Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх төрийн өмчийн зарим сургалтын байгууллагыг өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Манай улсад төрийн өмчийн 53, хувийн өмчийн 26, нийт 79 боловсрол, сургалтын байгууллага байгаа бөгөөд эдгээрийн 26 нь их, дээд сургуулийн харьяа болон дэргэдэх гэсэн статустай, 17 нь төрийн өмчийн, 9 нь төрийн бус өмчийн хэлбэртэй үйл ажиллагаа явуулж байна.
Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолоор мэргэжлийн боловсрол, сургалтын зарим байгууллагыг их, дээд сургуулийн харьяанд оруулж бүтцийн өөрчлөлт хийсэн ч үйл ажиллагаанд нь хяналт тавих, хариуцлага тооцох боломжгүй, хэрэгжихэд хүндрэлтэй, хууль зөрчигдсөн асуудлууд тулгарсаар байна. Тухайлбал, их, дээд сургуулийн харьяанд байгаа мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад улсын бүртгэлийн гэрчилгээ олгодоггүй учир гадаад харилцаагаа хөгжүүлэх, гадаад дотоодын сонгон шалгаруулалт, төсөл хөтөлбөрт оролцох боломжгүй, мэргэжлийн боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, тэтгэлэг олгоход хүндрэлтэй байдаг байна. Мөн бодлогын өөрчлөлт зайлшгүй хийхийг шаардаж буй өөр нэг асуудал бол сургалтын уян хатан хугацаа юм. Их, дээд сургууль жилд нэг удаа элсэлт, төгсөлт хийдэг нь харьяа мэргэжлийн боловсролын сургуульд богино хугацаанд мэргэжилтэй ажилтан бэлтгэж төгсгөхөд саад болж байна.
Иймд Улаанбаатар хот, Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар аймаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь ШУТИС-ийн харьяа сургалтын байгууллагуудыг бие даасан мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болгон өөрчлөн зохион байгуулахаар тогтлоо. Ингэснээр сургуулиудын удирдлага, зохион байгуулалтын давхардал арилж, шат дамжлагагүй, шуурхай, үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, олон улсын байгууллага, гадаадын төсөл хөтөлбөрт хамрагдах, хөрөнгө оруулалт нэмэгдэх таатай боломж бүрдэж, хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчийн эрэлтэд нийцсэн, уян хатан сургалт явуулах, төгсөгчдийг ажлын байртай болгох боломж өргөжинө гэж үзэж байна.