Нийслэлийн хэмжээний цэцэрлэг ЕБС-иуд 2013-2014 оны хичээлийн жилд зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдээ авахаар болсон. Үүнтэй холбоотой ойлголтын зөрүү ч гарах болжээ. Хамран сургах тойрог тогтоосноор хуучин явж байсан хүүхдүүдийг гаргах гээд байна гэсэн асуудал цэцэрлэгүүд дээр гарч байгаа юм. Зарим эцэг эх манайх хамран сургах тойрогт ороогүй болохоор манай хүүхдэд элсэх сургууль алга гэж гомдоллож ч байна. Тиймээс эцэг эхчүүдэд хэрэгтэй сэдэв болсон сургууль, цэцэрлэгийн элсэлт тойрсон асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганатай ярилцлаа.
-Хамран сургах тойрог тогтоочихоор сургууль цэцэрлэгүүд хөдөлгөөнд орох нь. Энд тэнд сурдаг хүүхдүүдээ тойргийнх нь сургууль руу заавал шилжүүлэх юм уу гэж асуух багш, эцэг эх олон байна. Хамран сургах тойрог бүх насны ангиудад хамаатай юм уу?
-Хамран сургах тойргийг Нийслэлийн ЕБС болон цэцэрлэгүүдийн хувьд шинэчлэн тогтоосон. Учир нь шинээр баригдсан орон сууцнууд болон зарим хорооны хэсэг, гудамж хамран сурах тойроггүй байна. Мөн сургууль цэцэрлэгүүдийн ачааллыг тэнцүүлэх зорилгоор шинэчлэн тогтоосон. Хамран сургах тойрогтогтоосныг зарим нэг сургууль, цэцэрлэгүүд буруу ойлгосон шиг байна. Ялангуяа цэцэрлэг дээр ийм асуудал гарчсаныг бид таслан зогсоосон. Хамран сургах тойрог зөвхөн шинээр элсч байгаа хүүхдүүдэд хамаатай. Тэрнээс өнөөдөр цэцэрлэг, сургуульд хүмүүжиж, сурч байгаа хүүхдүүдэд хамаарахгүй. Одоо суралцаж байгаа хүүхэд нь хамран сургах тойргийн бус байсан ч гэсэн дараагийн хичээлийн жилд явж байсан сургууль,цэцэрлэгтээ л үргэлжлүүлээд сураад явна.
-Ер нь энэ жил хэчнээн хүүхэд шинээр сургуульд элсч байгаа юм бэ?
-22 мянга гаруй хүүхэд сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцана. Өмнөх жилүүдийнхээс 3000-аар өссөн тоо. Учир нь төрөлт их байсан гэгддэг одоогоос зургаан жилийн өмнөх алтан гахай жилд төрсөн хүүхдүүд сургуульд орж байгаа.
-Нэгдүгээр ангийн элсэлт жигдэрч байх шиг байна. Гэхдээ зарим эцэг эх хүссэн сургуульдаа хүүхдээ сургахыг боомиллоо, зөвхөн хамран сургах тойрогт сургах тойрог хүүхдээ өг гэлээ гээд нэлээн ууртай, бүр Засгийн газрын 11-11 төвийн утсанд хүртэл хандаж гомдлоо илэрхийлсэн байна?
-Энэ жил нэгдүгээр ангийн элсэлтийг тавдугаар сарын 1-15-ны хооронд төрийн, төрийн бус сургууль гэсэн ялгаагүйгээр нэгэн зэрэг зохион байгуулж байна. Нийслэлийн сургуулиудын барилгын хүчин чадлын ашиглалтын коэффициент 1.6 байгаа. Өөрөөр хэлбэл 100 хүүхэд сурах сургууль дээр 160 хүүхэд сурч байгаа гэсэн үг. Төвийн нэлээн олон сургууль дээр ялангуяа 1, 23 дугаар сургууль дээр анги дүүргэлт 52 хүртэл байна. 17 сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Тойргийн бус хүүхдүүд авдаг нь гурван ээлжээр хичээллэх гол шалтгаан. Нэгэнт сургуулиудын хүчин чадал хүрэхгүй байгаа болохоорхамран сургах тойргийг хатуу тогтоосон. Тухайн сургууль зөвхөн шинээр элсэлт авахдаа зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг авна. Ингэж сургуулиудын хүчин чадлыг тэнцүүлэх зайлшгүй шаардлагатай байна.Үүнийг эцэг эхчүүд сайн ойлгохгүйгээр би дуртай сургуульдаа хүүхдээ сургах эрхтэй гэсэн асуудлыг тавьдаг.
