зохиолыг нь өөрчилж, шинээр авсан байна. Үүн дээр кино багт ажиллаж буй 750 хүний өдөр бүрийн хоол хүнс, Гласгоу, Будапешт, Мальта, Нью-Йорк гээд олон газар зураг авч байгаагаас зардал нь талийж өгсөн байна.
Гэвч ингэж өндөр зардлаар бүтээсэн кино эргээд өндөр ашиг орлого олно гэдэгт энэ салбарынхан эргэлзэж байна. Учир нь, кинонд зомбинуудын тухай өгүүлэх бөгөөд ийм төрлийн кино дээд тал нь 148 сая ам.доллар олж байсан удаатай. Тэгэхээр Б.Питтийн кино бараг 250 сая ам.долларын алдагдал хүлээж магадгүй хэмээн Холливудынхан ярьж байна.