Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Энхцэцэг: Цалин хангамжийг нь голоод эрэгтэй оюутан элсдэггүй

Энэ жилээс Багшийн их сургуульд элсэгчдэд өндөр шаардлага тавьж эхлэхийн зэрэгцээ өндөр оноотой хүүхдүүд саналаараа элссэн тохиолдолд төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулан “Багш боловсролын шинэчлэл” сэдэвт олон улсын  эрдэм шинжилгээний бага хурлын үеэр МУБИС-ийн Багшийн их сургуулийн захирал, доктор Д.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Ардын хүүхдийг сур­ган хүмүүжүүлэгч, ариун үйлстэн гэгддэг багш нар маань сүүлийн үед шавь­­тайгаа зүй бусаар харилцсан гэсэн мэдээлэл их гарах боллоо. Ёс зүйн талаас нь хэр анхаарч багш нарыг бэлтгэдэг юм бэ?
-Багш бэлтгэх сургууль оюутан элсүүлэхдээ тухайн мэргэжлийн шалгалтын оноог нь харж авдаг.  Яахав, ёс суртахууны хувьд төлөвшөөгүй хүүхэд орж ирэх нь бий. Тиймээс яваандаа багшлах эрхээ авахын тулд сонгон шалгаруулдаг зүйл гарч ирнэ байх. Гол нь, ЕБС-д суралцаж байхаас нь хүүхдийн сурлага хүмүүжилийг анхаарахаас гадна хувь хүн талаас  нь ёс суртахууны зөв хүмүүжилтэй болгон төлөвшүүлэх хэрэгтэй байна. Тэгвэл багш гэлтгүй мэргэжилдээ эзэн болсон хүн чанартай, хүмүүжилтэй хүн аль ч салбарт хэрэгтэй байна шүү дээ. Гэхдээ 100 хувь багшид буруу өгч болохгүй л дээ. Уулын мод урттай богинотой, хүний дотор сайн, муу байдаг учир янз бүр л байх.

-Гэхдээ албаны зарим хүний яриагаар сайн багш бэлтгэхэд дөрвөн жил хан­галтгүй. Эхний нэг жил нь ерөнхий эрдмээ, үлд­сэн гурван жилд үндсэн мэр­гэжлийнхээ хичээлийг үзд­гээс сайн боловсон хү­чин төрөхгүй байгаа гэж шүүмжилдэг?
-Дөрвөн жил хангалттай. Гэхдээ гадаадын Багшийн их сургуулиуд багш нараа магистр зэрэгтэй төгсгөдөг. Хэрвээ энэ жишгээр төгсгөнө гэвэл 4+1 гэсэн шинэ тогтолцоонд шилжинэ гэсэн үг. Энэ талаар яам, агентлагийн удирдлагууд ярилцаж байгаа.

-Бид боловсролын сал­барт шинэчлэл хийе гэж ярьдаг боловч өнөөг хүртэл хуучин арга барилаараа ном хуулуулах төдийхнөөр хи­чээлээ заасаар байна. Учир нь, хүүхдүүдэд хичээ­лээ сонир­холтой заахад багш хүний бүтээлч сэтгэл­гээ их чухал байх?
-Заах арга зүйгээ өөрчлөх цаг болжээ гэж их ярьж байгаа ч, амьдрал дээр төдийлэн хэрэгжиж чадахгүй байна. Гэх­дээ өнөөдөр багш ангид сууж буй  хүүхдийн 80,90 хувийнх нь анхаарлыг татахын тулд яах аргагүй хичээлээ сонирхолтой заахаас өөр аргагүй. Хүүхдүүд шаардаад байна шүү дээ. Энэ талаархи ажлууд алхам алхамаар хийгдэж буй. Хийгээгүй биш хийж бай­гаа. Тухайлбал, мэргэжил дээшлүүлэх сургалтад багш нар их хамрагддаг. Заах арга зүйгээ сайжруулахаас гадна хи­чээлээ юунаас эхэлбэл хүүх­дүүд дуртай байх вэ гэх мэт зарим зүйлийг харилцан ярьдаг юм. Нөгөөтэйгүүр, яам­наас багш бэлтгэхдээ дад­лага талаас нь их анхаарч буй.  Дөрвөн жил суралцах хуга­цаанд нь багшлах дадлага хийл­­гэх нь зөв гэж ярьж байна л даа.