-Манайх Яармагт амьдардаг байя гэж бодъё. Гэсэн ч би хүүхдээ хотын төвийн, сургалт арай гайгүй гэсэн сургуульд сургамаар байна шүү дээ. 23 дугаар сургуульд ч юм уу 84 дүгээр сургуульд. Ийм хүсэлтэй эцэг эхийн хүслийг харгалзан үзэх ямар нэг зохицуулалт бий юү?
-Боломжгүй. Сургууль, цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн хүүхдүүдээ л элсүүл гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Олон эцэг эх хүүхдээ нэгдүгээр сургууль, тавдугаар, 84 дүгээр, 14 дүгээр, 33 дугаар гэсэн сургалт нь сайн гэгддэг сургуульд сургамаар байна гэдэг. Мэдээж энэ зөв л дөө, хэн ч гэсэн хүүхдээ аль сайн сургуульд сургаж, боловсрол, мэдлэгтэй болгохыг хүснэ. Гэхдээ НБГ-аас бүх сургуулийн сургалтыг сайжруулах бодлого барьж байгаа. Сайн сургууль гээд хэдэн сургууль байдаг, бусад нь хотын захын ч юм уу, сургалт муутай гэдэг яриа, ялгааг арилгах чиглэлээр ажиллаж байна. Тэрнээс цөөхөн хэдэн сургууль нь сайн байдаг. Тэдгээр рүү нь эцэг эхчүүд хүүхдүүдээ өгөхийг хичээдэг. Үүнээс болоод хэт ачаалал үүсдэг хандлагаас татгалзаж байгаа. Ялангуяа бага боловсрол дээр анхаарч байгаа. Энэ жил дөрвөн сургууль дээр хүүхэд бүрийг хөгжүүлдэг туршлагыг туршилтаар нэвтрүүлсэн. Ирэх жил ийм сургуулийн тоо 10-20 болно. Мөн бага ангийн багш нарыг чанартай бэлтгэхэд анхаарч байна. Хамран сургах тойргийг тогтоож байгаагийн бас нэг шалтгаан хүүхдийг аль болохоор гэрийн ойр сургах бодлогод нийцүүлж байгаа юм. Хаа байсан хотын зүүн, баруун захаас хотын төв ордог хүүхдүүд бий шүү дэ. Тэдгээр хүүхдүүд хичнээн цаг автобусанд явах вэ, дээр нь автобусны мөнгө төлнө, хол газар явж сургуульд хүрнэ гэдэг бас эрсдэл дагуулна. Бид болохоор хүүхэд 500 метр дотор гүйгээд л сургуульдаа хүрчихдэг болгох гээд байгаа юм. Автобус машины тусламжгүй. Хол газар хүүхэд өдөр бүр явна гэдэг наанадаж ядрана, залхана. Хичээлдээ дургүй болно. Өвөл бол бүр чанга. Хол хичээлд сууж замд явахын оронд гэртээ суугаад хичээлээ давтах нь илүү үр дүнтэй гэж тооцоод байгаа юм.
-Яригдаад байгаа 80 бага сургуулийг барьчихвал ингэж хамран сургах тойрог ч тогтоох хэрэг байхгүй. Сургуулиуд хангалттай хүрнэ биз дээ?
