Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЛСЭЛТ ТОЙРСОН “ХАР”-ЫН ХАРИУ

Жил бүр цэцэрлэгт элсэх хүүхдийн тоо нэмэгдэж, ачаалал нь ч ихсэх болсон. Олон жил яригдсан энэ асуудлыг мэргэжилтнүүд хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирэгсэд нэмэгдэж, тухайн цэцэрлэгийн хамран сургах тойрогт олон тооны орон сууц шинээр баригддаг ч сургууль, цэцэрлэгээ төлөвлөхгүй байгаатай холбон тайлбарладаг. Түүнчлэн хороо, дүүргийн албан хаагч, удирдлагуудаас эхлээд Улсын Их Хурлын гишүүд, төрийн албан хаагчид, Мэргэжлийн хяналт, Аудит зэрэг хяналт шалгалтын байгууллагын албан хаагчдын хүсэлт, цохолтоор тойргийн бус хүүхэд элсүүлж байгаа нь ч дээрх асуудлын нэг зангилаа болоод байна. Тиймээс нийслэлийн Боловсролын газар уриалга гаргаж энэ жилээс нийслэлийн хэмжээний цэцэрлэг, ЕБС-иуд зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг элсүүлж сургах болсон. Гэхдээ үүнтэй холбоотой ойлголтын зөрүү эцэг эхчүүдийн дунд хөвөрсөөр байна.
Үүний нэг нь хамран сургах тойрог тогтоосноор хүмүүжиж байсан цэцэрлэгтээ явж чадахгүйд хүрэх нь гэсэн болгоомжлол. Бас энэ харыг батлах гэсэн цуу ярианууд... Тиймээс үүнд хариулт олохыг хичээлээ.

Ц.Отгонбагана: Нийслэлийн боловсролын газраас зөвлөмж гартал
нэг ч цэцэрлэг хүүхэд бүртгэхгүй

-Энэ жил цэцэрлэг, сургуулийн элсэлтэд хамрах хүрээний зааг тогтоосон. Гэхдээ үүнийг дагаад эцэг эхчүүд жил сурч байсан хүүхдүүд нь яах юм бол. Заавал шилжүүлэх шаардлагатай юу гэх боллоо?
-Хамран сургах тойргийг Нийслэлийн ерөнхий бо­ловс­ролын сургууль бо­лон цэцэрлэгүүдийн хувьд шинэчлэн тогтоогоод байна. Учир нь, шинээр баригдсан орон сууц болон зарим хорооны хэсэг, гудамж хамран сурах тойроггүй. Тиймээс сургууль цэцэрлэгүүдийн ачааллыг тэнцүүлэх зорилгоор шинэчлэлт хийж байна. энэ бол тогтоосныг зарим нэг сургууль, цэцэрлэгүүд буруу ойлгосон шиг байна. Хамран сургах тойрог зөвхөн шинээр элсч байгаа хүүхдүүдэд хамаатай. Тэрнээс өнөөдөр цэцэрлэг, сургуульд хүмүүжиж, сурч байгаад ххамаарахгүй.
-Элсэлт хавар явахаар гэнэт хүүхдээ санасан эцэг эхчүүд намар бүртгүүлнэ гэсэн асуудал гаргаж магад. Эсвэл зун шилжилт хийсэн айлын хүүхдүүд яах вэ?
-Намар элсэлт авахгүй. Цэцэрлэг, сургууль ялгаагүй хүүхдийнхээ тоогоор сан­хүүж­дэг учраас эртхэн бүртгэлээ дуусгаад 2014 оны төсөвт хэдэн төгрөг суулгахаа тогтооно.
-Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын сүүлийн 10 хоногт хийгдэнэ гэсэн ч цаг хугацааны зөрүүтэй бүртгэх гээд байна. Яг хэзээнээс бүртгэх вэ?
-Саяхан БШУ-ны сайдын албан даалгавар гарсан. Цэ­цэрлэгийн хүүхдүүдийг тав­дугаар сард багтааж бүртгэ гэсэн. Гэхдээ цэцэрлэгийн хувьд эцэг эхчүүд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр ангийн хүүхдийг бид нэг ч хүүхэд үлдээлгүй бүртгэж сургуульд сургах бүрэн бололцоотой. Харин цэцэрлэгийн барилгын хүчин чадлыг 1.5-2 дахин нэмэгдүүлж байгаа хэрнээ авах ёстой хүүхдийнхээ дөнгөж 60 хувийг хамруулж буй. Өөрөөр хэлбэл, 100 хүүхдээс 40 -ийг гэр рүү нь буцаахаас өөр боломж, бололцоо байхгүй. Байдал ийм байгаа учраас тухайн цэцэрлэгт хамран сургах тойргоос явбал зохих хэдэн хүүхэд байна, хүлээн авах хүчин чадал нь хэр юм, давуулж авбал хэд хүргэх бололцоотой юм гэхчлэн судалгааг гаргаад дуусч байна. Нэгтгэж дууссаны дараа бүртгэлийн асуудлаа шийдсэн нэгдсэн зөвлөмж гаргана. Нэмж хэлэхэд, нийс­лэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн элсэлтийн зөв­лөмж гаргатал нэг ч цэцэрлэг бүртгэл хийхгүй.
-Хамран сургах тойро­г гээд ийм хэрэглэсэн ч хүүхдүүдийн 60 хувь нь цэцэрлэгт сурна гэхээр нөгөө хандивын анги, хахууль дахиад л үргэлжлэх нь?
-Цэцэрлэгийн хамран сургах тойргийн хүүхдүүдийн тоог хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай хамтарч маш нарийн гаргаж байна. Хорооноос нарийн тоо авсан цэцэрлэгүүд өөрийн гэсэн элсэлтийн бодлого гаргах юм. Тэртээ тэргүй цэцэрлэгийн хүчин чадал хүрэхгүй учраас ямар хүүхдийг яаж авах вэ гэдэг бодлогоо тодорхойлно. Хэрвээ та гэртээ хүүхдээ харах бүрэн боломжтой бол заавал цэцэрлэгт өгөх шаардлагагүй. Нэг ёсондоо, гэртээ эзэнгүй хаягдчих гээд байгаа хүүхдийг л судалгаанд үндэслэн цэцэрлэгт элсүүлнэ. Эцэг эхчүүдээс гомдол санал мэдээж ирнэ. Гэхдээ байдал ийм байхад хамгийн боломжит аргаар нь зохицуулахыг хаа хаанаа хичээж байна. Харин Нийслэлийн боловсролын газраас ирэх жил сургуульд орох таван настнуудыг заавал ав гэсэн зөвлөмжийг цэцэрлэгүүдэд өгсөн байгаа.
-Гэхдээ л хэн ч гэсэн хүүхдээ цэцэрлэгт өгөхийг хичээх байх?