-Багшийн сургуульд су­рал­цагсдын дийлэнх нь охид байдаг. Эрэгтэй хүүхдийг сургах талаар анхаарч ямар ажил хийж байна вэ?
-Ерөнхийдөө ЕБС-ийн системд жендерийн байдал алдагдчихсан. Эмэгтэй багш олонхи болчихсон. ЕБС-д багшилж буй багшийн бараг л 80-90 хувь нь эмэгтэй. Манай сургуульд 1700 гаруй оюутан суралцдаг байлаа гэ­хэд гурван хувь нь л эрэгтэй байх жишээтэй. Тэгэхээр ирэх хичээлийн жилд эрэгтэй оюутнуудыг түлхүү суралцуулах зорилгоор бодлогын зарим арга хэмжээ авахаар ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, элсэл­тийн шалгалтад өндөр оноо авсан, багшлах сургуульд орсон оюутанд тэтгэлэг өгөх талаар ярьж байна. Манай сургуульд элсэх оюутны тоо буураагүй. Гол нь, эрэгтэй оюутан цөөхөн элсэн суралцдаг нь цалин, ахуй хангамж нь бага байдгаас ар гэрээ тэжээх үүрэгтэй эрчүүд маань багш гэхээсээ өөр мэргэжил сонгодог байх гэж би хувьдаа боддог. Цалин, нийгмийн асуудлыг нь анхаардаг болбол хөвгүүд багшийн мэргэжил сонгодог болно.

-Өнөөгийн байдлаар бо­ловсролын системд багш­­­­­­лах боловсон хүчин хангалттай юу. Эсвэл дутаж байна уу?
-Манай сургуулийн хувьд тусгай хэрэгцээт боловсролыг бэлтгэх төлөвлөгөөт ажил явж байгаа. Дээр үед Орост бэлтгэгдсэн согог зүйч багш нар маань одоо өндөр настай болчихсон, залгамж халаа нь үгүйлэгдэж байна. Уг нь, мэргэжлийн бус хүмүүсийг бэлт­гэдэг ч үр дүн муу байна гэдэг. Нөгөөтэйгүүр, бага ан­гийн багш эрэлттэй байх шиг байна. Багшийн их сургууль өөр мэргэжлийн багшийг нэг жил сурган бага ангийн баг­шаар төгсгөдөг ангитай. Мэргэжлээрээ ажиллах гэхээр орон тоо алга, дахиж сурч бага ангийн багш болъё гэсэн уран зохиол, монгол хэл, түүх, нийгмийн ухааны багш нар их ирдэг. Тэгэхээр бага ангийн багшийн орон тоо байсаар байна гэсэн үг.

-Гэхдээ энэ салбарын ажиллах хүчний судалгаа гэж гардаггүй юм уу. Тухайл­­бал, энэ жил уран зохиолын багш хангалттай байлаа гэхэд ирэх гурав, дөрвөн жилд дутагдах нь гээд элсэх оюутныхаа тоог нэмдэг ч юм уу?
-Судалгааны үндсэн дээр ярих ёстой л доо. Яг одоогоор хөдөлмөрийн зах зээлийн цонх үе хэзээ ирэх вэ гээд салбар бүрээр нь судалгаа гаргадаг байгууллага гэж алга. Манайх энэ жил тэдэн оюутан элсүүлэх боломжтой гэсэн тооцооллоороо л оюутан элсүүлдэг.

0 Сэтгэгдэл
doromj ugeer haritsdag bagsh nartai zarim ni lda
gol ni bagsh nariinhaa yos zuid anhaarmaar ym aa.oyutnuudaa hamaagui uger doromjilj, gutaaj baidag sht.uram ugnu gj er bhku.bagsh hun iim tiim bh yostoi gj zaadag hernee uursduu buruu ulger duurial uzuuldeg
Хамгийн их уншсан