-80 бага сургуулийн байршил нь батлагдсан. Одоо санхүүжилтийн асуудал байна. Мэдээж бага сургуулиудыг олон барьснаар одоогийн сургуулиудын ачаалал буурна. Тухайлбал зарим сургуулийн ачаалал 54 хувь хүртэл буурахаар байна. Харин энэ жил таван сургууль, хоёр л цэцэрлэг ашиглалтад орохоор байгаа.
-Хамран сургах тойрог тогтоочихоор анги дүүргэлт хэр байх бол. Ийм судалгаа хийсэн үү?
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд бага сургуулиудын анги дүүргэлт 30.8 хувьтай байгаа. Харин эрэлттэй найман сургуулийн анги дүүргэлт 52 хүртэл байна. Эдгээр сургуулиуд зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг авна гэвэл 50 хүрэхгүй. Анги дүүргэлт хэвийн хэмжээнд байх бололцоотой байгаа юм. Сайдын тушаалаар бол нэг ангид 30-35 хүүхэд сурах нормтой. Эцэг эхчүүд хамран сургах тойргийнхоо сургуульд л хүүхдээ сургавал энэ хэмжээнд барих боломжтой.
-Хотын төв ч яах вэ, болно. Хотын зах руугаа, сайн муу нь ялгаагүй, сургууль болгонд шахуу гурвалж сууж байгаа. Ялангуяа Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын дундахь сургуульд нэг ширээнд гурваараа сууж байгаа олон анги байна. Хамран сургах тойрог тогтоочихоор эдгээр сургуулийн ачаалал буурах уу?
-Үнэхээр Сонгинохайрхан дүүргийн оршин суугчид их байгаа болохоор СХД-ийн 65, 67, 105, 104 гэх мэт зургаан сургууль зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг аваад гурван ээлжээр хичээллэх болчихоод байна. Гурваар суулаа гээд хүүхэд сургуульгүй орхиж болохгүй. Бид нэгдүгээр ангид элсч байгаа хүүхдүүдийг заавал авна. Үнэхээр сургуульгүй хаягдчих гээд байгаа хүүхэд байвал тухайн дүүргийнхээ элсэлтийн комисст хандаач ээ, шаардагатай бол манай Боловсролын газарт ч хандсан болно гэж хэлмээр байна.
-Хавар элсэлт зохион байгуулахаар намар нь бас элсүүлье гэсэн асуудал гардаг. Ялангуяа цэцэрлэг дээр. Зун нь шилжээд ирсэн ч юм уу асуудалтай айл нэгээр тогтохгүй нэлээн хэд бий дээ...
-Намар элсэлт авахгүй. Хавар элсэлт зохион байгуулж байгаа гурван учир шалтгаан байна. Сургуулиуд хүүхдийнхээ тоогоор санхүүждэг. Тэгэхээр бид хавар элсэлтээ зохион байгуулаад хүүхдийнхээ тоог гаргачихаар санхүүгийнхээ тооцоог давхар хийчих гээд байгаа юм. Энэ хэрээрээ 2014 оны төсөвт хэдэн төгрөг суулгахаа төлөвлөчихнө. Мөн хүүхдийн дүрэмт хувцас, сурах бичгийн асуудлыг сургуулиар нь дамжуулж зохион байгуулна. Бага сургуулийн хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс эхэлж нэгдсэн дүрэмт хувцастай болно. Дүрэмт хувцасны захиалгыг сургуулиар нь дамжуулж авч байгаа. Ийм болохоор хүүхдийн тоо гарсан байх учиртай байгаа юм.
-Цэцэрлэгийн бүртгэл одоо хүртэл хийгээгүй байгаа. Уг нь хавар бүртгэнэ гэж зарласан. Ямар журмаар хэзээ бүртгэх юм бэ?