-Тэгэх нь мэдээж хэрэг л дээ. Гэхдээ хүүхдийн тоо хязгаартай учраас ийм арга хэмжээ авч байгааг ойлгох хэрэгтэй.
-Хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх хүсэлтэй эцэг эхчүүд юу бэлтгэж очвол болох вэ?

-Тогтсон бичиг баримт бий. Хүүхдийн төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар. Өмнөх жилүүдэд хүүхдийнх нь шээс, цагаан хорхойны шинжилгээг эцэг эхчүүдээс нэхдэг байсан. Харин энэ жил нэгдсэн байдлаар шинжилгээгээ өгнө.

Цэцэрлэгүүд зөвлөмж хүлээж байна

Нийслэлийн Баянзүрх дүүр­гийн наймдугаар цэцэр­лэ­гээр ороход эрхлэгч Я.Ханд­сүрэн “Ямар ч байсан энэ сард багтааж бүртгэлээ эхэл­нэ. Гэхдээ Боловсролын газраас тодорхой мэдэгдэл, шийд өгөөгүй байна” хэмээн товчхон хариулсан юм. Харин 52 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Э.Энхтуяа “Одоо сурч байгаа хүүхдүүдээс маань ахлах ангийнхан нь сургуульд орно. Тэгэхээр хамран сургах хүүхдүүдээ элсүүлэхээр жаахан ачаалал нэмэгдэх төлөвтэй. Уг нь, харьяалалын бус хүүхдүүдээ харьяалал руу нь татвал ачаалал буурах төлөвтэй. Гэхдээ яг зааварчилгаа ирээгүй учраас урьдчилж хэлэх зүйл алга. Хавар бүртгэлээ хийж байгаа нь бидний ажлын ачааллыг хөнгөвчлөх байх аа” гэсэн юм.
Ямартай ч, тун удахгүй нийслэлийн Боловсролын газраас зөвлөмж гарсны дагуу цэцэрлэгүүд бүртгэлээ эхлэх гэнэ. Тийм учраас эцэг эхчүүд маань миний хүүхэд бүртгэлээсээ хоцрох вий гэх болгоомжиллоо түр хойш тавьж болох нь. Гэхдээ хүүхдээ зайлшгүй цэцэрлэгт өгөх шаардлагатай тохиолдолд л бүртгэлд хамрагдах хэрэгтэй гэдгийг нийслэлийн Боловсролын газрынхан захиж байна билээ.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан