Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Алтан гахай” жилийнхэн боловсролын тогтолцоог өөрчлөх үү

Дуулиант “алтан гахай” жилд төрсөн хүүхдүүд энэ жил зургаан нас хүрч байна. Мөнгө, олз омгийг бэлгэдсэн “алтан гахай” жилийг бэлгэшээсэн хүмүүс тэр жилдээ багтаж  гэр бүлийнхээ гишүүний тоог нэмсэн. Статистикийнхны судалгаагаар ч гахай жилд өмнөх жилүүдээс олон хүүхэд төрснийг онцолсон удаатай. Тэгвэл тэрхүү дуулиант жилийн хүүхдүүд энэ намар ЕБС-ийн босгыг алхах нь. Сургуулийн захирлууд “алтан гахай” жилтнүүдэд аль болох том ангиа султгаж өгөх зэргээр бэлтгэлээ базаагаад эхэлжээ.

Багш нар олон жил хичээл зүтгэл орсон, хөдөлмөр зарж тохижуулсан ангиа өгөх дургүй байгаа ч “десант” буух  учраас яах аргагүй боллоо гэж байна. 1980-аад оны эхээр төрөлт огцом нэмэгдэж байсан бол дараагийнх нь 2007 оны алтан гахай жил байсан юм.
Жил бүрийн намар хүүхдээ ямар сургуульд оруулах вэ гэсэн эцэг эхчүүд танил талаа эрж, нэг нэгэн рүүгээ утас цохидог. Гэвч энэ асуудал энэ жил бүр ч хурцдах шинжтэй. Урьдчилсан байдлаар нийслэлд 22584 хүүхэд нэгдүгээр ангид элсэх тооцоо гараад байгаа. Энэ нь өнгөрсөн жилээс 3216-аар өссөн гэсэн үг.
Тиймээс нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэг, сургуулийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоож, элсэлтийг зохион байгуулах зөвлөмжийг ерөнхий боловсролын сур­гууль, цэцэрлэгт зориулан гаргасан байна. Мөн хүүхэд авах цохолт хийж өгдөг дарга нарт болоод нийт багш, эцэг эхчүүдэд хандаж уриалга ч хүргүүлээд амжсан.

Тиймдээ ч энэ жилийн бүртгэл намар биш хавар болох нь. Үүний дагуу Ерөнхий боловсролын сургуу­лиуд элсэлтээ энэ сарын 1-15-ны хооронд явуулж байна. Харин цэцэрлэгийн элсэлтийг тавдугаар сарын сүүлийн арав хоногт хийх аж. Ингэснээр БШУЯ-наас нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн албан даалгаврыг зургадугаар сарын 1 гэхэд цэцэрлэгийн элсэлтийн асуудлыг цэгцлэх учиртай гэнэ.  Тэгэхдээ 2013-2014 оны хичээлийн жилд хамран сургах тойргийг хатуу мөрдөж, тухайн сургуулийн хүчин чадал хүрэлцэхгүй байсан ч  харьяаллын хүүхдээ заавал авах ёстой гэж заажээ.

Ингээд бүртгэл хэр явж буйг судлахаар дараахь сургуулиар орлоо. Нийслэлийн хоёрдугаар дунд сургууль бүртгэлээ яг цагтаа буюу энэ сарын 1-нээс эхлүүлсэн ч бүртгүүлэгчдийн идэвх сул байгаа гэнэ. Өчигдрийн байдлаар зөвхөн 100 гаруйхан л элсэгч бүртүүлжээ. “Харьяаллын хүүхэд маань бүртгэлээс хоцорсон ч, намар элсүүлэхээс өөр аргагүй. Тэгэхгүй бол өөр сургууль элсүүлж авахгүй шүү дээ” хэмээн тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Н.Норжмаа ярьсан юм.

Харин хотын захдуу сургуулийн төлөөлөл болгож Баянзүрх дүүргийн харьяа “Амгалан” цогцолбор сургуулиар орлоо. Сургуулийн бүртгэл эхэлсэн тухай зарлал олон удаа гаргаж, сургуулийнхаа хүүхдүүдэд сануулж, захисан учраас дүү нь энэ жил сургуульд орох гэж байгаа нь идэвхтэй бүртгүүлсэн гэнэ. Тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Ш.Отгонцэцэг “Харьяаллын хүүхдүүдээ бүртгэж дуусаад хэдэн бүлэгт хуваахаа шийднэ дээ. Энэ жил өмнөх жилүүдийнхээс олон хүүхэд сургуульд шинээр элсэх учраас одооноос бэлтгэлээ хангаж л байна. Анги танхим хуваарилахаас эхлээд хийх ажил их ” гэлээ.

Мөн энэ жил сургалтын чанар сайтай гэгддэг ачаалал өндөртэй, намар болмогц үнэд ордог сургуулиудын захирлууд гуйлгын хүүхэд авахгүй, зөвхөн хамран сургах тойргийн хүүхдээ авна гэдгээ хэллээ. Захирлуудын хэлж байгаагаар нэг сургуульд 140-өөд багш ажиллагсад байдаг гэвэл 140 хүнээр дамжуулсан гуйлт, хүсэлт ирдэг. Бүгдийнх нь хүслийг биелүүлэх боломжгүй. Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн Ж.Бааст захиралд л гэхэд нэг хичээлийн жилд хүүхэд аваач гэсэн 100 гаруй хүсэлт, цохолт, гуйлт ирдэг гэнэ. Чадан ядан 30-аадыг нь л биелүүлдгээ ний нуугүй хэлсэн юм. Ялангуяа, “дээрээс” цохолттой хүүхэд ирдэг нь ачаалал эрс нэмдэгдүүлдэг гэдгийг учирлаж байсан. Энэ жилээс зөвхөн хамран сургах тойргийн хүүхдээ авах журмаа хатуу мөрдвөл хаа хаанаа ачаалал бага, анги дүүргэлт дунджаар 30-35 байж болох гэнэ. Гэхдээ  элсэлттэй холбоотой нэг хэцүү  асуудал нь чанартай сургалттай, нэр хүндтэй сургуульд хүүхдээ оруулахын тулд эцэг эхчүүд хуурамч бичиг баримт бүрдүүлдэг байна. Тухайн сургуулийн хамран сургах тойргийнх биш ч гэсэн тэр хавьд амьдардаг, ах дүү найз нарынхаа хаяг дээр өрөө хөлсөлдөг гэж гэрээ хийж нотариатаар баталгаажуулчихаар сургуульд авахаас өөр аргагүй болдог гэнэ.  Судлаад үзэхээр нэг өрөө байранд зургаа, долоон хүн амьдардаг болчихдог. Хэрвээ энэ үнэн юм бол хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна шүү дээ гэж СБД-ийн 23 дугаар сургуулийн захирал Ц.Уянга хэлж байлаа.
Мөн энэ жил элсэлтийн хамрах хүрээг тогтоож өгснөөр хандивын асуудал ч цэгцрэх ёстой аж. Өмнө нь, сургуулийн хэн нэгэн хүнээс эцэг эхчүүд сургууль хөгжүүлэх дансны тоог зөвшөөрөлгүй авч, хандив хийчихээд  “Би танай сургуулийн дансанд хандив хийсэн. Манай хүүхдийг элсүүл” хэмээн шахалт үзүүлдэг байсан. Тэгж ирсэн эцэг эхчүүдийн өөдөөс хэлэх үггүй болсон захирлууд арга буюу авдаг байж. Харин энэ удаа харьяалалгүй л бол мөнгө үйлчлэхгүй тогтолцоонд шилжсэн байна. Ингээд сургууль цэцэрлэгүүд хамран сургах тойргийнхоо бүх хүүхдийг авахаар боллоо. Ачаалал өндөр, нэг ширээнд гурваар нь суулгасан ч хамаагүй, ганц ч хүүхдийг үлдээхгүй сургууль, цэцэрлэгт хамруулах ёстой. Энэ талаар гомдол санал эцэг эхэд байвал дүүргийн элсэлтийн комисст хандаж шийдвэрлүүлж болох гэнэ шүү. Бас унасан бөхөд шалтаг мундахгүй гэж элсэлтээр бизнес хийдэг байсан зарим багш, захирал олон шалтаг гаргаж, мөнгө нэхэж болзошгүй учраас эцэг эхчүүд ч гэсэн хугацаанд нь хүүхдээ сургуульд бүртгүүлэх хэрэгтэйг сануулж байна.

0 Сэтгэгдэл
oros -r surguulid xariyalal iin daguu avna gej baina uu.aimaar yumaa
Хамгийн их уншсан