-Саяхан БШУ-ны сайдын албан даалгавар гарсан. Цэцэрлэгийн хүүхдүүдийг тавдугаар сард багтааж бүртгэ гэсэн. Цэцэрлэг дээр ч гэсэн бид хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон байгаа. Цэцэрлэгийн хувьд эцэг эхчүүд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Нэгдүгээр ангийн хүүхдийг бид нэг ч хүүхэд үлдээлгүй бүртгэж сургуульд сургах бүрэн бололцоотой. Харин цэцэрлэгийн барилгын хүчин чадлыг 1.5-2 дахин нэмэгдүүлж байгаа хэрнээ авах ёстой хүүхдийнхээ дөнгөж 60 хувийг хамруулж чадаж байгаа. Өөрөөр хэлбэл 100 хүүхдээс 40 хүүхдийг авах ямар ч боломж бололцоо байхгүй. Байдал ийм байгаа болохоор тухайн цэцэрлэгт хамран сургах тойргоос явбал зохих хэдэн хүүхэд байна, хэдэн хүүхэд авах хүчин чадалтай юм, давуулж авбал хэд хүргэх бололцоотой юм гэхчлэн судалгааг гаргаад дуусч байна. Нэгтгээд дууссаны дараагаар бүртгэлийн асуудлаа шийдэх нэгдсэн зөвлөмж гаргана. Үүн дээр зориуд хэлэхэд нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн элсэлтийн зөвлөмж гаргатал нэг ч цэцэрлэг бүртгэл хийхгүй. Тийм учраас эцэг эхчүүд минь тайван байж болно.
-Тухайн цэцэрлэг авах ёстой хүүхдийнхээ 60 хувийг авна гэхээр бас асуудал гарах нь ээ. Хэний хүүхдийг аваад, хэнийхийг авдаггүй юм гээд. Дээр нь цэцэрлэгийн эрхлэгчдийн гарыг хүндрүүлж хүүхдээ өгөх оролдлого ч хийж болох юм байна?
-Цэцэрлэгийн хамран сургах тойргийн хүүхдүүдийн тоог хороодын засаг дарга, нийгмийн ажилтнуудтай хамтарч маш нарийн гаргаж байна. Хорооноос нарийн тоо авсан цэцэрлэгүүд өөрийн гэсэн элсэлтийн бодлого гаргах юм. Тэртээ тэргүй цэцэрлэгүүдийн хүчин чадал хүрэхгүй байгаа учраас ямар хүүхдийг яаж авах вэ гэдэг бодлогоо тодорхойлно. Хэрвээ та гэртээ хүүхдээ харах бүрэн боломжтой бол заавал цэцэрлэгт өгөх шаардлагагүй шүү дээ. Энэ мэтчилэн гэртээ үнэхээр эзэнгүй хаягдчих гээд байгаа хүүхдүүдийн судалгааг хийж авна гэсэн үг. Эцэг эхчүүд гомдол санал мэдээж хэлнэ. Гэхдээ байдал ийм байхад хамгийн боломжит аргаар нь зохицуулахыг хаа хаанаа хичээж байна. Харин НБГ-аас дараа жил нь сургуульд орох таван настнуудыг заавал ав гэсэн зөвлөмжийг цэцэрлэгүүдэд өгсөн байгаа.
-Цэцэрлэгийн элсэлт болохоор ээж аавууд гадаа нь дугаарлаж хонодог түүх бий. Давтагдах вий дээ?
-Давтуулахгүй байх арга хэмжээг л аль болохоор авч байна. Өмнөх жилүүдэд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн төлөө цэцэрлэгийн гадаа хонож байсан ч тохиолдол бий. Хамран сургах тойргийг нь тогтоогоод, элсэлт авах өдрийг нь товлочихоор арай ч гадаа хонотлоо дугаарлахгүй байх. Дээр нь хүүхдийнх нь шээсний, цагаан хорхойн шинжилгээг эцэг эхчүүдээс нэхдэг байсан. Харин энэ жил энэ шинжилгээнүүдийг нэгдсэн байдлаар зохион байгуулж өгнө. Зардал чирэгдэл гарахгүй.