Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАРЫН МӨНГӨ ӨГӨХ ҮҮ, БОЛИХ УУ

“Америкт нэг удаа” киноны нэг зурвасхан хэсэгт гол дүрийн хэсэг залуус өдөр бүр хооллодог жижигхэн кафены зөөгчид гарын мөнгө өгөх үү үгүй юу гэдэг дээр нэлээд маргалддаг. Гарын мөнгө өгөх нь зөв, эсвэл буруу гэсэн иймэрхүү эсрэг тэсрэг ойлголт хаа сайгүй бий. Тухайн байгууллагын үйлчилгээний төлбөрт зөөгч, үйлчлэгч нарын хөлс тэртээ тэргүй багтсан гэж зарим хүн үздэг бол тэдний цалин хөлс нь бага учраас гарын мөнгө нэмж авах нь цалингийн нэг хэсэг гэсэн ойлголт ч байдаг. Дээрх ойлголтын аль нь зөв байлаа ч үйлчлүүлэгчийн тусламж дэмжлэг авч байгаа л бол гар цайлгах нь наад захын соёл юм. Гэхдээ хаана, хэнд, хэдийг өгөх вэ гэдгийг мэдвэл зохино. Учир нь, Ази, Америк, Европ гээд соёлын ялгаатай улс орнуудад гарын мөнгөний өөр өөр дүрэм үйлчилдэг. Сонирхуулъя.


ЕВРОП

Европын ихэнх орны зоогийн газарт үйлчилгээний хөлс нь хоолныхоо төлбөрт шингэсэн байдаг. Гэхдээ дээд зэрэглэлийн ресторанд хоолны үнийн 5-10 хувьтай тэнцэхүйц мөнгө зөөгчид нь өгөхийг зүй ёсны хэрэг гэж үздэг. Хэрэв үйлчилгээний хөлс багтаагүй бол 15 хувийг төлөх ч энүүхэнд. Харин таксины жолоочид гарын мөнгө гэж  гарсан нийт төлбөрийнхөө 10 хувийг өгөх ёстой. Зочид буудлын ачаа зөөгчдийн хувьд цүнх тус бүрт хоёр ам.доллар төлдөг жишигтэй. Ер нь, хаанахын ч зочид буудал гэсэн энгийн нэмэлт үйлчилгээ нэг бүр хоёр ам.долларын “үнэтэй”. Жишээлбэл, онгоцны тасалбар захиалуулах, зоогийн газар захиалга өгөх, такси дуудуулах зэрэгт үйлчлэгчийн тусламж авсан бол эелдгээр хоёр ам.доллар атгуулах хэрэгтэй. Харин нэмэлт үйлчилгээ чинь хэр хүндээс хамаараад 30 ам.доллар хүртэл нэмэгдэж болно.
Таксигаар алдартай Лондонгийн үйлчилгээний жолооч нар танаас 10-15 хувийн гарын мөнгө авна гэж хүлээж байдаг учир ийм хэмжээний тип өгөхгүй бол бүдүүлэгт тооцогдоно. Онцгойлон сануулахад, Францад гарын мөнгө нь үйлчилгээний хөлсөнд бүрэн багтсан байдаг учир нэмж гар цайлгах гэсний хэрэггүй гэнэ.   

АЗИ

 Түрийвч нимгэн жуулчдын хувьд Азийн орнууд хамгийн аятайхан, зардал багатай гэж хэлж болно. Ялангуяа Японд. Эндэхийн ямар ч үйлчилгээний газарт, бүр дээд зэрэглэлийн зоогийн газар, зочид буудалд байлаа ч гар цайлгах нь эд мөнгөөрөө баярхсан, сөрөг сэтгэгдэл төрүүлнэ. Үүнтэй адил Малайз, Сингапур, Өмнөд Солонгос, Тайвань, Филлипин, Энэтхэгт ч гар цайлгах ёс үгүй.
Хятадад бол ихдээ л нийт төлбөрийнхөө гурван хувийг зөөгчдөд нь өгөх хангалттай. Таксинд ч эцсийн мөнгөө дуустал нь явж болно. Харин олон арван жил Британийн колони байсны хувьд Хонконгийн жишиг ерөнхийдөө Европтой ойролцоо. Ихэнх үйлчилгээний газарт 10-15 хувийн тип өгдөг заншилтай.  

АМЕРИК

Америкт гарын мөнгөний тогтсон жишиг байдаггүй. Зоогийн газруудад төлбөрийнхөө 15 хувийг, хэрэв өндөр зэрэглэлийн ресторанд ороод үйлчилгээ нь сэтгэлд ихэд нийцсэн бол 20 хүртэл хувийг зөөгчид нь өгч, талархлаа илэрхийлдэг. Нью-Йорк, Чикаго мэтийн томоохон хотуудад такси барьвал төлбөрийнхөө 15 хувийг жолоочид өгөх нь тохирсон гарын мөнгө болно. Харин жижиг хотуудад төдийлэн гарын мөнгө өгөх ёс байдаггүй. Зочид буудлын ачаа зөөгчдийн хувьд зэрэглэлээс нь хамааран цүнх тус бүрээ 1-5 ам.доллараар бодож урамшуулах хэрэгтэй.  Харин зочид буудлын хоол захиалах, такси дуудах зэрэг нэмэлт үйлчилгээ нь Америкт Европоос бага зэрэг өндөр, 3-5 ам.доллар байх жишээтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан