Хамран сургах тойргийг шинэчлэн баталснаар цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэлд олон асуулт гарч ирсэн. Түүнчлэн цэцэрлэгийн бүртгэл хэзээ эхлэх нь ч тодорхойгүй байгаа. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодруулахад “Цэцэрлэгийн хамран сургах тойргийн судалгааг зургадугаар сар гэхэд дуусах төлөвтэй учраас бүртгэлийг наймдугаар сарын 19-28-ны хугацаанд хийхээр болсон. Бүртгэлийн хугацаанд эцэг, эхчүүд өөрийн боломжтой цагтаа цэцэрлэг дээр очиж баталгаажуулахад хангалттай. Бүртгэлийг ажлын цагаар өдөр бүр хийнэ. Нэг цэцэрлэгт дунджаар 20-60 хүүхдийг л шинээр элсүүлж, бүртгэх учраас найман өдрийн хугацаанд ямар нэгэн дараалал үүсэхгүй болов уу. Тиймээс гомдол, чирэгдэл гарахгүй байх” гэлээ.
Цэцэрлэг хүрэлцээ муутай байгаа учраас энэ жил хамран сургах тойргийг шинэчлэн баталсан нь энэ. Гэхдээ цэцэрлэгийн эрхлэгчийн дунд зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг л сургана гэсэн ташаа ойлголт гарсан учраас “Цэцэрлэгт одоо хүмүүжиж буй хүүхэд хамран сургах өөр тойргийнх байлаа ч, одоо явж байгаадаа үргэлжлүүлэн явж болно. Хамран сургах тойрог нь шинээр элсэх хүүхдийн хувьд л хамаарна” хэмээн Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана тайлбарлалаа.